Шууд Chart

Монгол Улс Словак Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гэв

2016-07-15 14:31:53

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.

Тэрбээр, Монгол Улс, Словак Улс нь уламжлалт, найрсаг харилцаатай, нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж, ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг цохон тэмдэглээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжээгүй. Иймээс тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй Үндэсний зөвлөлийн дарга болон Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар дуулгав. Түүнчлэн Бүгд Найрамдах Словак Улс  Европын Холбооны Зөвлөлийг 2016 оны долоодугаар сараас эхлэн даргалах болсонд баяр хүргэж, Монгол Улсыг Европын Холбоотой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

 

Мөн тэрбээр хоёр талын уламжлалт харилцааны хүрээнд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс Словак Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн зэрэгцээ, хоёр талын хамтын ажиллагааг ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг байнгын механизмуудын хүрээнд хөгжүүлэх боломжтойг  мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Парламентын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд Улсын Их Хурлын даргад баяр хүргэв.

 

Ерөнхий сайд Роберт Фицо хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгаатай санал нэг буйгаа илэрхийлж, энэ тал дээр анхаарч ажиллана гэлээ. 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон Европ, Азийн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Монгол Улс Словак Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гэв  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй