Шууд Chart

АСЕМ-ын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна

2016-05-27 09:16:24

Монгол Улсад ирэх 7 дугаар сарын 15-16-нд зохиогдох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд түүний зохион байгуулалтын асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан нар 5 сарын 26-нд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг хэд хэдэн чиглэлээр бэлтгэл ажил өрнөж байна.

Нэн түрүүнд зочдод анхны сэтгэгдэл төрүүлэх Монгол Улсын үүд хаалга болсон “Чингис хаан” ОУНБ-ын тохижилтын ажилд чухал ач холбогдол өгч, ИНЕГ өөрсдийн төсвийн хөрөнгөөр 21.7 тэрбум төгрөг санхүүжилт хийн, “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын цемент бетон хучилтын 500 метрийн хүчитгэлийн ажил болон агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барих ажлуудыг хийгээд байна. Ингэснээр тус буудал нийт 34 агаарын хөлгийг байршуулах хүчин чадалтай болсон төдийгүй транзит заалыг шинээр ашиглалтад оруулжээ.

1 zurag

Улаанбаатар хотын тохижилтын хүрээнд нийт 13 гудамж, талбайд засвар, тохижилтын ажил хийж байна. Мөн Нийслэлийн захирагчийн албанаас  АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалын хөшөө байгуулахаар ажиллаж байна.

Picture3-tile

 АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох төр, засгийн тэргүүн нарын байрлах “АСЕМ Вилла” хотхоны барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Уг хотхонд ажиллах үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулж, мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Албан ёсны төлөөлөгчид байрлах 40 гаруй түнш зочид буудал бэлтгэлээ ханган захиалгаа аваад эхэлсэн бөгөөд захиалгын нэгдсэн систем бүхий i-Нotel цахим бүртгэл asem11.mn цахим хуудаст байршиж байгаа юм.

12952847_1320973267918640_1841390085_o-tile

Дээд хэмжээний уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж “Нүүдэлчдийн наадам” соёл урлаг, үндэсний спортын арга хэмжээ зохиохоор бэлтгэж байна. Үүний хүрээнд хамгаалалтын бүс дэх камержуулалт  гэрэлтүүлгийг сайжруулах,  наадам болох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км авто зам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах ажил хийж байгаа юм.

Хүний нөөц бэлтгэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яамтай хамтран нийт ажилгүй 800 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулахаас 472 иргэн сургалтыг амжилттай төгсөн “Чадамжийн гэрчилгээ” аваад байна. Тэдгээрийн  80 хувь нь буюу 377  иргэнийг ажлын байранд зуучлаад байгаа юм. Мөн АСЕМ-ын түнш зочид буудлаар сонгогдсон зочид буудлуудын үйлчилгээний 1800 гаруй ажилтнаас 700 ажилтанг сургалтад бүрэн хамруулсан,  үлдсэн 800 ажилтныг хуваарийн дагуу  тавдугаар сарын 30-наас сургалтад хамруулж эхлэх аж.  

Дээд түвшний уулзалтын үеэр “Шангри-Ла” цогцолборт ажиллах Хэвлэлийн төвийн тохижилтын ажил үргэлжилж байна. Уг төвд  гадаад дотоодын 800 орчим  сэтгүүлч ажиллах бөгөөд Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/-тэй хамтран Дээд түвшний уулзалтыг олон улсад шууд дамжуулах, сэтгүүлчдэд шаардлагатай дүрс, зураг түгээх зэрэг ажлыг хариуцах юм.


АСЕМ-ын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй