Шууд Chart

АСЕМ-ын Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж, Ерөнхий сайд үг хэллээ

2016-06-10 15:47:56

Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалт  “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг ирэх долоодугаар сарын 15-16-нд зохион байгуулна. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд АСЕМ-ын өнгөрсөн хорин жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, ирээдүйн арван жилийн зураглалыг тодорхойлох ажлын хүрээнд Ази-Европын Парламентийн Түншлэлийн 9 дүгээр уулзалт, Ази-Европын эрдэмтэн судлаачдын яриа хэлэлцээ болон АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг тус тус зохион байгуулаад байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийсэн Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалт ч мөн энэ хүрээнд болж буй юм.  

Эдгээрээс гадна дээд түвшний уулзалтын өмнө Ази-Европ түмний чуулган, Ази-Европын Бизнесийн чуулга уулзалт, залуучуудын АСЕМ-ын загвар чуулган, Ази-Европын Редакторуудын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээ нь АСЕМ-ын үйл явцын ирээдүйн чиг шугамыг гаргахад тус дөхөм болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ уулзалт ч мөн Ази-Европын уялдаа холбоог бэхжүүлэх,  АСЕМ-ын үйл явцын ач холбогдлыг Ази, Европын ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн улам дээшлүүлэх, АСЕМ-ын хүрээнд хэрэгжүүлэх бодит ажлуудыг тодорхойлоход өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах Үндэсний Зөвлөлийн даргын хувьд тус уулзалтын бэлтгэл ажил ид өрнөж байгааг хэллээ.

Дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын Тунхаглал” болон “Даргын Мэдэгдэл” гэсэн хоёр бичиг баримт гарна. Бид АСЕМ-ын түншүүд, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн санал санаачилга, төсөл хөтөлбөрүүд, ололт амжилтыг дүгнэж, ирэх арван жилийн зураглалыг тодорхойлсон товч бөгөөд тодорхой баримт бичиг гаргахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээний арга хэлбэрийг дэмжихийн сацуу тус уулзалтыг бодит үр дүнд хүрэх саналуудыг тусгасан байх бол “Даргын мэдэгдэл” нь АСЕМ-ын Ази-Европын Дээд түвшний уулзалтаар хэлэлцэгдэх нийтлэг ашиг сонирхол бүхий тулгарч буй асуудлуудыг тусгасан баримт бичиг байх юм.

“Ази, Европын тивийн хөгжилд хөтлөх уялдаа холбооны төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн Сангийн сайд нарын уулзалтаар дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн орчны өнөөгийн байдал, ирээдүйн төлөв төдийгүй энэхүү нөхцөл байдал нь хоёр тив, бүс нутагт хэрхэн нөлөөлж буй талаар болон олон улсын ба бүсийн санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн асуудлыг  хэлэлцэнэ.

 Шинээр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь АХБ, ЕХОБ болон бусад олон талт хөгжлийн банкуудын хамт АСЕМ-ын зорилтуудыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.  Европын Тогтвортой байдлын Механизм (ЕТБМ) болон Европын Санхүүгийн Тогтвортой байдлын Сан, олон талт хамтын ажиллагааны Чианг Майнсанаачилга зэрэг бүсийн санхүүгийн механизм хоорондын уялдаа холбоо болоод хамтын ажиллагаа нь АСЕМ-ын хүрээнд болон дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ АСЕМ-ын эдийн засгуудын интеграцчилалыг хөгжүүлэх болон макро-эдийн засгийн сорилтуудыг давах, ирээдүйд гарч болзошгүй хямралын хор уршгийг багасгах чиглэлээр АСЕМ-ын түншүүдийн үүрэг ролийг улам идэвхжүүлэх шаардлагатай байна.

Монгол улс биет болон биет бус уялдаа холбоог дэмждэг. Биет уялдаа холбооны хувьд оновчтой санхүүгийн бодлогоор дамжуулан хоёр тивийн уялдаа холбоог бэхжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх  хурдны зам, өндөр хүчдэлийн шугам, байгалийн хий болон газрын тосны хоолой зэргийг багтаасан бүс нутгийн дэд бүтцийн  зангилаа төв бий болгож болох юм. Монгол улс Ази, Европын хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн гэлээ.

АСЕМ нь өөрийн үндсэн зарчимд тусгагдсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын гурван тулгуурт суурилсан албан бус яриа хэлцээний талбараа хадгалан үлдэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Тиймээс бид АСЕМ-ын эдийн засгийн тулгуурыг идэвхжүүлэх, тухайлбал Ази-Европын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээн зохион явуулах саналыг дэмжиж байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү нь Ази-Европын уялдаа холбооны салшгүй хэсэг байх ёстой.

Ажил эрхлэлтийг дэмжих, ялангуяа залуучуудад зориулан илүү олон ажлын байр бий болгох, хоёр бүс нутгийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь  АСЕМ-ын эдийн засгийн салбарын нэгэн чухал чиглэл байх ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд Сангийн сайд нарын энэ уулзалтаар эдгээр болон цаг үеийн бусад асуудлууд хэлэлцүүлэгт тусгалаа олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

АСЕМ нь Засгийн газруудын санаачилгаар анхлан байгуулагдаж, үйл ажиллагаа нь мөн Засгийн газруудаар зохицуулагддаг. Үүнээс гадна олон төрлийн оролцогч талууд АСЕМ-ын үйл явцыг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тэдний тоо нэмэгдэх төлөвтэй байна. АСЕМ үйл явцын албан бус мөн чанарыг хадгалахын зэрэгцээ АСЕМ-д оролцогчдын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах нь АСЕМ-ын эрхэм зорилгыг биелүүлэхэд тус дөхөм болно гэж тэрээр хэлээд энэхүү уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.


АСЕМ-ын Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж, Ерөнхий сайд үг хэллээ   
Үзсэн: 1669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй