Шууд Chart

АСЕМ-ын түнш орны залуус Монголд чуулна

2016-07-05 17:22:59

АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуус чуулсан АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо  эхлэх юм. Үүнтэй холбогдуулан тус чуулганы зохион байгуулагч Гадаад хэргийн яам, Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын Чуулган нь энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлсэн байна. Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдаж байгаа талаар Монголын Залуучуудын Холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул, Ази-Европын сангийн Боловсролын газрын  захирал Леони Нагараяан нар мэдээллээ.

Чуулганд оролцогч гадаадын оюутан, залуучуудын олонх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуу бүртгүүлснээс зөвхөн 100 нь шилдгээр тодорч чуулганд оролцох эрхээ олж авсан байна. Эдгээр төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн Монголд ирэх юм байна.

Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан дүгнэлтийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад хүргүүлэх аж. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс 51 орны төлөөлөгч залуучуудад зориулж өөрийн орны соёл, зан заншил, Монгол залуусын орчин үеийн амьдралын хэв маягтай танилцах боломжийг бүрдүүлсэн сонирхолтой хөтөлбөрийг бэлдсэн байна. Тухайлбал, Цонжин болдог руу Чингис Хааны хөшөө дурсгалтай танилцах, наадмын нээлтийн парадад оролцох зэрэг хөтөлбөрүүд багтжээ.

АСЕМ-ын Залуучуудын Чуулганы нээлт 2016 оны долоодугаар сарын 07-ны 09 цагт Улаанбаатар чуулгад болох ба энэхүү түүхэн арга хэмжээнд олон залуусыг хамруулах зорилгоор чуулганы нээлтэд оролцох залуучуудыг өнгөрөгч даваа гарагаас эхлэн нээлттэй бүртгэж байгаа юм байна. Бүртгүүлэхийн тулд өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа division@myf.mn хаягаар ирүүлэхэд болох аж.


АСЕМ-ын түнш орны залуус Монголд чуулна   
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
shavi [150.129.140.xxx] 2016-07-08 23:23
mundag bagsh shu. amjilt husie.

Бидэнтэй нэгдээрэй