Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Парламентын доод танхимын дарга бараалхав

2016-04-19 15:17:41

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНЭУ-ын Парламентын доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Энэтхэгийн зочдыг айлчлан ирэхэд ямагт баяртай байдгаа илэрхийлэн тавтай морилохыг урилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгийн зочдыг ирэхэд баяртай байдаг нь учир шалтгаантай гээд “Монгол, Энэтхэг хоёр орон урт удаан хугацааны сайхан харилцаатай явж ирсэн. Соёл, хүмүүс хоорондын болон шашны гээд эрт цагаас олон талын харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлал хийсэн. Одоо та манай улсад айлчлан ирж байна” гэлээ.

Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан хариу хэлэхдээ “Тантай уулзаад би маш их баяртай байна. Миний бие танд бараалхаж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай хоёр орон удаан хугацааны туршид оюун санааны харилцаатай явж ирсэн. Хоёрдугаарт, Монгол бол ардчиллыг тогтоож, батжуулан бэхжүүлж байгаа орон. Үүгээр та бүхнийг маш их хүндэлж бахархаж байдаг юм шүү. Манай хоёр орны дипломат харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд байсан бол өнгөрсөн жилээс энэхүү харилцаа маань стратегийн түншлэлийн түвшинд дэвшиж, бид харилцааныхаа түвшинг ахиулж чадсан.

Манай эрч хүчтэй Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Энэ бол монголчуудад хандах энэтхэгчүүдийн хандлагын илрэл юм. Түүний айлчлалын үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлсэн. Одоо бид харилцааныхаа шинэ шатны хөгжлийг тодорхойлоод явж байна.

Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Энэ нь Монголын дэд бүтэц, соёл болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр болж, бид цаашид хамтдаа дараагийн түвшинд харилцаагаа ахиулахад хувь нэмэр болох зүйл юм. Бидний сайн харилцаа нь хөршийн харилцаа гэж хэлж болохуйц хэмжээний харилцаа юм. Монголчууд биднийг гуравдагч хөрш гэдэг. Газарзүйн байршлын хувьд бол манай хоёр орон олон зуун км-ийн алсад оршдог. Гэхдээ бидний оюун санаа, соёл, боловсролын салбарын харилцаа шууд хиллэж байгаа хөршүүдийн түвшинд байдаг гэж хэлж болно.

Ноён Ц.Элбэгдорж та Монголд ардчиллыг тогтооход хичээнгүйлэн хүчин зүтгэсэн хүн гэдгийг бид бүхэн мэднэ. Энэтхэг бол ардчилсан орон. Ардчиллын өнөөгийн түвшнийг эдийн засаг, дэд бүтэц, бусад салбарын хүрсэн хөгжингүй өндөр түвшинд хамтдаа хүргэх бололцоотой” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь Ардчилал бол хялбар зүйл биш гэдгийг тэмдэглээд Энэтхэг нь ардчиллын хувьд Монголд тохирох сайн түншүүдийн нэг гэдгийг онцлов. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди айлчилж ирэхдээ нэг тэрбум ам.долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр Монгол Улсад зээлүүлэхээр болсон нь үнэхээр сайн мэдээ байсныг дурдлаа. Тэрээр мөн 2009 онд Монгол Төрийн тэргүүнээр анх удаа сонгогдоод анхлан төрийн айлчлал хийсэн орон нь Энэтхэг байсныг тэмдэглэсэн юм.

 


Монгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Парламентын доод танхимын дарга бараалхав  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
31.151.59.xxx [31.151.59.xxx] 2016-04-19 23:13
Amjilt.TS.Elbeg-dorj.tand.Ongorson.hugtsaand.bolon.odoo.hiij.heregjuulj.baigaa.ajild.tan.ulam.ihiig.husen. erooe.Ereh.jildee.Ard.olondoo.hundluulj.javaarai.(HIISEN.YUMTAI.HUN).

Бидэнтэй нэгдээрэй