Шууд Chart

Д.Хоролбат: Шашнаар дамжин нарийн зохион байгуулалттай бодлого манайд орж ирж байна

2016-06-03 10:21:05

Нийслэлд 2014 онд 10 шахам төрөл, урсгал чиглэлийн 370 гаруй сүм хийд, шашны байгууллага тоолуулжээ. Үүний  28  хувь нь  бурханы,  61 хувь нь христийн сүм байв. Христийн шашны 160-аад сүм нийслэлийн гэр хороололд ажилладаг гэж Статистикийн газрын хоёр жилийн өмнөх мэдээнд өгүүлсэн байна. Эдгээр сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг  өнөөдөр  манайд аймаг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн  дарга буюу бичиг хэрэг эрхлэгч өгсөн хэвээр байгаа юм. Бид “НАМО Будда” төвийн тэргүүн, шашин судлаач, гэвш  Д.Хоролбаттай  Монгол дахь бурханы шашны болоод шашны зарим асуудлаар  ярилцлаа.   

“Бурханы шашны үндсэн үзэл номлолыг нилээд гэгээрч байж ойлгодог. Учир нь энэ шашин хүн төрөлхтний аж төрөхийн гүн ухаан юм” гэж ШУА-ийн Төв судлалын төвийн судлаач доктор Д.Сумъяа хэлж байсан. Тэгвэл бид залуусаа, хойч үеэ үүнд хэрхэн бэлтгэх вэ?

-Төгс амар амгалан байя гэвэл сэтгэл чухал юм. Буддын шашин бол сэтгэлийг амар тайван байлгах арга. Тиймээс барууны судлаачид Буддын шашин бол сэтгэл судлалын шинжлэх ухаан гэж үздэг. Европт сүүлийн жилүүдэд Буддын шашин ихээхэн дэлгэрч байна. Ингэхдээ  оюунлаг хүмүүс бясалгал хийх, сэтгэлээ хэрхэн зөв  байлгах чиглэлээр илүү анхаарч байна. Харин шашин гэдэг талаас нь харвал Бурхан багш эгэл сүсэгтнүүдэд шашнаа номлоод, оюуны өндөрлөгт хүрсэн хүмүүст иогийн бясалгал, гүн ухаан, философи гээд шинжлэх ухаан талын сургаалыг номлосон байдаг. Бид 70 гаруй жил шашин шүтлэгээсээ хөндийрсөн учраас  ахуйн соёлоор дамжигдан хүрч байсан номлол, сургааль, тэр гүн ухааныг мартах шахсан. Жишээ нь, босгон дээр гишгэж болохгүй, хайчны ир дээш харуулдаггүй, гал руугаа элдэв бохир зүйл хийж болохгүй гэсэн бүх зан үйл шашнаар дамжин иргэншчихсэн байсан шүү дээ.

Бидний соёл иргэншил, боловсролын  түвшин өөрчлөгдөж байгаа энэ цаг үед тохирсон шашныг дэлгэрүүлэх шаардлагатай болж байна.  Жишээ нь, барууны оронд  Далай багшийн дэргэд олон жил бясалгал хийсэн Англи хүн Лондонгоос дэлхий даяар сургалт явуулж, бясалгал, номлолоо зааж байна шүү дээ. Бид ч ийм байдал руу орох шаардлагатай болоод байна. Мөн номлол сургаалаа монгол хэлээр, крилл бичгээр  хүргэх шаардлага ч тулгарлаа. Гэхдээ Монголоор орчуулж уншиж хүргэхэд асуудлууд гарч ирнэ. Жишээ нь, Агь тарнийн  ёсны нууцууд болон  Догшин сахиусыг хамаагүй  түгээвэл  гэм болох тал бий. Зарим хүн хошин шог дээр гардаг шиг  их басамжилдаг ч юм уу.   

-Буддын шашны сүсэгтэн олноос өөр шашинд  орох хандлага нэмэгдэж байгааг  судлаачид  хэлж байна. Бид ч эргэн тойрноосоо харж л байна. Хэдийгээр энэ нь хувь хүний эрх ч, уламжлалт шашны хувьд  анхаарахгүй орхих асуудал биш болов уу?

-Таниулгын  ажлуудыг л  их өргөн дэлгэр хийх хэрэгтэй байна. Үүнийг хийхийн тулд уламжлалаа бүрэн дүүрэн таньж мэдэх хэрэгтэй.  Гэтэл бид уламжлал, ёс жаягаа үгүйсгэсэн үзэл суртлын кино, нэвтрүүлгээ үзсэн хэвээрээ л  байна ш дээ.  Гол шашнаа хүндэтгэдэг, улс орныхоо амар тайван байдлыг дээдэлдэг зарим оронд хуучин үзэл суртлын нэвтрүүлэг, киногоо хаадаг.  Харин манайд  яг хэвээрээ байна.  Жишээлбэл нар  хиртэх үед таваг  шаазан хагалж, хүүхэд уйлуулж, нохой зоддог байсны утга учрыг тэртээ тэргүй  шинжлэх ухаан тайлж,  шалтгааныг  нь нотолчихсон. Байгалийн энэ үзэгдлийн үед янз бүрийн соронзон орны гүйдэл хүчтэй болдог учир  дуу дохионы давтамжаар биеэ хамгаалах боломжтойг буддын шашин зан үйлээрээ олонд хүргэж. Түүнээс  ямар нэг амьтан нар,   сарыг залгиж байгаа гэсэн ойлголтоор хийгээд байгаа үйлдэл биш юм шүү дээ. Мөн осол  гэмтэл био хүчнээс их хамаардаг байсныг шашин  зан үйлээрээ дамжуулан хүмүүст хүргэж байж.  Хөдөө малчид дайрлага дайрангуут уурганыхаа  үзүүрээр гортиг татдаг  нь био тогны гүйдэл буюу бурхан шашны хэллэгээр савдгийн гүйдлийг саармагжуулж  байгаа хэрэг.  Мөн зарим нь малынхаа чихийг цуулдаг. Энэ нь эмнэлэг талаасаа сэргээш, шашин талаасаа зан үйл болж байгаа юм. Зарим нь чулуу хооронд нь үрж хамарт нь үнэрлүүлдэг. Гал гаргаж нянгуудыг устгахаас гадна соронзон орны гүйдэлд нөлөөлөл үзүүлж саармагжуулж байгаа арга нь тэр. Ийм байдлаар  хэрэглэж ирсэн  үйл нь  цаанаа гүн ухааны  утга агуулсан байх жишээтэй. Гэтэл түүнийг үзэл сурталжуулж эсрэгээр нь тайлбарлаж сэнхрүүлсэн. Түүнийг өнөөдөр тэр чигээр нь  үзэж, хараад байна ш дээ.

Наад зах нь “Цогт тайж”-аас эхлээд үзэл сурталын олон кино бий.  Энэ бүгд  тархи угаасан зэвсэг болж ашиглагдаад байгаа нь эргээд нийгэмдээ их хор хохиролтой. Тухайлбал,  Энэтхэг улс шашнаасаа болоод үхрийн бөөр мэт  олон хэсэг болж тарсан байдаг. Бирм, Пакистан, Афганистан гээд хичнээн хэсэг болов. Энэтхэгт шашны хямрал сөргөлдөөн гарахаар зөвхөн онцгой байдал зарлаж, хөл хоридог. Өөр ямар ч арга байхгүй. Ийм байдалд хүрэхгүйн тулд бид уламжлалт шашнаа зөв таниулж, үзэл суртлын хүчтэй  зэвсгүүдийг бага ашиглаж, нийгмээ амар тайвнаар авч явах хэрэгтэй байна. Тэртээ тэргүй Америкжих бодлого чинь шашнаар дамжуулж хийгддэг зүйл шүү дээ. Христийн шашин асар их хүчтэй, маш зохион байгуулалттай дэлгэрч байгааг бид бүгд  л харж байна. АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр  манайд энэ чиглэлээр судалгаа явуулдаг.

-Бусад шашин, урсгалууд иргэдийн хэрэглээн дээр тулгуурлаж эд зүйлс, хүнсээр туслах,  сургах гэх зэргээр сүсэгтэн олныг  татаж байна.  Ийм  үйлчилгээг ч  зарим нь  буддын шашин номлогчдоос, сүм хийдээс хүсэх болж?   

-Манай шашны хуулийн зохицуулалт дутуу байна л даа. Монгол Улсын гавьяат хуульч  Б.Чимид агсан захиж хэлж байсан юм.  “Хуулийн 12 эрх зүй манайд бий. 13 дахь нь шашны эрх зүй байх ёстой” гээд “Германд Лалын шашинтан, Христийн шашинтан эмч эдгэхгүй өвчтөнөө юу гэж хэлэхийг хүртэл шашны эрх зүйгээр нь зохицуулсан байдаг. Гэтэл манайд тийм эрх зүй алга. Тиймээс лам хуварга та бүгд санаачлан хийгээрэй. Маш их судалгаа хэрэгтэй шүү”  гэж захиж байлаа. Ийм байдлаар  манайд шашнаар зохицуулах ёстой асуудлыг ардчилал гэдэг далбаан дор орхигдож, өөр орны жишээг  шууд хуулбарлан Үндсэн хуульдаа хүртэл  тусгачихсан  байдаг. Өнөөдрийг  хүртэл шашин, төр хоёр тусдаа явж ирсэн. Уг нь Их  Юань гүрний үед ч тэр  “Төр нь хүнийг гадна талаас нь  хууль эрх зүйгээр засдаг бол шашин хүнийг дотоод мөн чанараар  нь засдаг шувууны хоёр далавч лугаа” гэж үзэж, хандаж ирсэн. Гэвч өнөөдөр хоёр тусдаа явж байна. Төрийн зарим нэг нөхдүүдтэй  уулзаж шашны асуудлыг ярихаар “Наадах чинь бидэнд хамаагүй” гэж ханддаг. Нөгөө талаар гаднаас шашнаар дамжуулан маш нарийн, асар том зохион байгуулалттай бодлого орж ирж байна.

Би тэр  судалгааг нь өөрөө үзэж байсан. Тэд манай хүн амыг хороо хороогоор нь, хүн амын боловсролын түвшин, эрэлт хэрэгцээ, шаардлагаар нь судалж байна ш дээ. Энэ бол асар том гүрний бодлого. Үүнийг  бид сөрж зогсох ёстой.  Бид яагаад хүчин мөхөстөөд байна вэ гэхээр уламжлалт соёл  алга болсонтой  холбоотой гэж боддог юм. Оросын нөлөө хүчтэй байх үед бидний дархлаа болох соёл, уламжлал, шашин шүтлэг устсан. Язгууртнууд давхрагыг хүртэл  устгасан.  Язгууртнууд  чинь манай элит давхарга байсан ш дээ.  

ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн гуай “Цагаан хэрмийн наагуур бид шар хэрэм татсан юм” гэж хэлсэн байдаг. Монголчуудын хагарлын үед Түмдийн  Алтан хаан  Буддын шашныг төрийн зарлиг гарган яаралтай  дэлгэрүүлсэн. Мөн Абтай сайн хаан Төв халхад Буддын шашныг дэлгэрүүлсэн. Баруун Монгол, Буриадууд гээд бүх Монгол Монголыг Монголоор нь авч үлдэх дархлааг шашнаар дамжуулж өгнө” хэмээн үзэж яаралтай түгээн дэлгэрүүлсэн байдаг юм. 

Өнөөдөр сүсэгтэн олон,  сүм хийд,   лам нарын дунд үндэсний бичиг үсэггүйн улмаас соёлын их том орон зай бий болсон. Энэ орон зай дунд гадны шашин оршин тогтнох нөхцөл бий боллоо. Нэг жишэ хэлье л дээ. Японд Христийн ном сургааль, библи тараах үед бүгдээрээ авчихдаг. Дараа нь  ахмад настан нь “Чи бол Япон хүн” гээд  авсан ном товхимлыг нь хураагаад авчихдаг. Америкт  лал, христын гээд аль шашинтан ч бай, “Чи бол Америк иргэн”,  “Америк иргэнийг л бэлд” гэдэг. Гэтэл манайд Монгол иргэн бэлтгэхийг зорьж байна уу. Дандаа л тэнд ч сайхан, энэ орон ч сайхан  гэж Монголоо доош хийж байна.

-Лам бол Монголоор багш гэсэн үг гэдэг. Монголчууд  “Багш дор мөргөмүй, ном дор мөргөмүй” хэмээн багшаа хүндэлдэг. Гэтэл лам нар өөрсдийн нэр хүндийг хугалах үйлдэл гаргаж байгаа талаар шүүмжлэл цөөнгүй. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Хүмүүс шар дээл, орхимжтой л  бол лам гэж ойлгодог. Гэтэл тэдний  хувь хүний жудаг, боловсролын түвшин өөр өөр. 1990-ээд оны үед лам хүн ямар байх ёстойг   биеэрээ үлгэрлэх лам нар хүрээ, сүм хийдэд олон  байлаа. Харин тэдгээр лам нар цагийн эрхээр насан эцэслэж, 10-аад жилийн дараагаас хөдөө орон нутагт  биеэрээ үлгэрлэн сургах  хүмүүс их дутагдсан. Өнөөдөр лам нарыг ихэнхдээ шашны  сургууль, эсвэл Энэтхэгийн  сургалтаар бэлтгэж байна.  Сүсэгтний эрэлт, хэрэгцээ шаардлагад хүрч бэлтгэж чадахгүй байгаа нь үнэн. Жишээ нь, бид хүний сайн, муу явдал зүг гээд зурхайн талын хичээл түлхүү орох хэрэгтэй байж. Гэтэл мэргэ төлгийг тодорхой түвшинд хүрч байж сурах ёстой байдаг. Жишээ нь, есөн жил ном эрдэм үзэж байж мэргэ төлгө сурахыг зөвшөөрдөг. Гэтэл тийм цаг хугацаа байсангүй. Зарим нь зөвхөн уншлагын эрдэмд боловсорсон хүмүүсийг лам гэж хүндэтгээд түүгээрээ бусдыг жишээд байдаг тал ч бий.  Гэтэл Буддын шашны сайн боловсрол олъё гэвэл наад зах нь 15 жил хэрэгтэй.  13 настайгаасаа дагнаад сурлаа гэхэд  бараг 30 нас хүрч байж шашны нэлээд гүн боловсрол эзэмшинэ. Түүний дараагаар бүр нарийн  мэргэшье  гэвэл бараг 40 нас хүрч байж боловсорно. Цаг хугацаа, нийгэм биднийг хүлээхгүй л дээ. Тэгэхээр маш түргэн боловсруулах, сургах сургалтын систем шаардлагатай болж байна.

-Энэ чиглэлээр ажил  эхэлсэн  үү?

-Гандантэгчинлэн  хийдийн  Шашны дээд сургууль мэдээж энэ үүргээ биелүүлж байгаа гэж бодож байна. Гэхдээ бас учир дутагдалтай зүйл бий. Мөн “Зүүн хүрээ” коллеж  байна. Манайхны зарим нь Энэтхэгт очиж сурдаг.  Тэнд доод тал нь 15 жил сурах хэрэгтэй болдог.  Ингэж Буддын гүн ухааныг ойлгож байж хүмүүст шашныхаа зан үйлүүдийг  тайлбарлах  хэрэгтэй болж байгаа юм. Тийм боловсон хүчин дутмаг байгаад байна л даа.

-Ийм шат, дамжлага дамжин сурсан, тийм чадвартай хүн лам болно гэсэн шалгуур өнөөдөр манайд байхгүй гэсэн үг үү?

-Ийм шалгуур хуучин байсан. Одоо бол байхгүй. Өөрөөр хэлбэл, аттестатчилал байхгүй гэсэн үг. Харин  зарим  лам  нар худал  хэлж  хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж,  эд хөрөнгө  завшдаг гэсэн гомдол гарсан учраас цөөхөн аймагт аттестатчилал хийсэн байна лээ. Уг нь Шанзавын яам, Шашны хэрэг эрхлэх газар гэж байхад энэ ажлыг эрхэлдэг байсан. Төр шашин хоёр хоорондоо харилцаж байх байгууллага өнөөдөр хэрэгтэй байна л даа. Төрийн нэг агентлагийн хэмжээний бүтэц хэрэгтэй байгаа юм. Үндсэн хуульд төр, шашин хоёр  тусдаа гээд заачихсан гэсэн үүднээс хайхрахгүй орхиод байна.  Энэ нь уламжлалаа, учир утгаа алдах байдалд хүргээд байгаа юм.

-Танай “Намо Будда” төв бүх уншлагаа монгол хэлээр уншиж байна уу?  

-Манай төв Хүрээ сүм хийдийн өдөр тутмын уншлагыг байнга Монголоор уншдаг. Үүн шиг шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг Монгол хэлээр  уншдаг болгомоор байна. Хүрээ сүм хийдүүдийн хувьд монголоороо номлол сургаалиа айлдахад  цаг хугацаа хэрэгтэй.  “Намо Будда” төв шашны Чогчин сургуулийн уншлага, сургалтыг Монгол хэл дээр явуулдаг болгохоор ажиллаж байна.  Энэ сургууль нь төвд хэл дээр цэвэр уншлагын эрдэмд боловсруулдаг бага сургууль. Ингэж эх хэлээрээ уншдаг  уламжлал манайд  байсан. Бид энэ уламжлалыг өвлөж авснаас гадна цааш нь хөгжүүлэх бүрэн боломжтой.  Уламжлал, ном судар, орчуулга нь байна. Хуучин зохицуулчихсан, эмхэлчихсэн, ая дангаа уншихад бэлэн болчихсон хэвийг аваад  орчуулаагүйг нь орчуулаад хийхэд болно. Нэг ч гэсэн ийм жишиг хийдтэй болъё гэж зорьж байна.  Үүнийг янз бүрээр л хүлээж авч байна.  Жишээ нь, Завхан аймгийн нэг сумын хийд  номлолоо нэг өдөр Төвдөөр, нэг өдөр Монголоор та нарын гаргасан хэлбэрээр уншиж байна гэж байсан. Мөн өөр хэд, хэд  аймгийн сүм хийд “Бид Монголоор номлолоо унших нь  гарцаагүй юм”  гээд санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Манайх ТББ учраас энэ тал дээр судалгааны ажлыг голлон анхаарч байна. Уншлага, зан үйлээ яаж хийх тал дээр эрдмийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музейд үйл ажилагаагаа явуулж байна. Ийм эрхийг Аялал жуулчлалын үндэсний төв  5 жилийн хугацаатай өгсөн.

-Бурханы шашны сүм хийдэд ихэнх засал номыг төлбөртэй уншдаг. Гэтэл гадны  шашин, урсгалууд үнэ төлбөргүй үйлчилдэг. Үүнд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Та ямар тайлбар өгөх вэ?

-Тийм шүү.  Төлбөрийн тухайд сэтгэл зүйн асуудал байгаад байна. Мөн ховор нандин тарниуд бол төлбөртэй байхаас өөр аргагүй. Гэхдээ үүнийг төлбөр гэж үзэх үү, хүмүүсийн өргөл гэх үү. Бас тариф гэж орос үг хэрэглэж байгаа юм. Хэрэв төлбөргүй бол Гандантэгчинлэн хийд ч юм уу, бусад хийд юугаар оршин тогтнох вэ гэдэг асуудал бас бий. Бусад оронд үүнийг хуулиар зохицуулсан байдаг л даа. Жишээ нь, Унгарт хувь хүн цалингийнхаа тодорхой хувийг шашны байгууллага болон өөрийн итгэж биширдэг хүмүүнлэгийн  байгууллагад өгч болдог. Хэрэв энэ мэтчилэн хуулиар зохицуулчихдаг  бол  төлбөр авах шаардлагагүй юм. Ингэхээр хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.  

-Ер нь монгол хүн яагаад Буддын  шашныг  шүтэх ёстой вэ. Буддын шашны гол номлол сургаал нь товчхондоо юу юм бэ?

-Буддын шашин бол монголчуудын хэдэн үе удаа дараалан сонгон авч хэрэглэсэн шашин юм. Их, бага хаадын үед маш олон шалгуур тавьж байж  сонгож авсан шашин. Тэгэхээр бид энэ шалгуурын хэмжээнд дэлгэрүүлэх, таньж мэдэх  хэрэгтэй. Гол номлол сургаал нь зөвхөн хүн биш байгаль дэлхий,  хамаг амьтан, түүний сайн сайхны төлөө байдгаараа бусад шашин номлолоос ялгаатай юм.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Хоролбат: Шашнаар дамжин нарийн зохион байгуулалттай бодлого манайд орж ирж байна  
Үзсэн: 6340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.177.xxx] 2017-06-08 15:21
Харийн шашин шүтэж, учрыг нь мэдэхгүй мухар сүсэгт автаж байхаар эртний сайхан монголчуудынхоо үлгэр тууль ардын аман зохиолыг судлах хэрэгтэй. Товчхондоо бид буддын шашинг биш түвджүүлсэн бурхан нэртэй бугын сүсэгт автаад сүүлийн 200-300жил нар харсангүй . Маргаад яахав түүхээ судлаад үзэхэд харийн шашинд автаад сүйрч байна. Сэргэж сэрэх цаг болсон.Хар тангадын хар тамхинаас салах цаг болсон!!!!!! Лам нэртэй хувалзнуудад аль болгон шимүүлж соруулах вэ? Нийгэмд хэрэггүй шар хувалзнуудаасаа салөх цаг болсон.Ламд итгэж бхйснаас өөртөй итгэ сэрэх сэргэх цаг болсон!!!!!!!!!!!!!!
Зочин [98.233.233.xxx] 2017-06-07 20:46
Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй Түвд ном ерөөсөө наалдаж өгдөггүй. Монголоор, ойлгомжтой байхгүй бол хүмүүс хүлээж авахгүй. Орчин үед хүмүүс мэдээлэлтэй болсон болохоор шашин шүтлэгт хандах хандлага нь тайлбар, мэдээлэлгүй бол урьдынх шиг хоосон дагахгүй. Яагаад босгон дээр гишгэж болохгүй гэх мэтийг орчин үеийн хүнд ойлгохоор тайлбалахгүй бол хэрэгсэх ч үгүй. Лам нар Христийн шашин шиг ядуу дорой хүмүүст сайн дураараа буян хийдэггүй, төлбөр нэхдэг. Ер нь шинэчлэл хийгдэхгүй бол хүчээ авч чадахгүй будаа болно шүү. Барууныхан буддизм шүтдэг болсон гэж байна, тэр хүмүүс дийлэнх нь ахуйн дарамтгүй чинээлэг хүмүүс байдаг юм.
Зочин [103.26.193.xxx] 2017-06-07 07:53
Лам нар сайхан ярьж чаддаг ч, ярьсан шигээ үйлдэддэггүй шүү дээ...Би залуудаа өвчин зовлонд баригдаж лам хараар их л явсан даа...Тусыг олоогүй ,амьдрал сайжраагнүй учир Христийг сонгосон...Залуу эмэгтэйг татаж чангаадаг. Хэн мөнгө их өгсөнд нь үйлчилдэг нь үнэн шүү...
Зочин [37.221.160.xxx] 2016-09-06 10:25
Угаасаа энэ шарын шашин өөрсдөө өнгө мөнгөний шуналаасаа салахгүй бол ард түмэн улам л холдоно. Лам хүн эхнэр авч болдоггүй гэж урд нь сургадаг байсан. Одоо харин эхнэргүй лам гэж бараг байхгүй. Бас байнга охид хүүхнүүд оролдож хэл аманд өртөнө. Хүмүүсийг өнгө мөнгөөр ялгаварлаж хандана. Архидан согтуурна, бурхан тахилаа хулгайлж зарна гээд бүх л муухай юм хийж, наанаа гэгээн дүр эсгэж, цаанаа өнгө мөнгө шохоорхож байна. Ингэхээр яах уу. Хүмүүс туслая гэж гараа сунгаж байгаа хүн рүү л очно.
Зочин [103.229.121.xxx] 2016-06-21 18:51
https://www.facebook.com/VajraSutra/?ref=bookmarks
Зочин [103.57.93.xxx] 2016-06-09 09:58
Би уг нь буддын шашнаа шүтхийг хичээдэг ч ойлголт муу, чаддаггүй. Гэхдээ шарын шашинд орсноос Монгол улс өнөөдрийн ийм буурай байдалд орж бараг мөхөхдөө хүрч байсан үе бий гэдэг бол түүхээр нотлогдсон зүйл шүү. Том лам нар баяжиж хөрөнгө хураагаад байхаар итгэл төрөхөд тун хэцүү, гудамжаар дүүрэн өлөн нойтон хүүхдүүд ядуусыг Христийн хийдүүд хооллож байгаа нь ч үнэн. Хэрэв тэдэнтэй өрсөлдье гэвэл баян лам нар тэднээс илүүгээр эх орон ард түмнээ хайрлаж , хураасан эд хогшлоо зарж ядууст өглөг өгөх хэрэгтэй, тэгээд хажуугаар нь Бурхан багшийн сургаалийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Өөрсдөө баяжиж тарагалаад хүүхэн шуухан татаж чангаагаад , зах зээлийн системээр ажиллаж баяр ёслолоор уншдаг номынхоо үнийг нэмээд байхыг Бурхан багш өөрөө харсан бол юу гэх байсан бол
Зочин [139.5.217.xxx] 2016-06-07 07:14
Gadnii shashin mungu ugch tusaldag saihan l getsgeeh yum. Asuudliin gol n tend baina shuu dee. Henii bodlogoor haanaas tiim ih mungu orj ireed humuusiin suseg bishreliig hudaldaj avaad bainaa? Ter bayan sumuudiin ard tom tom sanhuujuulegchid baidag, ted n shashinaar damjuulj nuluulluu togtoodog. Ene oroldlogiin huleej avdaggui gants uls n Hoid solongos. Africa-n ornuudiig ezlen bayalagiin deeremdehiin umnu ehleed shashinii pastoruudaa ilgeesen baidag. Odoo Africa n olon oron Hristiin shashintai. Mongol bol hussen huseegui heden zuun jil damjaad soyol zanshil, ahuia amidral, undesnii darhlaa n buddhagiin shashintai holbogdson bolohoor ene shashinaa l shutej yavah n ulziitei
Хөх Монгол [202.179.29.xxx] 2016-06-06 23:55
Үнэн шүү
jk [59.153.87.xxx] 2016-06-06 23:32
ta uuruu zuw bai l da huwsgul aimgiin hiidee zuw awch yawaach bodlogoo zuw bariach tanid mungu heregtei bol bidend zuw ervvl shashin heregtei bn ta barilagiin biznestei biz de odoo bolio bitgii nomiin tsarial za
үргэлжлэл [202.9.41.xxx] 2016-06-04 13:25
Монголын хамбууд мөнгө хөрөнгөө булаацалддаг билээ, ер нь энэ ард түмэн маш их мөнгө хандивладаг нь тодорхой тэр хөрөнгийг яаж хуримтлуулж яаж юунд зарцуудаг нь тодорхой бус 1 жишээ Монголд энэ чиглэлээр ганаас нэг онгоц хөдөөгийн ядрасан өвдсөн зовсон ард түмэнд хөнгөлөлттөй үйлчилдэг ажиллаад 16 жил болж байна энэ нь аваар осол, байгалийн гамшгийн үед хөдөөгийнхөнд маш их тус болдог, Монголын шашны төв яагаад энэ ард түмний өглөгийг ийм маягаар өөрсөд нь энэрэнгүйгээр өгч зориулж болохгүй гэж 1 хүн хэдэн мянгаас хэдэн сая төгрөгийн өглөг хандивладаг шүүдээ энэ нь өдөр цаг минут тутамд маш их мөнгө цугларч буй нь ойлгомжтой үүгээрээ энэ үгэгүй ядууст болон хүүхэд залууст өвчин зовлонтой хүмүүст туслах нь буддын шашны номонд харш байдаг юмуу эс бол энэ их хөрөнгийг ард түмэндээ нь өгөхөөс эрхэм хамба болон шашны хуваргууд дургүй байдаг юм болов уу ийм байхад ард олон нь гадны тусламж шашинд автагдалгүй яах вэ дээ тэднээс л тусламж гуйж таарах нь ойлгомжтой.
Зочин [202.9.41.xxx] 2016-06-04 12:46
Тиймээ Монголд шашны урсгал маш их дэлгэч сүм хийдүүд ч маш их баригдаж байна. Монголд хувь хүн ямар шашин шүтэх нь тухайн хувь хүний хувийн хэрэг зүгээр ажиглаад байхад Монголын залуу үе ажилгүйдэл ядууралд автагдсан хүмүүс гадны шашин маш их сонирхож байгаа харагдах юм. Гаднаас Монголд шашины хандивын мөнгө өөрийн төлөөллөөр маш их орж ирж зарим нь Монголын хүүхэд залуучуудад тусламж хэлбэрээр очдог, зарим нэг өвчтөй хүүхдэд тусламжийн гараа сунгадаг, зарим залууст сурах ажил хөдөлмөр эрхлэх зэрэгт тусалдаг энэ бүхэн гадны сүм хийдүүдийн үйл ажиллагаа гэтэл манай өөрийн дотоодод ийм үйл ажиллагаа тун марууханг бид мэднэ Монголчууд зан үйлээ засах үзүүлж харуулах гээд зөндөө л үйлд өдөр бүхэн цаг минут тутамд Монголын ард түмэн шашиндаа мөнгө хандивлдаг тэр мөнгө чухам хичнээн болж хаана юунд зарцуулагддаг нь мэдэгддэгүй зарим хэвлэлд шашны хамбууд мөнгө хөрөнгөө булаацалдаж байна ч гэж бичигдэж байсан гадныхан манай ядууст туслах гэж хүүхдүүдэд гар сунгаж байхад яагаад ...

Бидэнтэй нэгдээрэй