Шууд Chart

Төрсөн дүүгээ дагуулж яваад бэлгийн хүчирхийллийн золиос болгожээ

2016-05-31 13:36:58

Гудамжинд хараа хяналтгүй өссөн ах, дүү хоёр, дүү охиноо дагуулж явснаас болж  бэлгийн хүчирхийллийн золиос болгосон байна. Бид энэ мэдээллийн дагуу хараа хяналтгүй хэсэг хүүхэд байрлаж байгаа гэх оюутны хотхонд байрлах нэгэн зочид буудалд очсон юм.  Буудлын үйлчлэгчээс нь асууж хүүхдүүдийн байрлаж байгаа өрөөг нь оллоо. Хоёр ор хамаг зайг нь эзэлчихсэн умгар өрөөнд оров уу, үгүй юу өөдөөс архи, тамхины эхүүн үнэр үнэртэж, бидний хайж очсон О гэх охин 10 гаруй насны бололтой хоёр эрэгтэй хүүхэд, 20 гаруй насны нэг залуутай хамт байв. Ор дэр нь хөглөрчихсөн, орных нь доогуур нэг пивоны шил, хэдэн ширхэг тамхины иш харагдана. Энэ бол гудамжны амьдралтай хүүхдүүдийн хамгийн аятайхан хоног төөрүүлэх газар аж. “Өдөр нь гуйлга гуйж олсон мөнгөөрөө буудлын хөлс 20 мянган төгрөгөө төлдөг. Хааяа мөнгөтэй болохоороо л энд ирцгээдэг” гэх хүүхдүүд ийм амьдралыг өөрсдөө хүсээгүй.

Эдгээр хүүхэд эцэг, эхийн хайр халамж гэж мэдэхгүй. Тэд хайр халамж хүсэх ч эрхгүй. Харин ч эсрэгээрээ хатуу чанга гар, хүчирхийлэл, айдас, дарамтнаас зугтаж гудамжинд гарсан. Бидний хайж очсон О гэх охин 18 настай. Анх 7 настайгаасаа дүүгээ дагуулж гудамжинд гарсан байна. Гудамжинд гарсан шалтгаан нь архины хамааралд орсон хойд аавын хэрээс хэтэрсэн дарамт, зодуур, доромжлол байж. Зүрхээ зүсүүлсэн жаахан охин, аюул заналаас зугтах амьтны зөнгөөр жаахан дүүгээ дагуулан гудамжинд гарчээ.

Ингээд л тэнэмэл хүүхдүүдтэй танилцаж эхэлсэн. Тэдний хувьд танилцах гэдэг ойлголт их өөр. Шинэ ирсэн хүүхдийг зодно, гуйлга гуйлгуулна. Дараа нь тамхи соруулж, жаахан том болоод ирэхээр нь архи уулгана. Олон жил гудамжаар тэнэсэн томчууд тэдний гуйлга гуйж олсон мөнгөөр архи авч уух нь ч энгийн үзэгдэл. Өвлийн хүйтэнд хаяг тогтоох төвөөр дамжин халамж асрамжийн төв, зундаа айдас дарамт багатай хүн хоноглож болох ямар л газар байна, тэр болгонд хоног төөрүүлнэ. Энэ л амьдралыг туулсаар эгч, дүү хоёр гудамжны амьдралд арайхийн дасан зохицож эхлэв. Гэвч тэд хааяа төрсөн гэрээ эргэсээр.

Тэдэнд төрүүлсэн ээж нь, бас гэрээс гарахад нь өлгийтэй үлдсэн жаахан дүү нь бий. Эгч, дүү хоёр гэрээсээ зугтсан ч ард үлдсэн дүү нь хойд аавын дарамтнаас салсангүй. Ээж нь өглөө ажилдаа яваад орой ирнэ. Энэ хооронд дүү охин нь сургуульдаа явж, хажуугаар нь бохь, чихэр зарж хойд аавынхаа архины мөнгийг олж өгнө. 10 гаруйхан настай жаахан охин бусдаас ичих ч, үргэлж араас нь дагах хойд аавын хатуу гараас салж чадахгүй. Үүнийг мэдсэн эгч, ах хоёр нь нэг өдөр дүүгээ гудамжинд дагуулж гарсан байна. Гэвч газрын хаанаас гай дайрахыг хэн ч мэдсэнгүй. Хоног төөрүүлэх газар олдохгүй явсан гудамжны хүүхдүүдэд хотын төвийн орон сууцны харуул өөрийн оромжиндоо хамт хоноглохыг зөвшөөрсөн байна. Гэвч хүүхдүүдийг хонуулах шалтгаан нь арван хэдхэн настай охин дүү нь байсныг яахан мэдэх билээ. “Дүүгээ уг нь нэг охинтой голдоо хийгээд унтсан юм. Тэгсэн чинь нөгөө охин нь босоод явчихсан байсан. Би өөрөө нам унтчихсан. Тэгээд л өглөө нь дүүгээ хүчиндүүлснийг мэдсэн” гэж эгч нь хэлсэн. Энэ явдлын дараа эгч нь дүүгээ эмнэлэгт хүргэж өгөөд, цагдаад мэдэгдсэн байна.

Хэдэн өдөр ч гэсэн хүүхдүүдтэйгээ тайван амьдармаар байна

Одоо хамгийн том эгч О нь 18 настай ч өөрөө хүүхэд төрүүлсэн. Хүүхдээ аргагүйн эрхэнд төрсөн ээж, хойд аав дээрээ аваачиж өгсөн байна. Дунд дүү нь бусадтай нийлж хүн зодсон хэргээр “Ганц худаг”-т хоригдож, бэлгийн хүчирхийллийн золиос болсон бага дүү нь одоо ч гэсэн бохь, чихэр зарж аавынхаа архины мөнгийг олж өгсөн хэвээр. Тэднийг төрүүлсэн ээж нь нөхрийнхөө дарамтанд 20-иод жил амьдарч байна. “Архи ууж эхэлснээсээ хойш л ааш зан нь эвдрээд зодож, нүддэг болсон. Яагаад архи ууж байгаа юм бэ гэхээр миний архи уух чамд ямар хамаатай юм гэдэг. Ажил хий гэхээр хийхгүй. Эрүүлдээ бол уг нь хүн шиг л байдаг юм” гэж нөхрийнхөө тухай ярих эмэгтэй өнөөг хүртэл эр нөхрийнхөө дарамтанд амьдарсаар. Тэрбээр энэ тухайгаа цагдаад мэдэгдэж байгаагүй. Мэдэгдээд ч нэмэргүй, удахгүй буцаад л ирнэ гэж айдаг байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжсэнээр хүчирхийлэл үйлдсэн хүнд шууд эрүүгийн хэрэг үүсгэхээр хуульчилсан. Энэ эмэгтэйгээс таны нөхөрт хуулийн хариуцлага хүлээлгэвэл яах вэ гэж асуухад “Архины эмчилгээнд л явуулмаар байна. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь /нэг гар нь бүрэн мэдээгүй/ алдчихсан. Би уг нь чадах чинээгээрээ л хичээж, гэр орноо аваад явж байгаа. Гэтэл нөхөр маань бага охиноор бохь заруулж, архины мөнгөө олуулж байна. Манай хүний өөрийнх нь л ухамсар. Архины эмчилгээнд л явуулчихмаар байна. Хэдэн өдөр ч гэсэн хүүхдүүдтэйгээ тайван амьдармаар байна” гэсэн юм.

“Энэ бол нэг л гэр бүлийн жишээ. Нийслэлд яг ийм гэр бүлийн хүчирхийлэл, хойд эцэг, эхийн зодуур, дарамт эсвэл өнчин өрөөсөн байдлаасаа болж гудамжинд гарсан 80 орчим хүүхэд байна гэсэн судалгаа байдаг. Хамгийн гол нь үүнд хүүхдүүдийн буруу гэж огтхон ч байхгүй. Хүүхдүүд тэнэгтээ биш, муухайдаа биш, мунхагтаа биш зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл, ар гэрийн байдлаас үүдэж гудамжинд гарсан. Тэд гудамжны амьдралаас болж нийгэмшиж чадахгүй, архи,  тамхинд донтдог. Зарим хүүхэд нь томчуудын өмнөөс гуйлга гуйж, хамт хоноглох зэргээр амьдралаа залгуулж байна. Иймээс хараа хяналтгүй хүүхдүүдтэй удаан хугацааны турш ажиллаж, тэднийг нийгэмшүүлэх чиглэлээр дорвитой ажил хийх хэрэгтэй” гэж “Сайн ирээдүйн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн н.Солонго ярьсан юм.

Хараа хяналтгүй хүүхдүүдийг байлгах газар олддоггүй

Тэгвэл манай улсын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Нэг гэр бүлийн амьдралыг дарамт хүчирхийллээс салгаж, ядаж нэг хүүхдийн амьдралыг ингэж өөрчилсөн, нийгэмшүүлсэн гэх баримт, мэдээлэл байна уу. Бид энэ асуултыг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн н.Оюунтуяад тавихад “Ер нь манай төв хүүхэд болгонтой тулж ажиллах зардал мөнгө багатай байдаг” гэсэн тайлбар хэлсэн. Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн Ахлах байцаагч н.Золжаргал “Яг үнэндээ төрийн байгууллагуудад хүүхдүүдийг нийгэмшүүлж, зөв замд нь оруулах нь бүү хэл, түр байлгах газар ч олдохгүй байна. Хуучин хаяг тогтоох төв гэж байсныг татан буулгасан. Иргэдийн гомдлын дагуу хүүхэд хүлээж авлаа гэхэд аваачих газар олдохоо больчихдог. Халамж, асрамжийн төв, хүүхдийн байгууллагуудад хандаж, бараг гуйхаас наагуур юм болж байж өгдөг. Хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд ажлаа ингэж хиймээргүй байна. Хуулиараа бол хаяг тогтоох төвийг татан буулгаж, хүүхэд хамгаалах байр байгуулах чиг үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газарт шилжүүлсэн” гэж хэллээ.

Хүүхэд хамгаалах байрны асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийтийн түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга н.Азжаргалаас тодруулахад “Хамгаалах байр хүрэлцээ муутай, дутагдалтай байгаа гэдэг нь үнэн. Хүүхдийн төлөө үндэсний газрын хажууд хүүхэд хамгаалах гурван төв байсан. Энэ гурван төвийг Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд шилжүүлсэн. Хамгаалах байр байгуулах бэлтгэл ажил эхэлсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Хүүхэд бүрийг нийгэмшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ гэсэн асуултад “Ирэх 9-р сарын нэгнээс Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд хүүхдийг нийгэмшүүлэх чиглэлийн зардлыг тодорхой тусгахаар заасан” гэсэн тайлбар хэлж  байна. Гэвч одоог хүртэл хараа хяналтгүй хүүхдүүдийг байлгаж, нийгэмшүүлэх газар байхгүй хэвээр байна. “Улсын хэмжээнд эдгээр хүүхдийн төлөө дорвитой шийдвэр гаргах цаг нь болсон. Тэднийг гудамжнаас салгахын тулд эхний ээлжинд байлгах газар хэрэгтэй байна. Бид хүүхдүүдийг яаж байртай болгох, тэднийг яаж нийгэмшүүлэх тухай гарцыг тодорхойлсон. Өнөөдрийг хүртэл бид үүний төлөө явсан ч, төрийн байгууллагууд хүлээж авахгүй байна. Бид хүүхдийн төлөө ямар ч байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн” гэж “Сайн ирээдүйн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн н.Солонго ярьж байна.

Гудамжны амьдралтай хүүхдүүд бусдын өмнөөс гуйлга гуйх, бэлгийн хүчирхийлэлд өртөх зэргээр эрх нь ноцтой зөрчигдсөөр байна. Ирэх 9-р сараас хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бага насны хүүхдээр гуйлга гуйлгаж мөнгө олох зэрэг тохиолдолд шууд хэрэг үүсгэхээр заасан. Гэсэн хэдий ч тухайн гэр бүлийн асуудал бүр дээр тулж ажиллаж, хүүхдийг нийгэмшүүлэх чиглэлээр дорвитой ажил хийхгүй бол хэчнээн хууль батлаад ч гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих явдал төгсгөл болно гэх баталгаа алга гэдгийг судлаачид хэлж байна.

Та хараа хяналтгүй хүүхдүүдэд туслахыг хүсвэл: МҮОНР “Баримт нэвтрүүлгийн баг /321832/, “Сайн ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн Солонгод /99226050/ хандана уу

Нийтэлсэн: Г.Батзаяа

Төрсөн дүүгээ дагуулж яваад бэлгийн хүчирхийллийн золиос болгожээ   
Үзсэн: 5847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.112.xxx] 2016-06-08 22:24
Hetsuu yum aa. Yagaad tur ter hedhen huuhdiin, ter heden ailiin asuudliig shiidej chaddaggui8 arhichin ene terd darluulj bdag bna aa.
Зочин [202.70.34.xxx] 2016-05-31 14:57
аймаар юм бэ

Бидэнтэй нэгдээрэй