Шууд Chart

Даян хайрхны “Савдаг”

2016-08-03 14:43:34

12 кг камер үүрч, эмзэг нандин техникийнхээ аюулгүй байдлыг нь хангаж зураг авч яваа оператор Болороог бодоход өөрийн муугаас болж “өөхлүүлсэн зовлогоо”  дааж ядан яваа өөртөө би “Заавал оройд нь гарах ёстой” гэсэн  хатуу шаардлага тавьж явлаа. Хангайн нурууны салбар уулсын нэг Даян хайрхан 2900 метр. Хөл тушсан их борог өвс тушиж, бургас хавиргаар минь ороолгуулж, авдар шиг том том  хадны ангал руу хөл алдаж, ус шалбааганд хальтирч ядан явлаа. За дээр нь халуун, ялаа хоёрт нь даанч өршөөл алга. Шумуул нь өлөн гэж жигтэйхэн.

Замдаа гурван ч вансэмбэрүүтэй тааралдаж, зургийг нь авч бас “хамт“ зураг татуулав. Зангидсан гарын дайтай, нээрэн л хүүхдийн сэвлэг шиг хонгор өнгөтэй дэлбээн дээр нь зөгий сууж хооллосон тийм гоё цэцгийг “амьдаар нь” харж хийморио сэргээгээд бид дахин цааш мацав. Хоёр давхар их хадан дэвсэгийг арай гэж даваад Даян хайрханд хүрлээ. Байгаль ээж нов ногоон хивсэн дээр өнгийн утсаар цэцэг навч шаглажээ. Арц, алтангагнуур, удвал, сарнай, юмдүүжин өнгө өнгөөр алаглана. Хөлөөр Очирваань уулын арц хөлбөрнө.

Үнэр гэж үгээр хэлэхийн аргагүй анхилам. Алган дээр тавьсан мэт орчны байгаль нүдэнд илхэн. Даян хайрхны зүүн бэлд толиорох Хөх нууранд хос хун хөвж, уулсын Очирваань хайрхан өглөөний наранд сүүдэр юугаа буулган ханхайх нь сүртэй. Азтай явнаа, бид Хайрхан уул маань бөртийх ч үүлгүй дуртайяа зургаа татуулж байна. Очирваань хайрхны баруун хэсэг, Их, бага Даянгийн үзэсгэлэнт хангай Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн  нутагт харьяалагддаг юм.

Муу аав маань уул, ус ургамал цэцгийн хүрээлэн болсон Богдын гол багийн энэ дагшин нутагт хүн ардын зовлон жаргал  дунд ЗО  шахам жил шогшиж бригадын даргын ажлыг хийж монгол төрийн албыг залгуулж явж. Нутагт маань үлдсэн тоотой хэдэн буурал “Манай Пээеэ даргын охин” гээд уруул хүргэхэд нулимс алдуурч л явах. Аавынхаа өгсөж явсан мөр, өвгөдийнхөө үлдээсэн морин жимээр шүтээн ууланд нь гарч явна. Хөлөөр арц хөглөрөөд, шоголтой ном шиг тэвхийх Даянгийн цохио сүндэрлэнэ. Энэ хайрхныг охин савдагтай гэлцдэг.

Одоо энэ уулыг төрийн өмнөөс хамгаалж байгаа “цагдаа нь” ч Балжиннямын Налжирмаа гэдэг бүсгүй. Шулуун шударга зантай, муухан эр хүнээс дутахгүй тэр бүсгүй Даянгаа эргэж яваатай нь тааралдлаа. Эгц, цавчим, хонхор хотгор, асга хад болсон хангайн энэ бартаат замд Б.Налжирмаа мотоциклыг бол ёстой баруун солгойгүй унана. “Долоо хоногт хоёр удаа эргэж хараа хяналт тавихгүй бол хог новш хаяхаас эхлээд зөрчил гарна. Бас ууланд аялж байгаа аялагчдын эрүүл мэнд, аюулүй байдал ч надад хамаатай. Цэцэг, тарвага хоёроосоо эхлээд аргаль, янгир, араатан жигүүртэн бүгд тоо толгойгоороо миний дансанд бий” гэж тэр ярина. Ес хоног ч амьдрахад уйдмаар аглаг зэлүүд нутагт ес дэх жилдээ байгаль хамгаалагчаар ажилласан 37-хон настай залуу бүсгүй Б.Налжирмаагийн түүх ингэж эхэлдэг.

2ООО оны зуднаар Даян уулын зүүн хойд Гялаанд өвөлжсөн Б.Налжирмаагийн аав Балжинням гуайнх хэдэн сарлагаа зуданд алдаж, амь зуух аргагүй болов. Өглөө оройд нь сааж, өдөржин хариулж явсан буянт сүрэг нь толгой дараалан тэрийгээд, тэрийгээд унасан нь жаал охин Б.Налжирмаагийн өр зүрхийг эмзэглүүлэв. Харин тэр үед ээж нь хангай дэлхийгээ аргадаж, цайны дээжээ өргөхөд битүү харанхуйлж байсан тэнгэр алгуур, алгуурхнаар цэлмэдэг байв. Тэр л үеэс байгаль дэлхий чинь эзэнтэй юм байна гэж бодох болов. Энэ мэдрэмж түүнийг Дархан хотын ХААИС-д экологи-байгаль хамгаалагчийн мэргэжлээр суралцах гол хөшүүрэг нь болов. Гадаа гандаж, хөдөө хөхөрлөө гэж тэр оюунаа хээр хаясангүй, бизнесийн ухааны магистр хамгаалав. Б.Налжирмаагийн нагац ах Даваадорж гэж лут том байгаль хамгаалагч тэтгэвэрт гарахдаа Б.Налжирмаад төрсөн нутаг Богдын голынхоо уул, ус, ан амьтан, араатан жигүүртнийг тоолж “дансаар“ нь хүлээлгэж өгсөн хэрэг.

Өвөлд нь даарч, хаварт нь гансарч, намарт нь гандмаар ганцаардмал амьдралд залуухан бүсгүй ес дэх жилдээ ажиллана гэдэг эх нутагтаа, мэргэжилдээ элэг зүрхнээсээ хайртайнх. Даян өгсөх замд ганц байшин, ганц бүсгүй, ганц мотоцикл. Ганц хүү нь аймагт ном сураад ирэхгүй. Гэхдээ Б.Налжирмаа маань ханьтай болж байгаа гэсэн. Сэвэлзэх өвсөн толгой ганхахыг, сэмрэх үүлс нүүхийг хараад хайрын шүлэг тэрлэж явна билээ, тэр. “Энэ уулс чинь эзэнтэй, өглөө бүхэн уулсдаа зориулсан шүлгээ чанга дуугаар уншихад уулс маань сонсдог юм. Он жилүүдийн уртад би уулсаараа, уулс маань надаар дутдаг болчихсон” гэж  Б.Налжирмаа ярина.

...Өнө холоос

Өвгөдийн маань үлдээсэн

Өрөөтэй судар шиг Даян уул минь ээ ...

 өглөө бүр тэр Даян ууландаа ингэж уншиж аргадна.

Яг ээж нь өглөө бүхэн цайны дээжээрээ аргаддаг байсан шиг. Б.Налжирмаа ховор амьтан, ургамлын судалгаа хийнэ. Байгаль хамгаалагчийн “өлөн” нүдээр тэр орчноо бүртгэнэ. Төрийн хуулийг иргэдэд зөв хүргэх гэж хичээж явах. Зарим нь загнана, зарим нь хүлээж авна, зарим нь нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргана, хүмүүсийн байдал ороо бусгаа. Гэвч сэтгэлийн үзүүр цагаан байхад төрийн хэрэг бүтэж л байх. Ийм л нэг дайчин, шаламгай бүсгүй дагшин ариун Даян хайрхныг гол горхитой нь, цэцэг навчтай нь, араатан жигүүртэнтэй нь хойч үедээ үлдээх гэж зүтгэж явах.

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
Завхан аймаг, Улиастай хот
2016 он 7-р сарын 2О





Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Даян хайрхны “Савдаг”  
Үзсэн: 3763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [139.5.219.xxx] 2016-08-11 14:11
Миний хувьд бол АЛТАНЦЭЦЭГ авгайг таних учраас үлдсэн нэг эмэгтэй нь байгал хамгаалагч гэж ойлголоо,таньж мэдэхгүй хүнд бол ягаан альчуур дамжуулсан хоёр эмэгтэйн хэн нь сурвалжлагч хэн нь байгал хамгаалагч болох нь үл ойлгогдоно,тэр сайхан байгалыг арай аятайхан биччихсэн бол мөн ч сайхан байхсандаа,гэхдээ яахав оргүйд орвол охинтой гэж үг байдаг.
Зочин [103.9.90.xxx] 2016-08-11 11:50
маш муу бичиж
jjj [203.91.115.xxx] 2016-08-10 15:03
хүмүүс эх орноороо маш их аялдаг болжээ.энэ нь сайшаалтай боловч байгалиа хамгаалах орчноо цэвэр байлгахад ер анхаарахгүй юм.энэ нь дотоодын аялагчдад их хамаарна бас нутгийн хүмүүс бол их мухар сохроор уул усаа шүтэх юм гэсэн атлаа шүтдэг тахидаг гээд байгаа мөртлөө дээгүүр нь машинаар давхиадхичнээн ч зам гаргачихсан байх юм ус нь бохирдоод байхад гар хүрч болохгүй гээд хараад л хэрэглээд л байгаад б.а сумын засаг дарга нар гэж баахан газар зохицуулсан хүмүүс байдаг юм б.а
3 [202.9.41.xxx] 2016-08-10 10:41
ми
Зочин [202.9.41.xxx] 2016-08-10 10:34
Сайхан бичиж
Уугуул [202.70.34.xxx] 2016-08-10 09:30
Сайхан бичжээ. Саяхан Даян дээр гарсаан. Нутгаа эргэсээн. Харин нутгийн биш аялагчид хогоо их хаясан байсан. Их эмзэглэсэн. Бас малчин айлууд хогоо бөөгнүүлчихээд хаяагүй баясан шүү. Хаана ч явсан идсэн уусан хэрэглэсэн зүйлийнхээ хог новшоо аваад явчихдаг болоосой доо.
Зочин [122.201.22.xxx] 2016-08-08 14:39
ali aimgiin ali suniin nutag ve
тугчин [203.91.118.xxx] 2016-08-08 08:28
хүний сэтгэлд үлдтэл гоё юм бичээгүй л байна даа. Тэгээд зурган дээр байгаа хүмүүсийн аль Намжирмаа юм дээ ойлгосонгүй
үшүш [115.135.220.xxx] 2016-08-04 11:23
за да, өөлөх хүнд- өгөөж тааруухан, өрөвдмөөр өнгөц, холоос зорьж очсон гэхэд хүнд хоногших юмгүй л бичиж дээ, like өгөхөд ч хэцүү. бодоорой,

Бидэнтэй нэгдээрэй