Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол чадлаа. Монголчууд чадлаа

2016-07-18 18:00:05

Өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн Ази Европын Дээд хэмжээний чуулга уулзалтын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсааар дамжуулан сэтгэгдэлээ илэрхийлжээ. Тэрээр,

"Ази Европын Дээд хэмжээний чуулганд ирсэн зочид нутаг нутгийнхаа зүг хүлгийн жолоо залцгаав. Энэхүү уулзалтын эрхийг Монгол улс зориг гаргаж, өрсөлдөж өөртөө итгэж авсан нь сайн боллоо. Монголын минь сайн нэр 5 тэрбум гаруй хүний сонор мэлмийд хүрчээ. Монголын түүх, хосгүй байгаль, уламжлал соёл, ажил үйлс, ур чадвар, зохион байгуулалтыг олны олон сайшаан магтацгаав.

Бөмөрцөгийн хоёр тивийн удирдагчид манай нийслэл хотод АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэв. Өнгөрсөнөө дүгнэж, өнөөг цэгнэж, ирээдүйгээ ярилцав. Хоёр тивийн бүтэн жилиийн их чуулган амжилт бүтээл дүүрэн өндөрлөж, дараагийн зочиндоо Монгол Улс халаагаа өглөө. 810 жилд энэ дөрвөн тоо -1206:2016- дөрвүүлээ тэгширч (0,1,2,6) тус бүр 2 удаа давтагдсан нь олны билигшээл ерөөлийг дагуулав.

АСЕМ-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд болон олон талт үйл ажиллагаа, хурал уулзалт, баримт бичиг хэлэлцээр, сургалт суртачилгаа, үйлчилгээ хамгаалалт гээд бүх талаар хамтран ажилласан нийт хүмүүст гүн талархал илэрхийлье. Монгол хүний сурсан, хийсэн бүхэн Монголдоо үлдэнэ. Дараа дараагийн олон зүйлд хэрэг болно.

Монгол чадлаа. Монголчууд чадлаа. Ард түмэндээ баярлалаа. Зочид гийчдийн сэтгэл дээд зэргээр хангалуун буцлаа. Насан туршдаа мартахгүй сайхан дурсамжийг монголчууд Та бүхэн бидэнд үлдээж чадлаа гэж тэд дор бүрнээ ярьцгаав. Монголын ард түмэн, төрд чин сэтгэлийн талархал илэрхийлцгээв. Монголын минь ажил үйлс, буян заяа, золбоо хийморь үргэлжийн үргэлжид өөдөө байг ээ." хэмээн бичсэн байна.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол чадлаа. Монголчууд чадлаа  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй