Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн Бизнесийн чуулга уулзалтын хаалтад үг хэлэв

2016-07-14 22:23:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын хаалтад дэлгэрэнгүй үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Европын холбооны Ерөнхийлөгч өө,

Эрхэм зочид, энд хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Бид Ази, Европын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Бизнесийн уулзалт болж байгаад туйлын баяртай байна. Манай хоёр тивийн бизнесийн төлөөлөл болж, Монгол Улсын бизнесийн өмнө тулгамдаж байгаа гол сэдвүүдийг ярилцаж байгаад бид туйлын баяртай байна. Монгол Улсын хувьд АСЕМ болон бусад уулзалтыг Монгол орондоо, Улаанбаатарт зохион байгуулж байгаадаа баяртай байна. 2016 он гараад энэ бизнес уулзалтыг оролцуулаад нийт 8 уулзалт хийлээ.

Парламентын гишүүдийн, залуучуудын, эмэгтэйчүүдийн, ард түмний, олон нийтийн байгууллагын, сайдуудын гээд олон уулзалт болсон. Эдгээр уулзалт чухал байсан. Эдгээрээс хамгийн чухал ач холбогдол өгөх ёстой уулзалтын нэг бол бизнес уулзалт байгаа юм.

Монголчуудын хувьд Ази, Европ тивийг холбосон улс гүрэн байгуулж явсан аугаа түүхтэй. Бид өнөөдөр Ази, Европын дээд хэмжээний төлөөлөгчдийг монгол газар нутагтаа хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Түүний дотор бизнесийн төлөөллийг хүлээн авч байгаадаа баяртай байна.

Олон зууны өмнө Монгол Улсын нийслэлд Ази, Европ тивийн бизнесийн, худалдааны олон элч төлөөлөгч ирж уулзаж байсан түүх байдаг. Нэг сонирхолтой нь өнөөдрийн ярьж байгаа сэдэв тэртээ 800 жилийн өмнө ярьж байсан сэдэвтэй ойролцоо утга агуулгатай байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Уялдаа, холбооны тухай сэдэв тэр үед анхаарал татаж байсан. Монголчууд тэр үед ярьж байгаад морин өртөөг байгуулж, тэр том гүрний хязгаар захад, чухал хотуудад хүрдэг байсан. Морин өртөөний систем 700 гаруй жил монгол газар нутаг дээр бүрэн хэмжээгээр ажилласан. Энэ бол уялдаа холбоог үүсгэж байсан хэрэг.

Тэр үед  Ази, Европын төлөөний хүмүүс уулзаад иргэд хоорондоо чөлөөтэй зорчих талаар мөн ярьж байсан. Монголчууд тэр үед гэрэгэ гэдэг анхны гадаад паспорт гэж хэлж болох зүйлийг нэвтрүүлж, бизнесийнхэн, худалдаачид, улс орноо төлөөлсөн хүмүүст олгодог байсан. Энэ бол чухал үйл явдал байсан.  

Монголчуудын тэр үед олсон өөр нэг том амжилт бол Торгоны зам гэж худалдааны гол замын аюулгүй байдлыг хангахад их үүрэг гүйцэтгэж байсан. Үүгээрээ Торгоны замын дагуух улс орнуудын ард түмний дэмжлэгийг монголчууд хүлээж байсан юм гэдгийг хэлье. Шашин хоорондын яриа хэлцэл хүртэл Монгол Улсын нийслэлд болж байсан байх юм.

Өнөөдөр Улаанбаатарт ирээд ярьж байгаа энэ зүйлүүдийг харьцуулж харахад агуулгын хувьд ойролцоо байгаа зүйл харагдаж байна.

Монгол Улсын хувь нээлттэй болдого явуулж, бизнесийн хувьд зах зээлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн харилцааг бий болгохын төлөө ажилладаг. Монгол Улсын төр, Засгийн газрын хувьд бизнесийн болон олон нийтийн санал сэтгэгдлийг байнга сонсохыг хичээдэг. Мэдээж маш их шүүмжлэл байдаг. Бизнесийн орчинг сайжруулах чиглэлд Засгийн газар, Ерөнхийлөгч, парламент хамгалттай ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гарч байдаг. Бид энэ шүүмжлэлийг авч, өөрийнхөө сургамжаас сурч, орчноо сайжруулахын төлөө аль ч үед улс төрийн хүчнүүд, төр, засагт ажиллаж байгаа хүмүүс хичээж ажилладаг.

Би хоёр жилийн өмнө биенесийнхэнтэй уулзаж байхад манай бизнесийнхэн “Бид дарлагдсан анги хэвээрээ байна” гэж хэлж байсан. Аль ч оронд, ялангуяа зах зээлийн эдийн засагтай, нээлттэй оронд  яваад очиход бизнесийнхэн мөн л төр, засгаас тодорхой хэмжээний дэмжлэг хүссэн, эрх зүйн нөхцөлөө сайжруулахыг шаардсан шаардлагууд тавьж байдаг.

Та бүхэн тулгамдаж байга асуудлаа хэнээс ч ичиж айлгүй хоорондоо ярилцсан байх гэж би бодож байгаа. Шүүмжлэлтэй үг хэлэхийн тулд Монголд заавал шивнэж ярих шаардлагагүй. Чанга ярьж болно. Санаа бодлоо чөлөөтэй солилцож болно.

Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг хүлээж авч байгаа орны хувьд нэг үүрэг хүлээж байгаа. Тэр нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад ирж байгаа дээд хэмжээний төлөөлөлд бизнесийнхэн та бүхний хэлж ярьсан зүйл, хүрсэн дүгнэлтийг танилцуулах ёстой болж байгаа.

Өнөөдрийн байдлаар 12 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд Монгол Улсад ирэхээр болоод байна. Дээд хэмжээний бусад төлөөлөгч мөн ирж байгаа. Тэр хүмүүст та бүхний санал бодлыг хүргэхдээ бид онцгой анхаарах болно.

Ер нь улстөрчид бол ярьдаг. Ярьснаа хийх гэж оролддог. Бизнесийнхэн бол жинхэнэ хэцүү ажлыг хийдэг гэж би ойлгодог. Та бүхэн бүтээн байгуулалт, худалдаа наймаа, нийгэмд үйлчилж байгаа үйлчилгээ зэрэг бүх хэцүү ажлыг хийж явдаг.

Миний хувьд, Ерөнхийлөгчийн хувьд, УИХ, Засгийн газрын хувьд бидний барьдаг гол бодлого бол бид бизнесийнхээ ашиг сонирхолд үйлчлэх ёстой хүмүүс. Бид үүнийг захирах ёстой биш, даргалах ёстой улсууд биш. Бид та бүхний дарга биш. Бид та бүхэнд үйлчлэх ёстой. Та бүхний хэлж ярьж байгаад нааштай хандаж, шийдвэрүүдийг гаргах ёстой гэж боддог.

Саяхан Монгол Улсын хувьд Ташкентад ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай дээд хэмжээний 3 талт уулзалт хийсэн. Энэ уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах тухай хоёр жил ярьсан томоохон гэрээг байгуулсан. Эдийн засгийн коридор гэдэг дотор гол нь дэд бүтцийн асуудал чухал байгаа.

Монгол Улсын хувьд,  далайд гарцгүй орны хувьд төмөр замын асуудал, дамжин өнгөрөх тээврийн асуудал, хоёр хөрштэйгээ харилцах хил гааль, хоёр хөршөөрөө дамжаад дэлхийн бусад улс орон, зах зээлд хүрэх асуудал чухлаар яригддаг.

Эдийн засгийн коридорыг Монголоор дамжуулж хоёр хөрштэйгээ хамтран байгуулах тухай анхны гэрээ гарсан. Нийт 32 төрлийн төслийг 3 талаас нийлүүлж, ийм төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж хүлээн зөвшөөрсөн.

Ази, Европын бүс нутгаас ирсэн хүмүүст хэлэхэд бизнесийн маш их боломжууд гарч ирэх нь ээ. Дэд бүтцийн сүлжээ байгуулагдах үйл ажиллагаа цаашаа уламжлал болж явах нь ээ. Бизнесийн энэ боломжийг та бүхэн ашиглаарай гэж хэлье.

Та бүхэн манай оронд ирэхдээ манай ард түмний зочломтгой зан чанарыг мэдрэх байх гэж найдаж байна. Монголд ирээд наад зах нь нэг хамтрагчтай болоод буцаач гэсэн хүсэлтийг би Ерөнхийлөгчийн хувьд тавьж байна. Манай Азийн бүс нутагт Европоос ирсэн төлөөллүүд, бусад орноос ирсэн төлөөллүүд наад зах нь нэг хамтарсан бизнесийн санаа олоод, нэг төслийн тухай ярилцаад буцвал энэ нь том ололт амжилт болно гэж бодож байна.

Ирж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад өндөр дээд зочид давчуу хугацаатай ирж байгаа. Бизнесийнхэн энд урт хугацаанд, арай илүү хэд хоноод явж болно. Монголчууд зочин ирээд хоноод явахад дуртай байдаг. Хэд хонох юм бол бүр дуртай байдаг. Сайн түншээ олоод, хэд хоноод, эндээс бизнес санаанууд олоод яваасай гэсэн хүсэлт надад байна.

Энд үг хэлэх БНСВУ-ын Ерөнхий сайдтай бид хоёр талын уулзалт хийсэн. Европын холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн хувьд миний Европ дахь хамгийн сайн найз гэж үздэг. Намайг анх Ерөнхий сайд болоод дөнгөж ажлаа авч байхад Жан Клод Юнкер гуай улс орноо төлөөлж Монголд айлчилж ирж байсан. Европын холбооноос Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хоёр удаа ирсэн юм.

Монголын нээлттэй бодлого, Монголын ард түмний гайхамшигт ёс заншил, соёлд хамгийн их элгэмсэг ханддаг Европын удирдагчдын нэг бол Жан Клод Юнкер гуай юм. Таныг Европоос хол зам туулж хүрэлцэн ирсэнд их баярлаж байгаагаа дуулгая.  Европын холбоо Брюселлийн хувьд иймэрхүү арга хэмжээ олон болж байдаг байх. Монгол Улсын хувьд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт тэр бүр болоод байдаггүй. Энэ хүрээнд Ази, Европын холбооны улсуудын зүгээс бидэнд тусалажщ дэмжиж, хамтарч ажиллаж байгаа бүгдэд нь маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

Европын холбооны хувьд бид 10 гаруй жил ярилцаж байгаад маш чухал гэрээ байгуулсан. Тэр нь эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ GSP plus гэж нэрлэдэг олон төрлийн буюу 7000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлээд татваргүй гаргадаг ийм нөхцөл, эрх зүйн орчин нээгдэж бий болсон байгаа. Мөн 2012 онд Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогын үр дүнд Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Ази тивээ төлөөлж 52 дахь гишүүн улс  болсон. Бид Европын холбоотой хамтран ажиллахдаа туйлын баяртай байгаа. Европын холбоо шиг итгэлтэй түнштэй байна гэдэг бол Монгол Улсын хувьд их чухал юм.

Бизнесийн зүгээс авч үзэх юм бол EBRD гэдэг банк бол Монгол Улсын хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгодог томоохон санхүүгийн байгууллага болж байгаа юм. Монголд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зээл олгож байгаа, бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа, энэ үйл ажиллагаанд нь үргэлж баярлаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хоёр жилийн өмнө Европын холбооны Европарламентад үг хэлэх боломж олдож байсан тэр үед Жан Клод Юнкер гуай байсан. Монголчуудыг танилцуулж ойлгуулах боломж олгосон танд талархаж байна.

Монгол Улсын хувьд саяхан парламентын сонгууль болж, шинээр бүрэлдсэн УИХ шууд ажилдаа орсон. Парламентын сонгууль хийгээд долоо хоногийн дотор шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч ажилдаа орсон. Сонгууль дуусаад бүх ард түмэнд тэр орой нь телевизээр ямар гишүүн сонгогдсоныг сонгуулийн төв байгууллагаас нэгдсэн байдлаар шууд харуулсан. Ямар нэр дэвшигч, хэдэн хувиар ялж, ямар нэр дэвшигч хэдэн хувиар хоцорч байгааг шууд хараад сууж байсан. Ингэж дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль болж дууссан. Хэдийгээр тэнд парламент, Засгийн газар солигдож байгаа ч бизнест хандсан монголчуудын хандлага, Ази-Европын бусад улсуудтай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа төрийн бодлогод өөрчлөлт ороогүй. Харин улам баяжиж, залгамж чанараа баяжуулж, цаашид тогтвортой үргэлжлэх болно гэдгийг энд хэлэх нь зөв юм.

Ингээд манай оронд хүрэлцэн ирж бизнесийн сэдвээр чөлөөтэй ярилцсан та бүхэнд их баярлалаа.  Та бүхний хурлын үйл ажиллагаанд дахин өндөр амжилт хүсэн ерөөе.

Бид энэ өдөрүүдэд зөвхөн хуралдъя гэж бодоогүй. Монголын гайхамшигт соёл, өвөрмөц зан заншил гээд бүхнээсээ танилцуулах зорилготой байгаа. Саяхан манай улсад үндэсний их баяр наадам болсон. Наадам гэдэг бол Монголчуудын хийж бүтээж байгаа аугаа их түүх соёл уламжлалыг харуулсан баяр болдог. Бид өндөр дээд зочиддоо зориулж наадам бэлдсэн. Энд оролцож байгаа бизнесийн төлөөлөл түүнд очиж оролцохыг урьж байна.

Дахин баярлалаа. Монголд алс холоос нэг ирсэн хүн дахин ирдэг, нэг удаа ирж байгаа нь хоёр дахь удаагаа, хоёр дахь удаагаа ирсэн нь гурав дахь удаагаа ирээрэй. Монголын ард түмэн та бүхэнд үргэлж нээлттэй хандаж угтан авах  болно. 

Их баярлаллаа” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн Бизнесийн чуулга уулзалтын хаалтад үг хэлэв  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй