Шууд Chart

Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болно

2016-06-17 13:06:36

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын  дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажил, хэлэлцэх асуудлуудын талаар ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирал М.Цэнгэг, ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа нар зургаадугаар сарын 16-нд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулах асуудал байх юм. Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд зохиогдоно. Мөн Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох аж.

“Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-аас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх долоодугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт тусгах юм.


Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй