Шууд Chart

Сэтгүүлчидтэй ажиллах сайн дурынхан “Хэвлэлийн төв”-тэй танилцана

2016-07-02 13:48:26

АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт зургаадугаар сарын 30-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо. Сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга П.Сайнбилэг удирдан явууллаа.

Тэрбээр “Сайн дурын ажилтнууд бол аливаа олон улсын арга хэмжээний нүүр царай, өнгө төрхийг илтгэж байдаг. Тэр дундаа сэтгүүлчидтэй ажиллах гэдэг маш хариуцлагатай үүрэг. Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар олон улсын нэр хүндтэй 800 гаруй сэтгүүлч манай улсад хүрэлцэн ирнэ. Нэг сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжлага сая сая үзэгчид Монгол Улсын талаарх анхны ойлголтыг хүргэнэ. Иймд Та бүхэн тэдгээр сэтгүүлчтэй хэрхэн харилцах, үйлчлэхээс Монгол Улсын нэр хүнд ихээхэн хамаарах юм” хэмээн онцоллоо.

Сургалтаар сайн дурын ажилтнууд, тэр дундаа олон улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах хүмүүсийн анхаарах зүйл, баримтлах зарчим, эзэмшвэл зохих чадваруудын талаар ерөнхий ойлголт олгож, сэтгүүл зүйн үг хэллэг, дипломат ёс, харилцааны соёл, хувийн бэлтгэлтэй холбоотой заавар зөвлөмж өглөө.

Эдгээр сайн дурын ажилтнууд ирэх долоо хоногт Шангри-Ла дахь гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-тэй танилцах юм.


Сэтгүүлчидтэй ажиллах сайн дурынхан “Хэвлэлийн төв”-тэй танилцана  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй