Шууд Chart

“Бикини” усны хувцасны анхны загварыг 70 жилийн өмнө бүтээжээ

2016-07-07 17:28:43

Францын загвар зохион бүтээгч Луи Реар бикини хэмээх хоёр бүрдэл хэсэгтэй усны хувцасны загварыг анх зохион бүтээснээс хойш эдүгээ 70 жил өнгөрч байна. Эдүгээ Испанийн алдарт Балеарын арлуудын нэг Маллорка арлын эрэгт өнгөлөг усны хувцсаар гангарсан олон сая жуулчин жил бүр очдог.

70 жилийн хугацаанд усны хувцас эмэгтэйчүүдийн хэрэглээний салшгүй хэсэг болсныг эндээс харж болох юм. 1950-аад онд эмэгтэйчүүдийн хувцаслалт харьцангуй даруу байсан учраас бикини усны хувцсыг олон нийтэд танилцуулахад эмэгтэйчүүдийн биеийг хэт ил гаргасан гэх шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Гэвч тус цаг үеэс хойш бикини хувцас аажмаар алдаршиж, 2012 онд зөвхөн АНУ л гэхэд усны хувцасны борлуулалтаас 8 тэрбум долларын ашиг олжээ.

Одоогоос хоёр жилийн дараа буюу 2018 онд усны хувцасны эрэлт улам нэмэгдэж, АНУ-д энэ салбарын орлого 2012 оныхтой харьцуулахад хоёр  дахин нэмэгдэж, 19 тэрбум доллар хүрэх тооцоо байгаа юм. Бикинигийн загварыг сэдсэн Луи Реар загвар зохион бүтээгчээс гадна авто машины инженерээр ажилладаг байжээ.

Тэрээр 1946 онд олон нийтэд танилцуулж, шуугиан дэгдээсэн эмэгтэй усны хувцасны загвараа тухайн цаг үед атомын бөмбөгийн туршилт болж байсан Бикини шүрэн арлын нэрээр “бикини” гэж нэрлэсэн байна. Хувцас загварын ертөнцөд түүний хүчтэй өрсөлдөгч байсан Жак Эйм дараа онд нь “Атом” гэх нэртэй бикинитэй төстэй усны хувцас урласнаа олон нийтэд мөн танилцуулжээ.

Тус цаг үеэс хойш бикини загвар олон янзаар хувьсан өөрчлөгдөж, нэг бүрдэл хэсэгтэй Юникини, илүү задгай загварын Микрокини, мөн исламын шашинт эмэгтэйчүүдэд зориулан бүтэн бие халхалсан Буркини зэрэг шинэ төрлийн бикининүүд бүтээгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Бикини” усны хувцасны анхны загварыг 70 жилийн өмнө бүтээжээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй