Шууд Chart

Египетийн нийслэлд завин таксины үйлчилгээ нэвтэрлээ

2016-07-08 08:00:00

Египетийн нийслэл Каир хотноо нийтийн тээврийн шинэ үйлчилгээ нээгдэж, замын түгжрэлээс ангижрах, хотын өнгө төрхийг өөр өнцгөөс харах боломжийг олгож байна. Тодруулбал, Нил мөрөнд завин таксины тогтмол үйлчилгээ нэвтэрсэн нь цаг, зардал хэмнэж, стрессээс ангижруулж байгаад орон нутгийн иргэд ам сайтай байна.

Анх 2014 онд 1 завьтай такси үйлчилгээ туршилтаар нэвтэрсэн нь Каир хотын замын түгжрэлээс зайлсхийсэн олон үйлчлүүлэгчийг татаж чадсан. Улмаар энэ оны эхнээс Нил мөрний такси үйлчилгээг 6 хурдны завьтайгаар албан ёсоор эхлүүлж, өнгөрсөн сарын сүүлээр дахин 4 завь тус үйлчилгээнд нэмэгдээд байгаа юм. Гар утсаараа дуудлага өгч, завин таксигаар үйлчлүүлснээр автомашинаар явах цагаа 3 дахин хэмнэх боломжтой юм байна.

Завин таксигаар үйлчлүүлэхэд замынхаа уртаас хамаарч ердөө 1,6-гаас 3,8 америк доллар төлөхөд л хангалттай. Завин таксины үйлчилгээ эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдалд анхаарч, аврах хантааз олгодгоос гадна гал унтраагч, хөвдөг цагираг зэргээр завинуудаа тоноглосон байна. Үүнээс гадна завиар зорчигчдын тав тухыг хангах зорилгоор утасгүй интернэт, дүрс бичлэгийн камер зэргийг мөн суурилуулжээ.

Нил мөрний завин таксиг тун удахгүй бусад хотод нэвтрүүлж, цар хүрээг нь өргөжүүлэхээр төлөвлөж байна. Олон Улсын Валютын Сангийн тооцоогоор дэлхийн улс орнууд дахь замын түгжрэлийн 68 хувь нь хувийн эзэмшлийн автомашинууд олширсноос үүдэлтэй байдаг. Иймээс хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж хэвшвэл зам дээр ашиггүй өнгөрдөг олон цагийг хэмнэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.  

Нийтэлсэн: Э.Энхрэл

Египетийн нийслэлд завин таксины үйлчилгээ нэвтэрлээ  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй