Шууд Chart

Редакторууд “Ази-Европын цахим харилцаа” сэдвээр чуулна

2016-07-02 13:39:39

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг “Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” долоодугаар сарын 7, 8 -нд Улаанбаатар хотноо болно. Уулзалтын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицууулалтын газрын зөвлөх Б.Одонжил, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нар “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар мэдээлэл өглөө.

“Ази-европын цахим харилцаа” сэдвийн дор зохиогдох энэхүү уулзалтад Ази-Европын 20 гаруй орны  нөлөө бүхий 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм. Тухайлбал Английн ВВС–ийн “World 2020” төслийн тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн “Португал Импренто Ассоциац”-ийн ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн “Мондэйл Ньюс”-ын Ерөнхий редактор Жэй Горис, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас ерөнхий редакторууд, ахлах редаторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч зэрэг 30 орчим төлөөлөгч оролцоно.

Уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, Ази Европын Сан, Германы Конрад Аденоур Стифтунг Хэвлэлийн газраас дэмжлэг үзүүлж байна. Энэ удаагийн уулзалт оролцогчдын тоо, цар хүрээгээрээ өмнөх хурлуудын түвшинд зохиогдох төлөвтэй байгаа бөгөөд Ази-Европ хоёр тивийг ойртуулан, ялангуяа сэтгүүл зүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх төдийгүй Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулна  гэж зохион байгуулагчид дүгнэж байна. 


Редакторууд “Ази-Европын цахим харилцаа” сэдвээр чуулна   
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй