Шууд Chart

Г.Жаргал: Байгаа орчиндоо л бүрэн байх нь аз жаргал

2016-05-12 16:15:20

Өнөөдөр бидний ярих сэдэв улс төр, сонгууль, эдийн засгийн хүндрэл, төсөв гээд хүрээ өргөн, асуудал том, сэдэв ерөнхий болж. Гэхдээ энэ бүхний цаана би, чи, та гэсэн хувь хүн мөнхөд бий. Тиймээс  хувь хүн, түүний хөгжлийг жаахан ч гэсэн анзаараад үзье. Удирдахуйн ухааны доктор, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн бодлогын судлаач, Удирдлагын академийн менежментийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Гүррагчаагийн Жаргалтай ярилцлаа.

-Монголчууд эртнээс “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн  сургаж ирсэн. Аливаа улс баян чинээлэг, өндөр хөгжилтэй байх нь хувь хүнээс шалтгаална гэдгийг  хэлсэн хэрэг байх. Тэгвэл хувь хүний хөгжил гэж яг юуг хэлээд байна?

-Улс орын хөгжил, орон нутгийн хөгжил, хувь хүний хөгжил, байгууллагын хөгжил гээд  хөгжлийн талаар бид их өргөн ярьдаг. Хүн хөгжиж байж л оршин тогтнохын утга нь болж байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийн төлөө тэмүүлсээр ирсэн. Гэхдээ дэд бүтэц, барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай байгуулсан орныг хөгжсөн орон гэдэггүй л дээ. Харин хүн нь эрүүл, боловсролтой байх, аз жаргалтай байх буюу хүнээ хөгжүүлсэн улс орныг хөгжилтэй орон гэх чиг хандлага руу дэлхий нийт орж байна. Хувь хүн хөгжихийн тулд эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрчлөгдөх хэрэгцээ байна уу гэдгээ олж харах ёстой. Хэрэгцээгээ мэдэрсний дараа таван алхам хийх хэрэгтэй байдаг. Хувь хүн өөрчлөгдөхийн тулд нэгдүгээрт сэтгэлгээ, үзэл бодол, хандлагаа өөрчилнө. Үүнийхээ дараа үг яриа, ойлголтоо өөрчилнө. Хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ нэг ойлголтоор ярьдаг болно. Арга барилаа өөрчилнө. Ямар арга барилаар хийх гэж байна, хийх гэж буй ажлаа урд нь ийм аргаар хийж байсан бол амжилт нь юу байв, яагаад алдав гэдгийг тунгааж барилаа өөрчилнө гэсэн үг.  Арга барил өөрчлөгдөхөөр үйл ажиллагаа өөрчлөгддөг. Хийж буй ажил дэс дараалалтай, үр дүнтэй болно. Хамгийн сүүлд үр дүн, үр дагавар өөрчлөгддөг. Үүнийг товчлоод хэлбэл, сэтгэлгээ, үг яриа, арга барил, үйл ажиллагаа, үр дүн нь хүний сэтгэлгээнд дэс дараалалтай зөв яваад байвал сэтгэлгээ улам тэлдэг. Магадгүй өнөөдөр өөрийнхөө төлөө ажиллаад  амжилтад хүрсэн бол маргааш бусдын төлөө сэтгэж, нөгөөдөр байгууллагынхаа төлөө, түүний дараа улсынхаа төлөө сэтгэдэг болно. Гэвч бид эдгээр өөрчлөлтийг  хийх таван алхмыг алгасаад байгаа юм.

Хүний өдөр тутмын үг хэллэгийг эерэг үг буюу болно, чадна, бүтээнэ, сөрөг үг буюу болохгүй чадахгүй, бүтэхгүй гэх мэтээр ангилдаг. Харин бид бодож үзье, хичээе гэх саарал үгээр буюу дундах үгээр ярих нь их болж л дээ. Бид хичээх гэдэг үгийг ихээр хэрэглэдэг. Гэвч орчин үед хичээнэ гэж хэлчихээд хийхээ больчихсон. Саяхан манай нэг шавь “Ном бичсэн. Багшаа та уншаад өгөөч” гэдэг юм байна. Зав муутай байсан тул дөрөв хонолоо. Гэтэл шавь маань “Багш аа та миний номыг уншсан уу” гэхээр нь хараахан уншаагүй байна,  хичээгээд л байна гэсэнд “тав дахь хуудсыг л ямар ч байсан харчихаарай” гэхээр нь уншлаа. Гэтэл “хичээнэ” гэдэг нь  “золигийн үг” гэж бичсэн байна.  Яагаад? ...  Баавгай аюул тохиолдсон үед бамбаруушаа орхиж явдаггүй биз дээ. Эх нь хичээдэггүй, зүгээр л тэмцдэг. Хичээх гэдэг үг нь өнөөгийн нийгэмд хийх, хийхгүйн  завсар байгаа  нь энэ. Дандаа эерэг үгээр ярьж, сөрөг үгнээс зайлсхийх хэрэгтэй.  Гэхдээ чадахгүй, болохгүй бол түүнийгээ зоригтой хэлье. Амьдралдаа хэдий их саарал үг хэлж байна, түүний ажил амьдрал доошилдог. Харин эерэг үг хэлж байгаа хүний ажил, амьдрал дээшилдэг. Тэгэхээр хүний хөгжил гэдэг нь нэг их том зүйл биш. Ямар үг хэлж, хэрэглэж байна түүнээс үйлдэл нь дагана, үр дүн нь  гарна л гэсэн үг.

Сэтгэлгээ, үг яриа, арга барил гэж байдаг. Нэг жишээ хэлбэл, хоёр лам явж байж. Голын эрэг дээр иртэл нэгэн настай эмэгтэй таараад хүүхдүүдээ гол гаргахад туслаач гэжээ. Нэг лам нь гол  гаргаж өгөхөөс татгалзахад нөгөө нь зөвшөөрдөг. Орой болсон хойно туслаагүй лам нь “Чи эмэгтэй хүн нуруун дээрээ гаргаад яаж байгаа юм” гэтэл залуу лам “Би тэрүүхэн агшинд үүрээд гарчихсан, харин та сэтгэлдээ бодож шаналсаар өдөржин үүрч байна” гэж л дээ. Үүнээс зөв арга барилтай хүн бол нэг хийгээд асуудлыг шийдчихэж байхад нөгөөх нь хийгээгүй, болгоогүйн төлөө байнга шаналчихаж  байна. Тэгэхээр сэтгэлгээ буруу бол үг яриа буруу байдаг. Хувь хүний өөрчлөлт гэдэг нь ийм энгийн зүйлээс л эхэлдэг.

-Дээд боловсрол эзэмшсэн, төрийн албанд ажиллаж байгаа, эсвэл мөнгөтэй бол боломж илүү бий гэж бодох хандлага  ажиглагддаг.  Боломж  ямар  нөхцөлд бий болдог вэ?

-Хийх хүнд боломж их, хийхгүй хүнд шалтаг их гэдэг. Хийхгүй хүн бол улс төр, бизнес, олон улсын байгууллага, магадгүй гадаадад очоод ч ямар ч боломжийг хэрэглэж чадахгүй. Харин хийе гэсэн хүнд асар их боломж байдаг. Өөрийгөө сориод үзье гэж бодвол бизнесийн, хувийн, төрийн бус байгууллага аль ч газар өөрийгөө сорих талбар болж байдаг. Харин төрийн байгууллагын хувьд удирдлага, зохион байгуулах үйл ажиллагаа зэрэг нь “саарал” хэлбэрт орчихоод байна. Залуу хүн бол өөрөө өөртөө ажил бий болгох ёстой. Орчин үед залуус ажлын байр байхгүй гэж ярьж,  гомдоллодог болж. Ажлын байрыг нийгэм бэлтгэдэг юм биш, хүн өөрөө л бий болгодог. Зорилгоо биелүүлэхийн тулд ажил хийдэг байх ёстой. Тэрнээс бэлэн зүйл дээр очиж бууна гэдэг нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгохоос цаашгүй. Залуучууд өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө ажиллах ёстой. Тэгж чадвал ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Өөдрөг хүн бэрхшээлийн цаана байгаа боломж, гэрэл гэгээг олж хардаг. Иймээс урдаа зорилго тавин түүнийхээ төлөө алхах хэрэгтэй байгаа юм. Өнөө үед хүн өөрөө л мэдье, суръя гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зөвлөөд, хэлээд өгөх хүн их болсон. Гэхдээ монгол нутагт монгол хүн л амьдрах учраас монгол хүнээсээ сурах  нь  чухал гэдгийг хэлье. Энэ бол бас л тулгамдсан асуудал.

-Хоёулаа ярилцлагаа жишээн дээр үргэлжлүүлье. Гуч дөхөж яваа Батад ажилд хэрхэн орох,  яаж мөнгөтэй болох вэ гээд олон асуудал тулгамдаж байгаа гэж төсөөлье. Тэгвэл зорилгоо хэрхэн тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хэрхэн урагшлах вэ?

-Юун түрүүн Бат хэн нэгэнтэй ярихдаа хэдэн эерэг, сөрөг, завсрын үг хэлж байна вэ гэдгээ сонсоод тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхээр аль нь илүү давамгайлж байна гэдгээс хамааран Батын хандлага тодорхойлогдоно. Би эерэг үгээр яръя, сөрөг үгийг цөөлье. Чадахгүй, болохгүй гэж шалтаг тоочихоо болъё. Бат өнөөдөр хэлсэн  сөрөг үгээ дараа нь хүнтэй ярих болгондоо санаад дараад, залгиад  байж болно. Үүнийг би удирдах ажилтнууд дээрээ туршиж үзэж байсан л даа. Та нар  найз нөхөд дээрээ ч туршиж болно. Хуучин бид мөнгөөр мөрийцдөг байж. Чи тийм сайн үг хэлэх юм бол би чамд 100 төгрөг, харин муу үг хэлэх юм бол надад 100 төгрөг өгье гэх мэтээр тоглож болно. Халааснаас аяндаа мөнгө унаад ирэхээр тэр үгийг хэлэхээ болъё гэж бодно. Хүний хэл яриа уураг тархи, сэтгэлгээтэй холбоотой учраас би тэгэхгүй л гээд хэлээд хэд хэдэн удаа зөв үгээр ярихад аяндаа таны оюун ухаан ухамсар зөв үйлдэл рүүгээ чиглэдэг. Тэгэхгүй дандаа л зовлон тоочоод,  байхгүй, бүтэхгүйгээр дүүрээд байвал хорвоо ертөнц байхгүй л гэсэн үг. Ер нь нэг талаас нь бодоод үзэхэд хорвоо ертөнц гэдэг өөрөө хоосон, утгагүй юм. Хэн утгатай болгох вэ гэвэл хүн өөрөө л утгатай болгоно. Магадгүй та энэ амьдралд бүхий л телевиз, радиогийн муу мэдээг сонсоод байя. Түүнээс та юу олох вэ. Харин сайн мэдээ сонсоод өөрийгөө сайн юмаар цэнэглээд тэр дотроос боломжийг олж харж байх юм бол та хөгжинө шүү дээ. Өнөөдөр бид маш их өрсөлдөөнтэй цаг үед амьдарч байна. Тэгвэл хувь хүний өрсөлдөх чадвар гэж байна. Дараа нь байгууллагын өрсөлдөх чадвар, дараа нь улс орны өрсөлдөх чадвар гэж бий. Өнөөдөр бид бусад улс орноос нөлөөтэй, хараат байна гэж яриад байна. Энэ чинь манай улсын өрсөлдөх чадвар бага байна гэсэн үг. Манай улсын өрсөлдөх чадвар юугаар хэмжигдэх вэ гэхээр байгууллагуудын өрсөлдөх чадвараар, байгууллагуудын өрсөлдөх чадвар тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн өрсөлдөх чадвараар хэмжигдэнэ. Тэгэхээр хувь хүн ч гэсэн эх орныхоо төлөө гэж хий ярихын оронд миний өрсөлдөх чадвар юу билээ, би өөрийгөө өрсөлдөх чадвартай бүтээлч хүн болгох юм бол улс орныхоо төлөө хувь нэмэр оруулж байна гэж бодох ёстой.

-Эдийн засгийн хүндрэл гэж ярьж байгаа энэ цаг үед боломж, гарц улам л хумигдлаа гэсэн ойлголттой залуус цөөнгүй байж болох юм. Тэгвэл бэрхшээл өөрөө боломж дагуулдаг  гэдэг?

-Манайхан эдийн засгийн хүндрэл, хямрал гэж гурван жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тэр үед би танай нэвтрүүлэгт орохдоо “Энэ бол  эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал” гэж хэлж байснаа санаж байна. Ер нь эдийн засаг өөрөө шууд хямардаг зүйл биш. Тэрийг бий болгож байгаа улс төр, нийгэм, оюун санаа, сэтгэлгээний гурван  үйл ажиллагааны үр дүн л өнөөдөр гарч байна. Тиймээс өнөөдөр сэтгэлгээгээ засах, арга барилаа засах чиг баримжаа барих ёстой. Нөгөө талд нь авч үзэх юм бол хямрал гэдэг зүйл бол зах зээлийн эдийн засагт зайлшгүй байх ёстой. Эрэлт ихэснэ,  эрэлтэд тааруулж нийлүүлэлт хийнэ, нийлүүлэлт дахиад хэтэрнэ. Эрэлт хангагдчихлаа, одоо их нийлүүлсэн зүйлээ яахав  гээд. Эрэлт, нийлүүлэлт нь байнга л уралдаж байдаг учраас хямрал гэдэг мөнхөд оршино. Зах зээлийн эдийн засагт орсон л бол хямралыг магтан дуулаад ч юм уу, айгаад байх зүйл биш. Харин тэр эдийн засгийн эрэлт нь юу байна, нийлүүлэлт нь яаж байна гэдгийг хувь хүн болон удирдах ажилтны хувьд олж хараад түүнд өөрийн үйл ажиллагааг тохируулах л  алхам шүү дээ. Ингэхгүй  бол эдийн засгийн хямрал болгоныг авч яваад байвал хүн ч, улс орон ч гэсэн даахгүй. Эдийн засаг өсөх үед ямар бараа бүтээгдэхүүн хийж хөл нийлүүлэх вэ, уруудах гээд байгаа тэр прогнозыг мэдэж төлөвлөчихөөд өөр үйл ажиллагаа руу хэрхэн шилжих вэ  гэдэг л асуудал.  

Энэ утгаар аваад үзэхэд монгол хүмүүс нийтээрээ сэтгэлгээгээ зөв болгоход аяндаа хямралаас гарна, аяндаа сайхан болно. Өвчтэй хүнийг тарихад өвчин тухайн үед л намдана. Харин цаад урхаг өвчин арилахгүй. Түүнтэй адил эдийн засгийн хямралд гаднаас хөрөнгө оруулаад сайн болгочихъё  гэхэд цаана нь байгаа эдийн засгийн, сэтгэлгээ, удирдлагын аргууд хувь хүн дээр ч гэсэн ялгаагүй бүтээмжийн асуудал дутуу л байвал бид нарт эдийн засгийн хямрал байсаар л байна. Ялангуяа нэгэнт зах зээлийн эдийн засаг руу орсон үед  монгол хүний өнөөгийн хөдөлмөрийн бүтээмж, бид нарын өнөөдрийн цалингийн үнэлэмж хоёрын зөрүү их байна.  Бидний  хөдөлмөрийн бүтээмж ер нь улс орныхоо хэмжээнд маш бага байгаа. Хэр их хэмжээний бүтээмж гаргасан тэр хэмжээний  цалин авах ёстой. Бүтээмж багатай хэрнээ өндөр цалин авах гээд байдаг сонирхол давамгайлаад ирэхээр хямралд орох нөхцөл бий болдог. Тийм учраас нийгмээрээ бүтээмжээ дээшлүүлэх шаардлага ч тулгарч байна. Ер нь монгол хүний бүтээмжийг яаж дээшлүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Энэ  бол хамгийн чухал гарц.

-Хувь хүний бүтээмж гэхээр ганцхан ажил мэргэжлийн хувьд ярих нь өрөөсгөл болов уу. Гэр бүлдээ тухайн өдөр тутмынхаа ажил дээр бүтээмжээ яаж үргэлж тогтмол өсгөж явах ёстой юм бол?

-Улс орны хэмжээний бүтээмж гэж нэг байна. Мөн байгууллагын хэмжээний бүтээмж, хувь хүний бүтээмж гэж байна. Хувь хүний бүтээмжийн хувьд бид чинь биологийн амьтад. Энэ талаас нь аваад үзвэл болжмор маягийн хэвийн хүн, шар шувуу маягийн хүн гэж байна. Болжморыг бид мэднэ шүү дээ. Өглөө босоод цонхоороо харахад болжморууд жив жив дуугараад үүрийн таван жингээр байгальтайгаа харьцдаг. Үүнтэй адил болжмор арга барилтай хүний бүтээмж өглөөний  6-11 цагийн үед  өндөр байдаг. Гэтэл бид тэр бүтээмжтэй үедээ замын бөглөрөлд зогсох, нэг бол унтаад өнгөрөөчихдөг асуудал байна. Шар шувуу бүтээмжтэй хүн гэж байна. Шар шувуу шиг бүх хүмүүсийг унтаад амарсан үед  магадгүй шөнийн нэг, хоёр  цаг хүртэл сууж л  байдаг. Тэр үедээ бүтээмжтэй байх жишээтэй. Ийм хүмүүсийн тун цөөхөн хувь нь өдрийн цагт бүтээмжтэй байдаг.  Гэвч ихэнх нь өдрийн цагаар ажлаа хийх гэж оролддог. Уг нь өглөө байгалиасаа цаанаасаа олгогдсон тэр эрчмийг алдалгүй л ажиллавал бүтээмж их гардаг. Бие организм ядарсан байх үед ажиллаад ямар ч бүтээмж гарахгүй. Үүнээсээ болоод хийж байгаа ажлаасаа залхах, дургүйцэх хандлага их гардаг л даа.

-Өөрийгөө аль цаг хугацаанд бүтээмж өндөртэй ажиллаж байгааг хэрхэн мэдэх вэ?

-Сорил байдаг. Дэлхийн эрдэмтэн, судлаачдын хийсэн өөрийгөө болон дэлхийг таних 30 сорил бий. Тухайн хүний өөрчлөгдөх боломж, зохион байгуулалт, цаг баримтлал, цагийг хэрхэн ашигладаг вэ гээд  олон агуулгатай. Үүгээр үзэж тодорхойлж болно.  Миний номонд бий л дээ.

-Тэгвэл өнөөдөр хүний хөгжлийг яаж дүгнэж, хэмжиж байна. Монголчууд ямар түвшинд,  хаана нь яваа бол?

-25-30 хүртэлх насны залуусын зорилго ахуйн хэмжээнд буюу “би” гэдэг түвшинд байдаг. 30-40 насныхан гэр бүл, орон байр, амьдралаа дээшлүүлэх зорилготой байдаг. Тухайлбал, энэ насныханд  амьдралаа яаж дээшлүүлэх, ажлаа хэрхэн бэхжүүлэх асуудал тулгамдаж эхэлдэг. 40-өөс дээш насны хүмүүсийн зорилго нэлээд дэвшилттэй байдаг. Тэд байгууллагаа хэрхэн удирдах, хөгжүүлэх, улс орондоо хэрхэн сайн зүйл хийх зэргийг боддог. Гэхдээ энэ насныханд балчир сэтгэхүйтэй, “би”-ээрээ  явж байгаа хүмүүс ч бий.  Дэлхийн эрдэмтэн, судлаачдын гаргаж ирснээр хүн бүрт төв байдаг. Хүн бүр гэр бүл, хайр, мөнгө, зарчим, найз нөхөд, шашин, зарчимч байх, би зэрэг төвтэй байдаг байх нь. Зарчимч байх гэдэг нь бусад төвүүдээ хамт авч явж байдаг. Төвгүй хүн нь ийш тийшээ савчиж байдаг. “Би” төвтэй хүмүүсийн хувьд бүх юм надад үйлчлэх ёстой. Би бол хэрэглэгч гэсэн хоосон зүйлд итгэсэн байдаг. Гэвч хэрэглэгч бол хаан гэдэг нь өөр ойлголт шүү дээ. Хэрэглэгчээ дээдэлж байгаа учраас ингэж нэрийдсэнээс биш хаан гээд зарлаад байгаа зүйлгүй. Өөрийгөө их дээгүүр гээд бодсон “би”-чүүд их байна. 30 наснаас дээш “би” төвтэй  байх нь тохиромжгүй.

Монголчууд хэлсэн байдаг шүү дээ. 20 нас хүрэхэд оюуны бяд сууна, 30 нас хүрэхэд биеийн бяд сууна, дөчин нас хүрэхэд бэлийн бяд сууна, тавин нас хүрэхэд түвшин сууна гэж хэлдэг. Тэгтэл 20 нас хүрээд ухаан суугаагүй байх нь ямар байх вэ. Мөн 30 нас хүрчихээд  оюуны ухаан суугаагүй,  50 нас хүрчихээд түвшин суух байтал  мөнгө, мөнгө гээд яваад байвал ямар байх вэ. Олон улсад хүний хөгжлийн индекст урт наслалт, амьжиргааны түвшин  гэсэн хоёр үзүүлэлтийг их хэрэглэж байгаа. Гэхдээ миний бодлоор байгаа агшиндаа бүрэн байх нь их чухал л даа. Жишээ татвал сургалтад сууж байхдаа бие нь энд, оюун ухаан нь өөр газар явдаг хүн олон. Гэвч  аз жаргал гэдэг бол байгаа орчиндоо л бүрэн байх. Хэрхэн  аз жаргалтай байгааг хүн өөрөө л олдог.

-Хүмүүс бусдыг голж өөлөх, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь харж шүүмжлэх нь их болсон юм шиг санагдах юм. Энэ хандлагыг хэрхэн өөрчилж болох вэ?

-Шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Сөрөг мэдээллийг маш их анхаарал хандуулан хүлээж авдаг.  Гэтэл эерэг мэдээллийг тоодоггүй болсон. Энэ нь нийгмийн нэгэн үзэгдэл болоод байна. Хүн эерэг мэдээллээр хэдий чинээ “хооллох” тусам томроод, сөрөг мэдээллээр “хоолловол” жижгэрээд байдаг. Та 35 нас хүртлээ ажиллаад сэтгэлд нийцэхгүй, болохгүй байвал ажлаа солих хэрэгтэй.  Харин  35 нас  хүрээд  ажиллаад бусдыгаа голоод байвал тэдгээрийг  өөрчил. Шүүмжлэх гэж битгий яар. Хэрвээ шүүмжлэхээр сэтгэсэн л бол тухайн зүйлийг хэрхэн өөрчлөн сайжруулах талаарх асуудлыг урьтал болгож бай гэсэн сургамж бий. Унасан зүйлийг аваад тавих хэрэгтэй. Тэрнээс биш унасан байна дээр нь гишгэчих гэсэн сэтгэлгээтэй байж болохгүй. Гэвч бидний сэтгэлгээ үүнээс  эсрэгээрээ болоод байгаа юм.

-Аливаа байгууллагад дөрвөн хүн тутмын нэг нь бүтээмжгүй байдаг гэсэн судалгааны дүн байна лээ.  Тэднийг идэвхжүүлэхийн тулд  бусад нь юу хийж болох вэ?

-Хүн найман цаг ажиллах ёстой гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр энэ хөдөлмөрийн хуваарийг өөрчилж болно. Магадгүй тухайн хүн танай байгууллагад гурван цаг ажиллаад дуусгахаар ажил байхад найман цаг ажиллана гэсэн сэтгэхүйгээр байлгаад байхад тухайн хүн хийх ёстой ажлаа хийчихээд үлдсэн цагт бүтээмжгүй байдаг. Харин тухайн хүнийг тодорхой цагаар гэрээ хийн ажиллуулах юм бол хийх ёстой зүйлээ хийчихээд үлдсэн цагууддаа өөр зүйлийг амжуулж болно. Гэтэл өнөөдөр хүн ажлын найман цагийн дөрөвний нэгийг л ажилдаа зарцуулдаг, бусдыг нь  бэлтгэл ажил, хурал, уулзалт, туслах ажилд зарцуулдаг. Хувь хүн талаас нь байгууллагад ажиллаж буй хүнийг есөн түвшинд авч үздэг. Жишээ нь, цалин хүсэгч, хоосон зүтгэл, хайран авьяас, сайн хэрэгжүүлэгч, алтан дундаж, манлайлагч ажилтан гэх мэт. Тэгэхээр байгууллагын удирдлага нь тухайн ажилтнуудаа судалж, тохирох ажлыг нь даатгах хэрэгтэй.

Болжмор аргатай олон улсууд дунд шар шувуу аргатай хүн ажиллаж чаддаггүй. Мөн олон шар шувуу арга барилтай хүмүүс дунд ганц болжмор ажиллаж чадахгүй. Байгууллагын ажилчдын бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэхээр олонх нь ямар арга барилтай байна гэдгийг судлаад түүндээ тохирсон ажлуудыг даалгах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Г.Жаргал: Байгаа орчиндоо л бүрэн байх нь аз жаргал   
Үзсэн: 3313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-16 17:41
цалин хүсэгч, хоосон зүтгэл, хайран авьяас, сайн хэрэгжүүлэгч, алтан дундаж, манлайлагч ажилтан гэх мэт. манайд ийм хүмүүс олон болохоор хөдөлмөрийн бүтээмж нь тааруу байдаг бхоооо
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-05-14 16:26
"өнөөдөр хүн ажлын найман цагийн дөрөвний нэгийг л ажилдаа зарцуулдаг, бусдыг нь бэлтгэл ажил, хурал, уулзалт, туслах ажилд зарцуулдаг" гэнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-05-14 16:25
Харин ч бүүр хэт ойлгомжтой юм биш үү. Залуус сайн умшмаар юм банйа дөө. Улс төр гэж хийрхэж байхаар өөр өөрсдийнхөө тухай бодож ганц нэг санаа авбал хэрэгтэй л эд банйа.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-13 11:14
Энэ ярилцлагыг ойлгох гэсэн чадсангүй урьд Лениний эх зохиолуудыг мөн уншаад ойлгодоггүй байлаа, ингэж энгийн асуудлыг хүн ойлгохооргүйгээр ярих хэрэг байдаг л юм байхдаа, энэ хүн ярьснаа өөрөө ойлгодог юм болов уу гэж ч бодох юм, иймэрхүү номын хүдэг улс орны хөгжилд ямар нэмэр оруулдаг юм болдоо
139.5.217.xxx [139.5.217.xxx] 2016-05-12 20:40
20 нас хүрэхэд оюуны бяд сууна, 30 нас хүрэхэд биеийн бяд сууна, 40 нас хүрэхэд бэлийн бяд сууна, 50 нас хүрэхэд тавлаг сууна гэж хэлдэг. Тэгтэл 20 нас хүрээд ухаан суугаагүй, 30 нас хүрчихээд бие үлбэгэр, 40 нас хүрчээд гэрээ авч явч чадахгүй, 50 нас хүрчихээд түвшин сууж чадахгүй мөнгө, мөнгө гээд яваад байвал ямар байх вэ.

Бидэнтэй нэгдээрэй