Шууд Chart

Лаос улстай хөдөө аж ахуй салбарт хамтарч ажиллах боломжтой

2016-07-15 14:43:18

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр  БНАЛАУ-ын Ерөнхий сайд Др.Тонглун Сисулит бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, эрхэм зочныг Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буйд талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ. Тэрбээр, хоёр орны ард иргэд олон жил харилцан ойлголцон, бие биедээ ямагт хүндэтгэлтэй хандаж, төр засгийн түвшинд итгэмжилсэн харилцаа бэхжиж ирсэнд баяртай байдаг гэлээ.

Улсын Их Хурлын дарга, өнгөрсөн зургаадугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Нам ялалт байгуулж, засгийн эрх барьж буй улс төрийн хүчин өөрчлөгдөж байгаа ч Лаос Улстай харилцах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй гэдгийг тэмдэглэн хэлээд, цаашид стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллана хэмээн онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс, БНАЛАУ аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай болон бусад олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гээд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлд түлхүү хамтран ажиллах, тодорхой санал, санаачлагуудыг хэрэгжүүлэхэд Монголын тал идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.

БНАЛАУ-ын Ерөнхий сайд Др.Тонглун Сисулит Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.

Эрхэм зочин Др.Тонглун Сисулит хоёр орон олон жил найрсаг харилцаатай байж, харилцан тусалж ирснийг дурдаад эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцааг өргөжүүлэхийг дэмжин ажиллах болно гэв.

Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээн онцлоод Монгол Улсын Засгийн газар, ард түмний зүгээс Лаос Улсад тусламж дэмжлэг үзүүлж байдагт талархаж явдагаа илэрхийллээ.


Лаос улстай хөдөө аж ахуй салбарт хамтарч ажиллах боломжтой  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй