Шууд Chart

Фото: Төрийн тэргүүн нар гарын үсгээ үлдээлээ

2016-07-15 11:35:46

Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт өнөө өглөө Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Уулзалтад оролцох зочдыг угтан авах ажиллагаа 07:00 цагт Шангри-Ла цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нарыг өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн угтан авсан юм. Түүнчлэн уулзалтад хүрэлцэн ирсэн зочид АСЕМ-ын дурсгалын самбарт гарын үсэг зурсан юм.

 “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож буй.  Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм.

Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна. Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Түүх сөхвөл анх 1246 онд Гүюг хааныг хаанд өргөмжлөх ёслолын үеэр гадаадын улс орнуудын эзэн хаад, ван, сайд нараас бүрдсэн 4000 гаруй элч төлөөлөгчид Монголд хуран чуулсан байдаг. Тэр цагаас хойш 769 жилийн дараа АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 улсын төлөөлөгчид оролцон Улаанбаатарт хуран чуулж байгаа нь энэ юм.

 




























Фото: Төрийн тэргүүн нар гарын үсгээ үлдээлээ  
Үзсэн: 1737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй