Шууд Chart

"АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” хурлын даргын мэдэгдэл

2016-07-17 12:32:45

Хурлын даргын мэдэгдэл

АСЕМ-ын 20 жилийн ой

1. Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь сэдвийн дор болж өнгөрлөө.  Уулзалтад Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн буюу тэдний өндөр түвшний бие төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцлоо. Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж даргалав.

2. Тэргүүн нар Ази-Европын  уулзалтын 20 жилийн ойг тэмдэглэхийн хамт 1996 онд АСЕМ анх байгуулагдснаас хойших ололт амжилтаа дүгнэн цэгнэж, бүс хоорондын эл үйл явцыг ирэх арван жилд хэрхэн бэхжүүлэх, хувьсган хөгжүүлэх талаар баримтлах чиг шугамыг тодорхойлов. АСЕМ-ын ирээдүйг тодорхойлоход хувь нэмэр оруулах үүднээс АСЕМ-ын түншүүдийн гаргаж буй хүч чармайлт, тухайлбал “АСЕМ-ын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох Бангкокын санаачлага”,  “Ази-Европын уулзалт-(АСЕМ)-ын ирээдүй: АСЕМ гурав дахь арван жилдээ”, “2025 он хүртэлх Ази-Европын уялдаа холбооны төсөөлөл: сорилт ба боломжууд” зэрэг судалгааны бүтээлүүд, “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбооны сорилт” сэдэвт бага хурлын ач холбогдлыг тэд тэмдэглэв. АСЕМ-ын үйл явцад өгсөн үнэлгээ, ирээдүйн талаарх Тэргүүн нарын төсөөллийг АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан баталж гаргасан “Улаанбаатарын Тунхаглал”-д тусгасан болно. Тэргүүн нар мөн дэлхийн болон өөрсдийн бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцож, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн хүрээнд тулгарч буй өнөөгийн болон шинээр гарч ирж буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэв.

3. АСЕМ-ын үйл явц нь өнгөрсөн 20 жилд гишүүнчлэлийнхээ эгнээг тогтвортой тэлж, Ази, Европын улс түмний сонирхол, ашиг тусын төлөө хоёр бүсийн хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт бэхжүүлэн хөгжүүлж ирснээр цаг хугацааны шалгуурыг амжилттай давж, чухал ач холбогдолтой бөгөөд өнөө цагт хэрэгтэй болохоо батлан харуулсан гэдгийг Тэргүүн нар сэтгэл ханамжтайгаар тэмдэглэв. Тэд  АСЕМ-ын үйл явцын албан бус, уян хатан чанарыг хэвээр хадгалан, эрх тэгш, харилцан ашигтай байх, ашиг тусаа хуваалцах зарчмын үндсэн дээр хоёр бүсийн түншлэлийг цаашид улам гүнзгийрүүлэх, уялдаа холбоог улам сайжруулах, илүү өргөн оролцоог хангах, бүгдэд хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлэх хийгээд илүү бодит үр дүнтэй байх асуудалд түлхүү анхаарал хандуулах замаар нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад хүн төвтэй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ нотлон илэрхийлэв. Ази, Европын сонирхсон улсуудын хувьд АСЕМ-ын үүд хаалга үргэлж нээлттэй байгаа гэдгийг Тэргүүн нар цохон тэмдэглэв.

4. Тэргүүн нар  2014 онд Милан хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтаас хойш зохион байгуулсан боловсрол (ASEM ME5, Рига), гадаад харилцаа (ASEM FMM12, Люксембург), хөдөлмөр, ажил эрхлэлт (ASEM LEMC5, Софи), тээвэр (ASEM TMM3, Рига), сангийн (ASEM FinMM12, Улаанбаатар) болон соёлын (ASEM CMM7, Гванжү) сайд нарын уулзалтуудын үр дүн, гаргасан зөвлөмжүүдийг сайшаан тэмдэглэв.

Ирээдүйн төлөөх хамтын зорилтууд

5. Тэргүүн нар 2015 онд баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Аддис Абэба-гийн Үйл ажиллагааны хөтөлбөр, Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн хөтөлбөр, Парисын хэлэлцээр зэрэг нь дэлхий ертөнц болон бүх улс түмэнд хүртээмжтэй, тогтвортой, хөгжин цэцэглэх ирээдүйг авчрах тулгуур баримт бичгүүд хэмээн сайшаан хүлээн авав. Бодит хувь нэмрээ оруулах замаар шийдэмгий алхмуудыг даруй авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй өөрчлөлтийг бий болгож, нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулсан, байгаль цаг уурт тэсвэртэй хөгжлийг хангасан дэлхийн эдийн засагт шилжихэд чухал болохыг Тэргүүн нар анхааралдаа авав. Эдгээр баримт бичигт тусгасан тэнцвэртэй байдал, зарчмуудын үндсэн дээр тодорхойлсон зорилтуудаа үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд цаг алдалгүй, бүрэн хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тэд тохиролцов.

6. Үндэсний холбогдох бодлогын төлөвлөлт, хөгжлийн хөтөлбөр, стратегийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийцүүлэх, мөн олон улсын болон үндэсний түвшинд 2030 он хүртэлх Хөтөлбөрийн хэрэгжилтэд системтэй, олон шатлалтай хяналт тавих, үнэлэлт өгч байх нь чухал ач холбогдолтой болохыг Тэргүүн нар цохон тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл доорх Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний  форумд хэлэлцэх зэргээр НҮБ болон олон улсын бусад байгууллагын шугамаар Хөтөлбөрийн хэрэгжилтэд  дэлхийн түвшинд хяналт тавих, үнэлгээ хийх үйл явцад АСЕМ-ын зүгээс хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа тэд илэрхийлэв. 2030 он хүртэлх Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боломжууд бий болохын сацуу сорилтууд ч тулгарна гэдгийг Тэргүүн нар тэмдэглэж, Будапештын санаачилгаар  эхлүүлсэн АСЕМ-ын Тогтвортой хөгжлийн яриа хэлцээний хүрээнд түншүүдийн хооронд шилдэг арга, туршлагаа хуваалцах замаар хамтын ажиллагаагаа цааш өргөжүүлэхээр тохиролцов.

7. Парисын хэлэлцээр нь Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн заалтуудын хэрэгжилтийг эрхзүйн хувьд баталгаажуулж бэхжүүлсэн,   цаг уурт тэсвэртэй хөгжил, цэвэр, сэргээгдэх эрчим хүч, байгаль цаг уурт ээлтэй эдийн засагт шилжихэд чиглэсэн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх түүхэн олон талт хэлэлцээр мөн гэдгийг Тэргүүн нар хүлээн зөвшөөрч, түүнийг даруй хүчин төгөлдөр болгохыг уриалав. Тэргүүн нар Конвенцийн зарчмууд, тэдгээрийн дотор нийтлэг хийгээд харилцан адилгүй байх хариуцлага, үндэсний нөхцөл байдлаас үүдсэн чадавхийн ялгаатай түвшинг харгалзах зарчмыг удирдлага болгон Хэлэлцээрийн зорилтуудыг үндэсний болон дэлхийн хэмжээнд цаг алдалгүй бүрэн хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов. Тэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулах, Парисын хэлэлцээрийн  заалтуудыг авч үзэхдээ тэнцвэртэй хандах шаардлагатайг тэмдэглэж, дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С-аас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5°С-т хязгаарлах хүчин чармайлт гаргах, цаг уурын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт  дасан зохицох чадварыг дээшлүүлэх зэрэг зорилтын ач холбогдлыг онцлов. Тэргүүн нар тодорхой журам боловсруулж, "Үндэсний хэмжээнд тодорхойлж тогтоосон хувь хандив"-аа хэрэгжүүлэх болон Хэлэлцээрийн дагуу илүү өргөн хүрээний үйл ажиллагаа, тусламж дэмжлэгийг хангах замаар түүнийг бүрэн хийгээд үр дүнтэй хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг АСЕМ-ын түншүүдэд уриалав. Аж үйлдвэр, тээвэр болон ойн чиглэлийн тогтвортой бус үйлдлүүд зэрэг янз бүрийн эх үүсвэрээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад олон улсын хамтын ажиллагаа чухал хэрэгтэй юм.  Мөн өндөр хөгжилтэй орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад дасан зохицох болон алдагдал, эвдрэлийг арилгах арга хэмжээнд зориулан санхүүгийн болон технологи дамжуулах, чадавхийг бүрдүүлэх чиглэлээр зохих дэмжлэг үзүүлэх нь эл хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал болохыг тэд онцлов. Цаг уурын өөрчлөлт нь Арктикийн бүсэд нэн эмзэгээр нөлөөлж байгааг Тэргүүн нар хүлээн зөвшөөрч энэ чиглэлд олон улсын хэмжээнд хамтран ажиллахыг уриалав. Нарны гэрлээр баялаг 122 орныг эгнээндээ багтаасан Олон улсын нарны холбоог 2015 оны 11 дүгээр сард Парис хотноо байгуулсныг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс энэ чиглэлд хийсэн чухал алхам хэмээн тэд сайшаав.

8. Тэргүүн нар эх газрын болон далайн байгалийн нөөц баялгийн тогтвортой менежментийг бодлогын бүх түвшинд тусгах шаардлагатайг цохон тэмдэглэв. Тэд мөн байгалийн, цэвэршүүлсэн болон хил дамнасан усны нөөцийн нэгдсэн менежмент, усны асуудлыг эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, экологийн тогтолцоотой холбох зэрэг бодлогын гол салбарууд нь АСЕМ-ын бүх түнш орнуудын хувьд нийтлэг тэргүүлэх чиглэл болохыг онцлов. Бодлогын эдгээр гол салбар чиглэлээр АСЕМ-ын хүрээнд мэдлэг мэдээлэл, шилдэг арга туршлагаасаа хуваалцах, үүний дотор хоол хүнс, ус, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой хамтын сорилтуудыг хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийн боломж болгон хувиргаж чадсан туршлага болох Дунай, Меконгийн сав газрын хүрээн дэх хоёр бүсийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа тэд илэрхийлэв. Милан хотноо болсон ЕХРО 2015 нь хүнсний аюулгүй байдлын асуудлууд, тэдгээртэй холбоотой бусад асуудлаар мэдлэгээ арвижуулах, яриа хэлцээг дэмжихэд хувь нэмрээ оруулсан гэдгийг тэд тэмдэглэв. Далайн нөөц шавхагдаж буйтай холбогдуулан түүнийг эрүүл, цэвэр, аюулгүй байлгах, нөөцийг нь хойч үедээ хадгалж үлдээх үүднээс далайн болон эрэг хавийн үйл ажиллагааг тогтвортой хэлбэрээр явуулах шаардлагатайг тэд онцлов. Тэргүүн нар нийлүүлэлтийн нийт сүлжээний хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хууль бус бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг багасгах чиглэлд хүч чармайлтаа нэмэгдүүлэх замаар ойн болон зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүний хууль бус худалдааны асуудлыг шийдвэрлэх үүрэг амлалтаа нотлон илэрхийлэв. Тэд энэ чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг илүү олон тооны улс хүлээн зөвшөөрч байгааг онцлов. Тэргүүн нар 2016 оны 11 дүгээр сард Вьетнамд болох Зэрлэг амьтны хууль бус худалдааны асуудлаарх бага хуралд өндөр хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

9. Тэргүүн нар тогтвортой эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглахын ач холбогдол, мөн эрчим хүчний үр ашгийг улам дээшлүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан тэд эрчим хүч, түүний дотор байгалийн хийг илүү үр ашигтай хэрэглэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тогтвортой эрчим хүчний шинэлэг шийдэл, технологийн судалгаа, шинжилгээг дэмжин хөгжүүлэх шаардлагатайг онцлов. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахдаа цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, баталгааг хангаж ажиллахаа тэд илэрхийлэв. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, түүний дотор цөмийн аюулгүй ажиллагааны чиглэлд дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж, дэлхий дахинаа цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг байнга сайжруулж байх үүднээс ОУАЭА-ийн холбогдох шаардлага, стандартыг чанд сахиж ажиллахын чухлыг тэд онцлов. АСЕМ-ын гишүүн хэд хэдэн улс цөмийн эрчим хүчний томоохон хөтөлбөрүүдийг цэвэр эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар баримтлах стратегийнхээ  бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэгжүүлж байгааг тэд тэмдэглэв. Тэргүүн нар аюулгүйн баталгаа, цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах тал дээр АСЕМ-ын хүрээнд болон Олон улсын атомын энергийн агентлагатай хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх, холбогдох бодлого боловсруулагчид болон мэргэжилтнүүдийн хооронд туршлага, тэргүүний арга барилаас хуваалцах нь чухал шаардлагатайг тэмдэглэв. ОУАЭА-ийн ивээл дор бага хэмжээнд баяжуулсан ураны нөөцийн банк байгуулсаны ач холбогдлыг тэмдэглэж, энэ нь энхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх горимыг бататгахад чухал алхам болно гэж тэд үзэв. Тэд мөн шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагаанд аятай боломж олгох "Ирээдүйн эрчим хүч" сэдвээр Астанад зохион байгуулах ЕХРО 2017 үзэсгэлэнг талархан тэмдэглэв.

10. Тэргүүн нар гамшгийн эрсдлийг бууруулах, менежментийг сайжруулах асуудлаар АСЕМ-ын түншүүдийн хамтын ажиллагааг цааш хөгжүүлэхийг дэмжив. Тэд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, дасан зохицох, олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах хөтөлбөр, эртнээс урьдчилан анхааруулах систем, эрэл хийх, аврах, тусламж үзүүлэх ажиллагаа, шинэлэг шийдэл, технологийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр мэдлэг туршлагаа хуваалцах, чадавхийг бүрдүүлэх, өргөн хүрээний хийгээд хүн төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Мөн томоохон гамшиг учирсан тохиолдолд хүмүүнлэгийн болон иргэний хамгаалалтын тусламж үзүүлэх зэргээр олон улсын хэмжээнд эв санааны нэгдлээ илэрхийлэхийн чухлыг онцлов. 2015 оны 3 дугаар сард Японы Сендай хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хурлын төгсгөлийн баримт бичгийн заалтуудыг хэрэгжүүлэх ажилд АСЕМ-ын түншүүд идэвхтэй оролцохыг тэд уриалав.

11. Тэргүүн нар дэлхийн эдийн засгийн сэргэлт даруухан ба харилцан адилгүй түвшинд байгааг тэмдэглээд Азийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгааг онцлов. Эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх, түүний дотор бүтцийн шинэчлэл хийх чиглэлд дорвитой ахиц гаргах нь өсөлтийг хангах, эрсдэлд тэсвэртэй байх, ДНБ-нд эзлэх зээлийн хэмжээг тогтвортой түвшинд барихад нэн чухал болохыг тэд хүлээн зөвшөөрөв. Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал, санхүүгийн зах зээлийн савалгаа, аж үйлдвэрлэлтийн хүчин чадлын илүүдэл, түүхий эд экспортлогч орнуудын өмнө тулгарч буй сорилтууд болон инфляцийн түвшин бага хэвээр байгаа зэрэг нь дэлхийн эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд болохыг тэд дурдав. Эдгээр сөрөг чиг хандлагыг арилгах үүднээс мөнгө, санхүү болон бүтцийн чиглэлээр бодлогын бүх арга хэрэгслийг дангаараа болон хамтдаа авч хэрэгжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, улмаар эдийн засгийн баттай, тогтвортой хийгээд тэнцвэртэй өсөлтийг хангахад бэлэн байгаагаа тэд нотлов.

12. Тэргүүн нар өсөлтийг хангаж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд нийгмийн хамгааллын зохистой тогтолцоог бэхжүүлэх, залуучуудыг ажлын байраар хангах зах зээлийг өргөжүүлэх, олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд найдвартай, аюулгүй ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хойч үеийнхэнд зориулсан ажлын байрыг бэлтгэх талаар нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.  Тэдний үзэж байгаагаар, тэгш бус байдал, нийгмийн гадуурхалт, хүн амын насжилт нэмэгдэж байгаа зэрэг нь тогтворжуулсан, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, нийт хүн ам, ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг найдвартай ажлын байр, зохистой нийгмийн хамгааллын  бодлогоор хангахыг шаардаж байна. Тэргүүн нар залуучуудын ажлын ур чадварыг дээшлүүлэх, ажлын байраар хангах, эдийн засаг, нийгмийн амьдралд тэднийг идэвхтэй татан оролцуулахад түлхүү анхаарал хандуулахаар тохиролцов. Үүний тулд ажлын байр, боломжит цалин болон бизнес эрхлэх шаардлага хангасан техник, мэргэжлийн зэрэг холбогдох ур чадвар эзэмшсэн залуучуудын тоог дорвитой нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Залуу ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр АСЕМ-ын гишүүн орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал болохыг тэд онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан тэд бүтцийн шинэчлэл хийх, хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар залуучуудад зориулсан хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж ажиллахаа дахин нотлов.

13.  Тэргүүн нар тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ хөгжүүлэхийг түлхүү дэмжихээ илэрхийлэв. Үүний тулд пүүс компаниуд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Улс дамнасан бизнес эрхлэлтийн болон нийгмийн бодлогод баримтлах зарчмуудын тухай Гурван талт тунхаглал”, НҮБ-ын Дэлхийн Гэрээ болон НҮБ-ын Бизнес эрхлэлт, хүний эрхийн чиглэлээрх зарчмуудыг баримтлахын чухлыг тэмдэглэв. Мөн нийлүүлэтийн сүлжээнд олон улсын хөдөлмөр эрхлэлтийн стандарт, ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг хангах дотоодын хууль тогтоомжийг мөрдлөг болгох, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудалд зохих анхаарал хандуулсан байх шаардлагатайг тэд тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан нийт ажилчдын, түүний дотор цагаач ажилчид, ялангуяа эмэгтэй цагаачид, эрсдэлтэй нөхцөлд ажиллагсадын хөдөлмөрийн эрх, ажлын аюулгүй, баталгаатай орчинг хангах шаардлагатайг тэргүүн нар цохон тэмдэглэв. Мөн тэдний эсрэг бүх төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох ёстойг хүлээн зөвшөөрөв. Тэд мөн АСЕМ-ын үйл явцад бүхий л оролцогчид, түүний дотор засгийн газар, бизнес, иргэний нийгэм, хөдөлмөрийн байгууллага зэргийн хамтын оролцоог гүнзгийрүүлэх явдлыг дэмжихээ илэрхийлэв.

Уялдаа холбоог бүх салбар чиглэлд дэмжих нь

14. Тэргүүн нар АСЕМ-ын үйл ажиллагаан дахь уялдаа холбоог бэхжүүлэх асуудалд түлхүү анхаарах нь АСЕМ-ын ач холбогдлыг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэдэг дээр санал нэгдэв. Тэд улс төр, эдийн засаг, цахим орчин, институц, нийгэм, соёл болон хүмүүс хоорондын зэрэг АСЕМ-ын холбогдох бүх үйл ажиллагаанд уялдаа холбоог тусган хэрэгжүүлэх шийдвэрээ дахин нотлов. Тэд Ази, Европын ард түмний хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнесийн боломжийг бүх нийтэд хүртээлтэй болгоход “хатуу” болон “зөөлөн” уялдаа холбоог бэхжүүлэх, тэр дундаа чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн дүрэм, олон улсын хэм хэмжээг баримтлахын чухлыг онцлон тэмдэглэв. Мөн 2015 оны 5 дугаар сард Хятадын Чунцинд болсон Уялдаа холбооны асуудлаарх АСЕМ-ын Үйлдвэрлэлийн яриа хэлцээний үр дүнг сайшаав. Тэргүүн нар уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсгийг 2 жилийн хугацаатайгаар байгуулахаар тохиролцов.

15. Тэргүүн нар хоёр бүсийг холбох чиглэлээр АСЕМ-ын түншүүдийн хэрэгжүүлж буй бүсийн болон дэд бүсийн хамтын ажиллагаа, үндэсний санаачлагыг тэмдэглэхийн хамт эдгээр хамтын ажиллагааны төслүүдээс шилдэг арга барил, туршлагаасаа  нийт АСЕМ-ын хүрээнд солилцох нь хөгжлийн зөрүүг багасгаж, хил дамнасан хамтын ажиллагаа, уялдаа холбоог цааш гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Тээвэрлэлт өндөр өртөгтэй байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор илүү нягт хамтын ажиллагааг санаачлан эхлүүлэх, мөн чадавхийг бүрдүүлэх ажлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох гэх мэт арга замаар шинэлэг шийдлийг эрэлхийлэх нь нэн шаардлагатай байгааг тэд онцлов. Тэд олон улсын холбогдох хуулийн дагуу далайд гарцгүй, арлын жижиг орнууд, далайд тархсан  болон захын бүс нутгийн орнуудын  онцгой хэрэгцээг анхааралдаа авах шаардлагатай болохыг онцлов. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсанд тэргүүн нар баяр хүргэж, уг банк нь Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон олон талт хөгжлийн банкуудын хамтаар уялдаа холбоог бэхжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд АСЕМ-ын түншүүдэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэв. Үүнтэй холбогдуулан бүсийн интеграцийн асуудлаар илүү нягт хамтран ажиллахын чухлыг тэд цохон тэмдэглэв.

16. Тэргүүн нар бүс нутаг хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг Ази, Европын хоорондын эдийн засгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх, тогтвортой өсөлтийн гол хүч болгон нэмэгдүүлэхээ илэрхийлэв. Тэд мөн худалдаанд саад учруулсан буюу дотоодын зах зээлээ хамгаалсан арга хэмжээний эсрэг тууштай зогсох, худалдааны өсөлт, хөрөнгө оруулалтад төвөг учруулдаг тарифын бус, ялангуяа хил нэвтрүүлэхтэй холбоотой саад тотгор зэрэг хязгаарлалтын асуудлыг зохицуулах үүрэг амлалтаа дахин нотлов. Тэргүүн нар бизнесийн тогтвортой болон урьдчилан таамаглаж болохуйц орчин бүрдүүлэхийн чухлыг онцлов. Дэлхийн худалдааны дүрэм журам тогтоох, эрх зүйд суурилсан олон талт худалдааны тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх, гишүүдийнхээ худалдааны бодлогод хяналт тавих, аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхэд Дэлхийн худалдааны байгууллага гол үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэхийн хамт 2015 онд Найроби хотод болсон ДХБ-ын Сайд нарын 10 дугаар бага хурлын нааштай үр дүн, түүний дотор байгууллагын гишүүнчлэлийг өргөжүүлэх шийдвэрийг сайшааж, Бали, Найробийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь чухал болохыг тэд онцлов. Эдгээрийн зэрэгцээ Дохагийн хэлэлцээний үлдээд байгаа асуудлаар яриа хэлэлцээг урагшлуулан Худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрийг даруй хүчин төгөлдөр болгох  нь эдийн засгийн хувьд чухал үр дүн авчирна гэж үзэж буйгаа Тэргүүн нар тэмдэглэв.

17. Тэргүүн нар хувийн хэвшил, төрийн болон хувийн хэвшлийн түншлэл нь тогтворжуулсан, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, найдвартай ажил эрхлэлтийг бүрдүүлэх, бүсийн хүрээнд болон хоёр бүсийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг дахин батлав. Үүнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах, микро болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зорилтод бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ үүднээс гарааны бизнесийг дэмжих, эрх зүйн зохицуулалтын зохистой орчныг бий болгож, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэргээр АСЕМ-ын хүрээнд илүү бодитой хүч чармайлт гаргах асуудлаар яриа хэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг цохон дурдав. Тэргүүн нар АСЕМ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “ЭКО-иновацийн төв” нь эко-иновацийн чиглэлээр мэдээлэл тараах, мэдлэг, тэргүүн туршлага солилцох, микро болон ЖДҮ-ийн хооронд технологийн хамтын ажиллагааг дэмжих замаар Ази, Европын тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.

18. Тэргүүн нар шинжлэх ухаан, технологи, иновацийн салбар дахь хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн өсөлт, тогтвортой, шинийг эрэлхийлсэн, хүртээмжтэй хөгжлийг хангах, ажлын байр бий болгох, мөн ядуурлыг бууруулах, өлсгөлөн, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн үйлчилгээ, насжилт, боловсрол, байгаль орчин, гамшгийн эрсдлийг бууруулах, эрчим хүч, хоол хүнс, цэвэр ус, газрын хөрс, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн болон биотехнологийн салбарт тулгарч буй дэлхий нийтийн сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн хамтын ажиллагааны механизм, хамтарсан судалгаа, шинэлэг шийдлийг олж хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг тэд тэмдэглэв. Тэд судалгаа, иновацийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжих нь нэн чухал гэдгийг онцлоод, энэхүү ажиллагааг урагшлуулахад үр ашигтай оюуны өмчийн эрхийг эрхэмлэх зэрэг олон хүчин зүйлсийн ач холбогдлыг дурдав. Тэд мөн “АСЕМ-ын Шинжлэх ухаан, технологийн иновацийн хамтын ажиллагааны төв” болон “АСЕМ-ын Усны нөөц, хөгжлийн төв”-ийн үүргийг талархан тэмдэглэв.

19. Оюуны өмчийн эрхийг үр дүнтэй хамгаалах нь иновац, өсөлт болон ажлын байр бий болгоход чухал бөгөөд оюуны өмчийн эрхийн асуудлаарх хамтын ажиллагааг холбогдох бүхий л салбарт бэхжүүлэхийг тэргүүн нар онцлон тэмдэглэв.

20. Тэргүүн нар тоон системийн уялдаа холбоо нь хоёр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх  гол түлхүүр гэдгийг цохон тэмдэглэхийн хамт тоон системийн уялдаа холбооны чадавх боломжийг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, иновацийг хөхиүлэн дэмжихэд бүрэн дүүрэн ашиглах арга замыг эрэлхийлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн 16 жилийн хугацаанд Транс-Евроазийн Мэдээллийн Сүлжээ (ТЕМС)-ний гаргасан ахиц дэвшил, БНСУ дахь ТЕМС-ийн хамтын ажиллагааны төвийн үүрэг ролийг сайшааж, уг төслийн цаашдын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон  түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангах нь нэн чухал гэдгийг тэд онцлов. АСЕМ-ын түншүүдийн дунд мэдээлэл, харилцаа холбооны чиглэлд бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хариуцлагатай төрийн ажиллагааг хангах дүрэм, зарчимд үндэслэсэн тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажиллахад ээлтэй орчинг бэхжүүлэх нь чухал болохыг тэд тэмдэглэв. Мөн улс орнуудын хооронд  итгэлцлийг буй болгох, чадавхийг бүрдүүлэх, технологи шилжүүлэх замаар мэдээлэл, харилцаа холбоог гэмт хэргийн болон террорист зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцлов.

21. Тэргүүн нар хоёр бүсийн хооронд соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, аялал жуулчлал, залуусын солилцоог дэмжих замаар иргэд хоорондын уялдаа холбоог сайжруулах нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Тэд АСЕМ-ын түншүүдийн дунд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг дэмжих зорилготой “АСЕМ-ын хамтын тэтгэлэгт хөтөлбөр” нь бодит үр дүнгээ өгч байгааг онцлов. Хүний нөөцийн хөгжилд боловсрол, нэн ялангуяа дээд боловсрол, насан туршийн боловсрол болон техник мэргэжлийн сургалт нь чухал үүрэгтэй болохыг тэд хүлээн зөвшөөрөв. Тэргүүн нар Ази-Европын сан нь Ази, Европын ард иргэдийг ойртуулж, АСЕМ-ын засгийн газар, иргэний нийгмийн хоорондын холбоог илүү нягт болгох, хоёр бүсийн залууст зориулан чадавхийг нэмэгдүүлэх сургалт явуулах зэргээр чухал үүрэг гүйцэтгэдгийг сайшаан тэмдэглэв.

22. Тэргүүн нар бүтээлч, шинийг эрэлхийлсэн санаачлагыг дэмжих, ахуй амьдралаа төвхнүүлэх, үндэсний болон бүс нутгийн брэндийг бий болгоход бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэмдэглэж, түүний ач холбогдлыг онцлов. Тэд АСЕМ-ын хүрээнд байгууллага, мэргэжилтнүүдийн дунд сүлжээний харилцаа холбоо бий болгох, иргэд хоорондын солилцоог дэмжих, туршлага солилцохыг сайшаан дэмжив. Тэргүүн нар бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг соёлын бодлогоор дэмжих учиртайг тэмдэглэж, энэ нь даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд бүтээлч эдийн засгийг бий болгон хөгжүүлэх үндэс суурь нь гэж тодорхойлов. Тэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр ашиглах, соёлын өвийг түүнтэй уялдуулах, мөн бизнесийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, урамшуулах, санхүү, технологийн хөгжил болон мэрэгшүүлэх зэрэг салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжихийг уриалав.

Улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаа

23. Тэргүүн нар терроризм нь олон улсын энх тайван, аюулгүй, тогтвортой байдал, хөгжилд ноцтой аюул занал учруулж байгааг цохон тэмдэглэж, олон улсын эрх зүй, түүний дотор НҮБ-ын Дүрэм болон холбогдох конвенц, протоколууд, ялангуяа хүний эрх, цагаачлал болон олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу түрэмгий экстремизмаас урьдчилан сэргийлэх, терроризмын бүх хэлбэр, илрэлийн эсрэг тэмцэх талаар эрс шийдвэртэй байгаагаа нотлов. Тэд сүүлийн үед гарсан  алан хядагч үйлдлүүд, түүний дотор соёлын өвийг устгасныг хатуу буруушааж, терроризмын эсрэг тэмцэх, нийгмийг хүчирхийлэл рүү түлхэж буй түрэмгий экстремизм, хэт туйлшралыг дэвэргэх нөхцөл байдлыг арилгах, мөн түүнчилэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2178 дугаар тогтоолд заасан гадны террорист тэмцэгч гэсэн шинэ үзэгдлийн эсрэг хамтран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэргүүн нар аливаа шашин, үндэстэн, иргэншил эсвэл угсаатны бүлэгтэй холбохгүйгээр терроризм, түрэмгий экстремизмтэй цогц байдлаар тэмцэх шаардлагатай байгааг онцлов. Тэргүүн нар терроризмыг санхүүжүүлж буй явдал болон террорист бүлэглэлүүд цахим сүлжээг хууль бусаар ашиглахтай эрс шийдэмгий тэмцэхээ илэрхийлэв.  Түүнчлэн химийн, биологийн, радиологийн ба цөмийн терроризмоос урьдчилан сэргийлэх, ердийн зэвсгийн худалдаа, урсгалыг хянах чухал шаардлагатай байгааг тэд цохон тэмдэглэв. Тэргүүн нар НҮБ-д хэлэлцэж буй Олон улсын терроризмтай тэмцэх иж бүрэн конвенцийн хэлэлцээнд дорвитой ахиц гаргах зэргээр олон улсын эрх зүйн дэг журмыг бэхжүүлэхийг уриалав. Тэд Түрэмгий экстремизмаас сэргийлэх тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагааны төлөвлөгөөг анхааралдаа авав. 

24.  Тэргүүн нар гадаадынхныг үзэн ядах үзэл, шашны үзэн ядалт ба хүчирхийлэл зэрэг үзэн ядах, үл тэсвэрлэх үзлийг өдөөн турхирах бүх хэлбэрийг буруушаав. Тэд соёлын болоод шашны өвөрмөц шинж чанарыг хүндэтгэн ойлгох, хүлээцтэй байх, олон ургалч, олон талт үзлийг хүндэтгэх, соёл болон шашин хоорондын яриа хэлцээ, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдал чухал болохыг онцлов. Тэд маргаантай байдлыг зохицуулах, хэт туйлшралын аливаа илрэлтэй тэмцэхэд хүлээцтэй хандах нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрөв. Үүнтэй холбогдуулан тэд Засгийн газруудыг энэ асуудлаарх санаачилгаа нэмэгдүүлэхийг уриалахын сацуу Хүлээцтэй үзэлтнүүдийн  дэлхийн хөдөлгөөнөөс баримталдаг үзлийн дагуу АСЕМ-ын хүрээнд хүлээцтэй хандлагыг хэвшүүлэхэд чиглэсэн хүч чармайлтыг  дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн олон чиглэлийн итгэл үнэмшил хоорондын яриа хэлцээг бэхжүүлэхэд НҮБ-ын Иргэншлийн асуудлаарх эвслийн гүйцэтгэж буй үүргийг цохон тэмдэглэв.

25. Тэргүүн нар дэлхийн янз бүрийн бүс нутагт гарч буй маргаан, мөргөлдөөнийг олон улсын эрх зүйн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд болон НҮБ-ын Дүрмийн дагуу эв зүйгээр шийдвэрлэхэд тус дөхөм болох үүднээс олон улсын болоод бүс нутгийн нийтлэг ашиг сонирхол бүхий тулгамдсан асуудлууд, түүний дотор Ойрхи Дорнод, Африк, Украин болон Солонгосын Хойг дахь сүүлийн үеийн хэрэг явдал, БНАСАУ-тай холбоотой хүний эрхийн асуудал, түүний дотор хулгайлагдсан иргэдийн асуудал зэргийг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх арга замын талаар санал солилцов. Тэд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ нь энх тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, үүнтэй холбоотойгоор төвийг сахисан улс орнуудын хүч чармайлтыг ч мөн дурдав. Тэд олон улсын харилцаанд хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхээс татгалзах тухай зарчмыг дахин нотлов.

26. Тэргүүн нар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг ба баллистик пуужингийн хөтөлбөр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох бүх тогтоолыг ноцтойгоор зөрчиж, Зүүн Хойд Ази төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулж байгааг эрс буруушаав. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчсөн аливаа үйлдлээс БНАСАУ татгалзах шаардлагатай. Тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2270 дугаар тогтоол, холбогдох бусад тогтоол болон Зургаан талт хэлэлцээний 2005 оны Хамтарсан мэдэгдлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг уриалав. Тэд Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, үр дүнтэй яриа хэлэлцээ хийх замаар Зургаан талт яриа хэлэлцээг сэргээхэд таатай нөхцлийг бүрдүүлэх, БНАСАУ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх Гэрээ болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн аюулгүйн баталгаанд ойрын хугацаанд эргэн нэгдэн орох, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр, бүрмөсөн ангид болгох нь нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрт ашиглах эд материал худалдан авахыг завдаж болзошгүйг тэд анхааруулан тус улсад энэ чиглэлээр туслалцаа үзүүлэхгүй байхыг уриалав. 

27. Тэргүүн нар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсаас санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, мөн түүнчилэн Зүүн Хойд Азийн энхийн хамтын ажиллагааны тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын санаачлага зэрэг тус бүс нутгийн улс орнууд болон бусад оролцогч талуудын хооронд харилцан ойлголт, итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн санал, санаачлагуудыг сайшаав.

28. Тэргүүн нар Афганистан, түүний ард түмэн энх амгалан байдалд хөгжин цэцэглэхийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгээс Афганистаны Засгийн газарт энэ чиглэлээр үзүүлж буй бүх талын дэмжлэг, хүч чармайлтыг сайшаав. Афганистанд сүүлийн жилүүдэд олон чиглэлээр нааштай ахиц гарсныг тэд сайшаан тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан тэд Афганистаны асуудлаарх 2012 оны Токиогийн бага хурлын мөрөөр 2016 оны 10 дугаар сард Брюссельд болох бага хурлаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Афганистаны энх тайван, төрийн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө улс төр, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ нотлох, харин Афганистаны хувьд шинэчлэл, хөгжил дэвшлээ тууштай үргэлжлүүлэх үүрэг амлалтаа нотлох боломж болохыг тэмдэглэв. Тэргүүн нар Афганистаны аюулгүй болон тогтвортой байдалд аюул занал тулгарсаар байгаад сэтгэл түгшиж, энх тайваныг даруй сэргээн тогтоохыг уриалав. Тэд энхийн төлөөх Афганистаны удирдлага доорх үйл явцыг урагшлуулахад чиглэсэн “Дөрвөн талт зохицуулах бүлэг” зэрэг олон улсын хүч чармайлтыг дэмжив. Тэргүүн нар  Пакистаны Исламабад хотноо болсон Истанбулын үйл явц буюу Азийн сайд нарын 5 дугаар хурлаас гарсан ахиц дэвшлийг сайшааж, энэ оны сүүлчээр Энэтхэг улсад болох Сайд нарын 6 дугаар бага хурал зохион байгуулахыг дэмжив. 

29. Тэргүүн нар 2014 оны 7 дугаар сарын 17-нд MH17 нислэг осолдсон эмгэнэлт үйл явдлыг дахин дурсаж, осолд дотны хүнээ алдсан хүмүүст гүн эмгэнэл дахин илэрхийлэв. Хүч хэрэглэсэн ийм үйлдлүүд нь иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлж байна. МН17 онгоц осолдоход хүргэсэн этгээдүүдийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2166 тоот тогтоолын дагуу шүүж, хариуцлага тооцох учиртай.

30. Тэргүүн нар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, нийтэд хүртээмжтэй тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, дэлхий дахинд тулгарч буй сорилтыг үр дүнтэй шийдвэрлэхэд Нэгдсэн Үндэстний Байгууллага гол үүрэгтэйг цохон тэмдэглэв. Тэргүүн нар олон улсын эрх зүйд тулгуурласан илүү үр дүнтэй олон талт тогтолцоог бий болгохын чухлыг тэмдэглэхийн зэрэгцээ НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмууд болон тэдгээрийн түгээмэл байдлыг үргэжлүүлэн дэмжих, НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлын 1999 оны чиглэлд нийцүүлэн сайн дуурын үндсэн дээр улс орнууд тохиролцож цөмийн зэвсэггүй бүс байгуулах зэргээр цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг үл дэлгэрүүлэх, түүнийг хураах үйл явцыг урагшлуулах чиглэлд идэвхтэй ажиллахаа мэдэгдэв. Тэд бага оврын болон хөнгөн зэвсгийн тухай НҮБ-ын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалав. Тэргүүн нар ардчилал, ил тод байдал, хариуцлагын зарчмыг удирдлага болгон НҮБ болон түүний үндсэн байгууллагуудыг цогцоор шинэчлэх шаардлагатайг дахин нотлов.

31. Тэргүүн нар 2015 онд АСЕАН-ы Хамтын нийгэмлэг албан ёсоор байгуулагдсан нь бүс нутгийн болон бүс нутаг хоорондын интеграцчилалыг бэхжүүлэхэд чухал алхам болсныг сайшаав. Тэд АСЕАН-ы Хамтын нийгэмлэгийн 2025 он хүртэлх хөгжлийн төсөөлөл, мөн Ази,Номхон далайн бүс нутагт бүрэлдэж буй тогтолцоонд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй АСЕАН-ыг дэмжиж байгаагаа дахин нотолж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй болон тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх яриа хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэхэд АСЕАН-ы оруулж буй хувь нэмрийг үнэлэв. Тэд түншүүдтэйгээ харилцаагаа өргөжүүлэх талаар АСЕАН-ы гаргаж буй хүч чармайлтад баяр хүргэж, АСЕАН-ы тэргүүлж буй бүхий л үйл явцад АСЕМ-ын Европ түншүүд оролцоогоо гүнзгийрүүлэх сонирхолтой байгаад баяр хүргэв.

32. Тэргүүн нар энх тайван, тогтвортой байдал ба хөгжил цэцэглэлтийг хангах, олон улсын эрх зүйн зарчмуудад бүрэн нийцүүлэн далайн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, далайд  чөлөөтэй зорчих, түүний дээгүүр нислэг үйлдэх, хууль ёсны худалдааг ямар ч саадгүй хийх, далайн дээрэм болон зэвсэгт халдлагатай  тэмцэх талаарх байр сууриа дахин нотлов. Тэд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг урагшлуулах, хүчээр заналхийлэх буюу хүч хэрэглэхээс татгалзах, далайн маргаантай асуудлуудыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрэм болон Далайн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн дагуу эв зүйгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтойг дахин нотлов.

33. Тэргүүн нар Ази болон Европт урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд хүрсэн хүмүүнлэгийн онцгой байдал, цагаач, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой сорилт, хүн худалдаалах болон хууль бусаар хил нэвтрүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулав. Тэд эмх замбраагүй шилжилт хөдөлгөөн болон хүчээр нүүлгэн шилжүүлэх болсны суурь шалтгааныг шийдвэрлэх, олон улсын холбогдох стандартын дагуу болон дотоодын хууль тогтоомж, бодлогын хүрээнд хамгаалалт, боловсрол, ахуй амьжиргаа болоод үйлчилгээ хэрэгтэй байгаа хүмүүст, мөн түүнчилэн шилжин нүүсэн хамгийн эмзэг бүлгийнхэн болоод тэднийг хүлээн авч буй газруудад дэмжлэг үзүүлэх, өндөр эрсдэлтэй газруудад мэдээлэл түгээх зэргээр бүсийн болон олон улсын хэмжээнд иж бүрэн арга хэмжээ авах шаардлагатайг цохон тэмдэглэв. Тэд хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг аюулгүй, эмх замбраатай хэрэгжүүлэхэд илгээгч, транзит болон хүлээн авагч улсууд хамтран ажиллах; шилжин нүүсэн хүмүүсийг буцаах болон эргэн нийгэмшүүлэх; олон улсын хүмүүнлэгийн хууль болон олон улсын цагаачлалын хуулийг хүндэтгэн хэрэгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэв. Тэд мөн 2016 оны 12 дугаар сард Дакад болох Шилжилт хөдөлгөөн ба хөгжлийн асуудлаарх дэлхийн 9 дүгээр чуулга уулзалт нь энэ салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх таатай боломж олгохыг дурдав. 

34. НҮБ-ын Дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн асуудлаарх олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүний эрхийг ханган хамгаалах, мөн НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, тухайлбал улс орны илтгэлээр дамжуулан хүний эрхийг хангахад чиглэсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар хүлээсэн үүргээ дахин нотлов.Тэд АСЕМ-ын хүрээнд хүний эрхийн салбарт туршлага болон шилдэг арга барилаа хуваалцах үндсэн дээр хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дахин илэрхийлэв. Хүний эрхийг ханган хамгаалахад засгийн газрууд, олон улсын ба үндэсний хүний эрхийн байгууллагууд, бүс нутгийн байгууллагууд чухал үүрэгтэйг онцолж, хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах  чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг Тэргүүн нар цохон тэмдэглэлээ. Түүнчлэн тэд эмзэг бүлгийнхэн, тухайлбал эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний бүх эрхийг бүрэн эдлэх боломжоор хангах шаардлагатайг тэмдэглэв. Тэргүүн нар иргэний болон улс төрийн эрх, мөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон хөгжих эрхийн асуудалд түлхүү анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв.

35. Тэргүүн нар ардчиллын зарчмууд, сайн засаглалыг эрхэмлэн хариуцлагатай байх, авилгал, мөнгө угаахтай тэмцэх, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар баримталж байгаа тууштай байр сууриа дахин нотлов. Түүнчлэн тэд  засгийн газрууд, ялангуяа авилгалтай тэмцэх эрх бүхий байгууллагууд, парламент, шүүхийн байгууллагуудын хооронд ялтан шилжүүлэх, эрхзүйн туслалцаа үзүүлэх, өмч хөрөнгийг нь буцаахад хамтран ажиллах зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэв.

  1. Тэргүүн нар удирдлагын болон шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн бүрэн, эрх тэгш оролцоо чухал болохыг хүлээн зөвшөөрч, улстөр, эдийн засгийн үйл ажиллагаанд охид, эмэгтэйчүүдийн бүрэн эрх, тэгш оролцоог хангахад саад болсоор байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар үүрэг амлалт авав.

Ажлын арга барилаа эргэж харах нь

37. Тэргүүн нар 2013 оны 11 дүгээр сард Дели хотноо болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр санаачлан эхлүүлсэн АСЕМ-ын хүрээнд ажлын арга барил, зохицуулалтыг улам сайжруулах замаар АСЕМ-ын албан бус шинж чанарыг түүний үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхтэй нийцүүлэх боломжийг эрэлхийлэх хүч чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцов. Үйл ажиллагаагаа баримтжуулан хадгалах, уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны үр дүнтэй төсөл хэрэгжүүлэх, холбогдох оролцогч талуудыг  хамруулах болон бусад арга замаар Ази, Европын яриа хэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэд цохон тэмдэглэв. Тэд мөн АСЕМ-ын гурав дахь арван жилийн хэрэгцээ шаардлага болон тус үйл явцад гарсан шинэ үйл явдлуудтай нийцүүлэх үүднээс АСЕМ-ын хүрээнд харилцаа холбооны үр ашигтай арга замыг үргэлжлэн эрэлхийлэх үүргийг Ахлан албан тушаалтнуудад даалгав.

38. Тэргүүн нар засгийн газруудын удирдан явуулж байгаа АСЕМ-ын үйл явцад соёл, эдийн засаг, боловсрол, засаглал, эрүүл мэнд, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, төслүүд болон АСЕМ-ын дээд түвшний болоод сайд нарын уулзалтуудын үеэр зохион явуулж байгаа тусгай арга хэмжээнүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлж байгаа Ази, Европын сангийн үйл ажиллагааг сайшаав (Хавсралт 3-г үзэх). Тэд АСЕМ-ыг сурталчлан таниулах, үйл ажиллагаагаа түүний тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэх талаар Ази, Европын сангийн үүргийг бэхжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

39. Тэргүүн нар АСЕМ-ыг сурталчлан таниулах, олон нийтийн дунд АСЕМ-ын ач холбогдлыг өргөх үүднээс АСЕМ-ын үйл явцад иргэний нийгэм болон бизнес, хөдөлмөрийн түнш байгууллага, эрдэмтэд болон судалгааны хүрээлэн, эмэгтэйчүүд, оюутан, залуучууд болон сэтгүүлчдийн байгууллага зэрэг янз бүрийн талуудын оролцоог шаардлагатай тохиолдолд өргөжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Тэд АСЕМ-ын албан ёсны үйл явцад янз бүрийн оролцогч талуудын санаа бодлыг тусгах үүднээс тэдэнтэй зөвлөлдөх зохих суваг бий болгох, холбогдох оролцогч талуудыг АСЕМ-ын уулзалтуудад зохимжтой үед шууд оролцуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

40. Тэргүүн нар мөн сүүлийн 13 жилд зохион байгуулаагүй Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээн явуулах нь чухал болохыг тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор тэд 2017 онд Эдийн засгийн сайд нарын уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах талаар Бүгд Найрамдах Солонгос Улсын гаргасан саналд баяр хүргээд энэ оны сүүлээр Монголд хийхээр төлөвлөсөн Худалдаа, хөрөнгө оруулалтын Ахлах албан тушаалтнуудын хурлаар энэхүү саналыг хэлэлцэж шийдвэрлэхийг үүрэг болгов.  

41. Тэргүүн нар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө Улаанбаатар хотноо болсон  Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалт, АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын  түмний 11 дэх чуулга уулзалт, Ази, Европын бизнесийн 15 дахь чуулга уулзалтын үр дүн, зөвлөмжүүдийг АСЕМ-ын үйл ажиллагаанд оруулж буй үнэтэй хувь нэмэр хэмээн тэмдэглэв. Түүнчлэн тэд Ази- Европын Сангийн үлгэр жишээ залуучуудын төсөл болох Загвар АСЕМ-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсныг сайшаан энэхүү арга хэмжээг АСЕМ-ын Дээд түвшний уулзалттай хамт  тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.

42. Тэргүүн нар залуучуудын асуудлаар АСЕМ-ын хамтын ажиллагааны 20 дахь салбар буй болсныг баяртайгаар тэмдэглээд АСЕМ-ын үйл ажиллагаанд хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, хоёр бүсийн хоорондын харилцааг ойртуулах, харилцан ойлголцох явдлыг нэмэгдүүлэхэд  хувь нэмэр болох олон арга хэмжээг 2016-2018 онд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл салбарт (Хавсралт 1 ба Хавсралт 2-г үзэх) зохион байгуулахаар АСЕМ-ын түншүүдээс гаргасан санаачлагуудыг анхааралдаа авав. Тэд өгөөжтэй, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааны ач холбогдлыг  тэмдэглэхийн зэрэгцээ АСЕМ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх салбар дахь олон төрлийн санаачлага, төслийг хооронд нь уялдуулан зохицуулах замаар үр ашгийг нь дээшлүүлэх талаарх зөвлөмжийг сайшааж байгаагаа илэрхийлэв.

43. Тэргүүн нар АСЕМ-ын 20 жилийн ойн баярын үйл ажиллагаа нь улс орнуудад АСЕМ-ын талаарх мэдлэгийг олон нийтийн дунд нэмэгдүүлэхэд тус дөхөм болсныг санал нэгтэй тэмдэглэв. Тэргүүн нар АСЕМ-ыг сурталчлан таниулахад чиглэсэн  АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл ба Олон нийтэд сурталчлах стратегид туссан саналуудыг сайшаан дэмжив.Тэд АСЕМ-ыг сурталчлан таниулах үйл ажиллагаанд өөрийн хувь нэмэр оруулахыг АСЕМ-ын бүх түншүүдэд уриалав. Үүнтэй холбоотойгоор Тэргүүн нар жил бүр АСЕМ-ын өдрийг тэмдэглэж байх, мөн оролцогч талуудтай болон  тэдний үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах, хамтын ажиллагааг сайжруулах арга замыг сонирхсон түншүүд болон Ази, Европын сантай хамтран эрэлхийлж ажиллах Монголын санаачилгыг сайшаан баяр хүргэв.

44. АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 13 дугаар уулзалтыг 2017 оны 2 дугаар хагаст Нэйпидо хотноо хүлээн авч зохион байгуулах Мьянмарын урилгыг Тэргүүн нар баяртайгаар хүлээн авав.

45. Тэргүүн нар Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж, нийт оролцогсдыг халуун дотноор хүлээн авч зочлуулсанд хурлын Дарга болон зохион байгуулагч улсад талархал илэрхийлэв. Тэргүүн нар 2018 онд Европын Холбооны удирдлага дор Бельгийн Брюссель хотноо болох АСЕМ-ын 12 дугаар дээд түвшний уулзалт дээр эргэн уулзахаа мөн илэрхийлэв.


"АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” хурлын даргын мэдэгдэл  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй