Шууд Chart

АСЕМ-ын сайн дурынхны өдрийг тэмдэглэлээ

2016-06-27 08:30:00

АСЕМ-ын Бэлтгэл Ажлын алба, Сайн Дурынхны Штабаас санаачлан АСЕМ-ын “Сайн дурынхны өдөр”-ийг зургаадугаар сарын 24-нд Хан-Уул дүүрэгт байрлах Crocus Event Hall-д тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа олон улсын томоохон үйл явдал болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар бүртгүүлж, зохих сургалтуудад сууж бэлтгэгдсэн 800 орчим оюутан залуусыг танилцуулах, тэдний идэвх санаачилгыг алдаршуулах, АСЕМ-ын ажлын хэсгүүдэд албан ёсоор хүлээлгэн өгөхөд уг арга хэмжээний зорилго оршиж байв.

Энэ үеэр “АСЕМ-ын сайн дурынхан ярьж байна” “АСЕМ-ын сайн дурынхныг алдаршуулах ёслолын ажиллагаа”, “АСЕМ-ын сайн дурынхны үдэшлэг” гэсэн 3 цуврал арга хэмжээ болсон бөгөөд  Ерөнхий сайдын зөвлөх, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны зөвлөх М.Есөнмөнх, Ерөнхийлөгчийн ОНХБ-ын зөвлөх А.Ганбаатар нар лекц уншиж, нэр бүхий зочид төлөөлөгчид олон улсын томоохон арга хэмжээний зохион байгуулалтын туршлагаас хуваалцлаа.

2016 оны 3 дугаар сараас АСЕМ-ын сайн дурынхныг бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд Монголын хүүхдийн ордонд Сайн дурынхны штаб ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурын ажилтан бэлтгэх гурван шатны 36 цагийн сургалт явуулж, тэднийг шуурхай зохион байгуулахын тулд Чингис хааны үеийн цэргийн зохион байгуулалтаас сэдэвлэн “Тавьт”, “Аравт”-ын багт хуваарилан ахлагч нарыг томилж удирдлага, чиглэлээр хангаж ажиллаж байна.


АСЕМ-ын сайн дурынхны өдрийг тэмдэглэлээ  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй