Шууд Chart

Б.Золжаргал: Аль болох өөрийгөө "эвдсэн" дүр бүтээхийг хүсдэг

2016-09-08 15:38:52

Редакцийн зочин булангийнхаа энэ удаагийн дугаарт МҮОНТ-ийн бүтээл “Хоймор өнжих нар”, ТВ5 телевизийн  "Замбуулин дуусах болоогүй” олон ангит уран сайхны кино болоод саяхан нээлтээ хийсэн “Нүдэн сондор” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Золжаргалыг урилаа.

-Таныг “Хоймор өнжих нар”-ын Билгэ-Үжин, “Замбуулин дуусах болоогүй”-гийн Оюунзул гэвэл хүмүүс илүүтэй таних байх. Тэгвэл энэ дүрүүдийн эзнийг хэн гэдэг билээ. Анхны уран бүтээлийнхээ талаар яривал?
-Намайг Баярсайханы Золжаргал гэдэг. Дорноговь аймагт төрсөн. Одоо 23 настай. Анхны уран бүтээл маань МҮОНТ-ийн “Хоймор өнжих нар” олон ангит кино байсан. МҮОНТ гэх энэ том газрын болоод Л.Ариунжаргал найруулагчийнхаа ач тусаар энэ кинонд тоглох болсон нь надад маш том аз завшаан гэж боддог. Энэхүү киногоо дуусгаад шууд ТВ5 телевизийн “Замбуулин дуусах болоогүй” олон ангит киноны зураг авалтад орсон.

-Дүрийн шалгаруулалтад орж байхдаа юу гэж бодож байв?
- Анх МҮОНТ кино бүтээх гэж байгаа, тийм насны хүмүүсийг дүрийн шалгаруулалтад урьж байна гэдгийг сонсоод эхэндээ жаахан сонирхоод очсон л доо. Учир нь би мэргэжлийн жүжигчин биш учраас яг дүрийн шалгаруулалт гэж ямархуу зүйл байдгийг мэддэггүй ч ямартай ч ороод үзье гэж бодсон хэрэг. Тэгээд эхний пробонд орж тэнцсэн. "Хоёр дахь шалгаруулалт дээр ирээрэй” гээд над руу залгасан. Ирээд шалгуулаад тэнцээд тэгээд л энэ Билгэ-Үжин гэх охины дүрд сонгогдсон доо. Үнэнээ хэлэхэд эхэндээ ерөөсөө итгээгүй. Энэ үл итгэсэн байдал маань зураг авалт эхэлсэн ч, киноны нээлт болсон ч ерөөсөө арилахгүй байсан. Нэг тийм сонин гайхалтай мэдрэмжийг одоо яг юу гэж тайлбарлаж хэлэхээ мэдэхгүй байна.

-Би 2015 онд ШУТИС-ийг Геологийн инженер мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаж үзээгүй явна. Харин жүжигчний тухайд бол миний хүсэл тэмүүлэл энэ зам руу хөтөлсөн юм болов уу гэж боддог.

-Мэргэжлийн жүжигчин биш гэлээ. Ямар мэргэжилтэй билээ. Яагаад кино урлагт хөл тавих болов?
-Би 2015 онд ШУТИС-ийг Геологийн инженер мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаж үзээгүй явна. Харин жүжигчний тухайд бол миний хүсэл тэмүүлэл энэ зам руу хөтөлсөн юм болов уу гэж боддог. Ер нь тэгээд хүн нэг жүжиглээд эхлэхээрээ зогсож чаддаггүй юм шиг ээ. Зураг авалтын үед шантармаар хэцүү зүйлс олон байдаг ч уран бүтээл маань бэлэн болсны дараа кино театрт нээлтээ үзээд үзэгчдийн урмын үг, санал сэтгэгдэл, шүүмжлэлийг сонсохоор улам хурцлагдаад бүр илүү их хичээмээр санагддаг. Нэг үгээр хэлбэл, би жүжиглэлтээс сэтгэл ханамжийг 100 хувь авдаг гэж хэлж болно.

-Эзэмшсэн мэргэжлээрээ цаашид ажиллах бодол байдаг уу?
-Байнга хөдөө хээр хайгуул хийх зэргээс эхлээд л геологичийн мэргэжил эмэгтэй хүнд их хэцүү. Мэдээж насан туршдаа жүжигчнээр ажиллахгүй, хэзээ нэгэн цагт амьдралаа авч явах ямар нэгэн ажил хийх байх. Гэхдээ тэр нь геологич биш болов уу.

-“Хоймор өнжих нар” кинонд тоглож байсан үеийн Золжаргалаас өнөөдрийн Золжаргал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-“Хоймор өнжих нар” кинонд тоглож байхдаа юу ч мэдэхгүй бүх зүйл шинэ байсан. Ер нь бол хоёр жилийн хугацаанд хоёр олон ангит кино, дөрвөн дэлгэцийн уран бүтээлд оролцсон байна. Маш их зүйлийг сурсан. Бараг кино драмын чиглэлээр бүтэн жилийн курс төгсчихсөн юм шиг санагдаж байна. Уран бүтээл бүр дээр шинэ баг, хамт олонтой таарч шинэ зүйл их сурч байгаа.

Анх цээж зургаа л даруулах гэж камерийн өмнө суудаг байсан охин шууд кино зураг авалт, тэр олон гэрэл, микрофон, камерийн өмнө жүжиглэнэ гэдэг мэдээж амар байгаагүй. Гэхдээ хичээж туршлагажиж, бага багаар ахиж яваа гэж бодож байна.

Анх цээж зургаа л даруулах гэж камерийн өмнө суудаг байсан охин шууд кино зураг авалт, тэр олон гэрэл, микрофон, камерийн өмнө жүжиглэнэ гэдэг мэдээж амар байгаагүй.

-Ер нь бүтээж байсан дүрүүдээс тань чамтай хамгийн ойр нь ямар дүр байв?
-“Хоймор өнжих нар”-ын Билгэ-Үжин надтай, миний зан араншинтай маш адилхан дүр байсан. Энэ дүрийг бүтээхдээ би нэг их өөрчлөгдөөгүй, бараг өөрийнхөөрөө л тоглосон. Харин “Замбуулин дуусах болоогүй” кинонд тоглох маш хэцүү байсан. Зодуулж нүдүүлээд л уйлаад л, ухаан санаагаа алдаад л маш их цусан дунд байхаас эхлээд их хүнд дүр л дээ. Энэ дүрийг бүтээхдээ би  маш их айж байсан. Над шиг зөөлөн хүн ийм хурц ширүүн дүрийг гаргаж чадах болов уу гээд л... Тухайн үед ээж маань “Миний охин нэгэнт л урлагт хөл тавьсан. Эхнийхээ дүр дээр өөрийнхөөрөө явсан бол одоо арай өөр дүр бүтээж, өөр зүйлд хүрч үзвэл яадаг юм. Зориглоод үз” гэх урмыг өгсөн. Тийм ч учраас энэ бүтээлд би маш зоригтой орсон. Хоёр сар гаруй хугацаанд дүрийн бэлтгэлээ хийсэн. Хар тамхины хамааралтай хүмүүс ямар байдаг, сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс ямар ааш араншин гаргадаг гээд бүгдийг харж, дуурайж байсан даа. Мөн айлын ганц, эрх охидууд ер нь ямар ааш гаргадаг юм бэ гэдгийг хүртэл ажиглаж, бэлтгэл хийдэг байлаа.

-Тэгвэл хамгийн хэцүү дүр нь...?
-Бүх л дүр амар биш. Миний хувьд цаг агаараас шалтгаалсан зураг авалт их хийдэг дүр бүтээхэд хэцүү байдаг. Учир нь бороонд их нороод, хүйтэн гол руу их орчихвол өвдчихдөг, сул биетэй. Өдийг хүртэл таарсан хамгийн хэцүү дүр гэвэл “Замбуулин дуусах болоогүй” киноны Оюунзул. Энэ киноны зарим зургийг Хөх хотод авсан. Бараг 12 сар гарах гэж байхад зураг авч байсан ч бид тэнд зуны өнгө төрх гаргах ёстой байсан учраас маш нимгэн хувцастай зураг авалтад ордог байлаа. Тэгэхэд маш их даарч, маш их шантарч байсан. Гэхдээ л киногоо дуусгасан даа.

-“Замбуулин дуусах болоогүй” киноны дүрийн шалгаруулалтад хэрхэн орж байв?
-Киноны уран бүтээлчид эхлээд санал тавьдаг. Гэхдээ тоглооч ээ гэж бус тийм кино хийх гэж байна, ирж дүрийн шалгаруулалтад орооч ээ гэдэг. Тэгээд л би очсон. Намайг очиход маш олон охин шалгаруулалтад орох гээд ирчихсэн байсан. Тухайн кино маань нийгмийн хар бараан тал буюу гоё ганган охидыг урагшаа гаргаж худалдаалах гэх мэтийг харуулах учраас тодорхой хэмжээний шалгуур байсан л даа. Өндөр, гоё сайхан биетэй байхаас гадна, царайлаг байх гэдэг ч юм уу...

Өдийг хүртэл таарсан хамгийн хэцүү дүр гэвэл “Замбуулин дуусах болоогүй” киноны Оюунзул.

Намайг очиход тэр кинонд шалгуулахаар хөөрхөн, гоё биетэй охидууд цуглачихсан байсан. Би ч “За за би ч одоо тэнцэхгүй юм байна. Ямартай ч шалгуулаад үзье” гэж бодсон. Ээжийнхээ хэлснийг бодоод л, хамаг хүчээ гаргаад л Оюунзул гэх охины дүрд проб өглөө. Гэтэл Оюунзул гэдэг охины дүрийг угаасаа л надад өгөх гэж байсан юм билээ. Энэ дүр дээр шалгаруулалт явуулаагүй, тэр охины найзуудынх нь дүрд проб хийж байсныг би мэдэлгүй өдөржингөө пробонд орж уйлсан. Пробонд ороод уйлаад дуусангуут дараагийн жүжигчин орж ирээд дахиад л би уйлна...

-Урлагийн хүмүүсийг хараад байхад урлагт хөтөлсөн, үлгэр дуурайлал болдог багшийнхаа тухай их ярьдаг. Жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч багштай болсон байх?
-Би баг хамт олноосоо их суралцдаг. Хамтран тоглож байгаа жүжигчдээсээ бас их зүйл сурна. Тэр хүмүүс маань намайг мэргэжлийн хүн биш гэдэг утгаар ч юм уу их энгийнээр тайлбарлаж, ойлгуулдаг. Ер нь миний жүжиглэж эхэлснээс хойш багшаа хэмээн бодож, хүндэлж явдаг хүн маань Төмөрбаатарын Анар ах. Т.Анар ах “Замбуулин дуусах болоогүй” кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан. Мөн энэ кинонд миний ээжийн дүрд тоглодог Ж.Оюундарь эгч, “Хоймор өнжих нар” кинонд миний аавын дүрд тоглосон СТА Д.Бямбацогт ах маань надад маш их зүйлийг зааж сургасан. Ер нь би МУГЖ Ж.Оюундарь эгчээс их үлгэр дууриал авдаг. Байж байгаа байдал, яриа хөөрөө гээд л цаанаасаа л гэрэлтэй, сайхан хүн шиг санагддаг.

-Танай гэр бүлд ер нь урлагийн хүн байдаг уу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав, ээж болоод манай удмынхан санхүүгийн чиглэлийн хүмүүс байдаг. Намайг анх урлаг руу орж байна гэхэд бүгд их гайхаж байсан. Гэхдээ эсэргүүцэж байгаагүй. Харин ч маш их дэмжиж, өдөр, шөнийн алинд ч тусладаг. Аав, ээж, дүү нар маань нутагтаа байдаг болохоор заримдаа жаахан хэцүү байдаг ч одоо бараг дасч байна даа.

-Саяхан нээлтээ хийсэн “Нүдэн сондор” киноныхоо нээлтийн арга хэмжээнд дуулж байсан. Ингэхэд дуулах авьяастай байх нь ээ?
-Арван жилийн сурагч байхдаа их дуулдаг байсан. Тэгээд оюутан болоод нэг хэсэг урлагаас хөндийрч байгаад сая “Нүдэн сондор” киноныхоо дууг дуулсан.

Өвөө маань зураач, авга ах маань зураач, аав маань гоё зурна. Тэгээд ч юм уу би зураг зурах дуртай болчихсон.

-Өөр ямар нууц авьяас байна?
-Зураг зурах дуртай. Аавын маань талын хүмүүс янзын гоё зурдаг. Өвөө маань зураач, авга ах маань зураач, аав маань гоё зурна. Тэгээд ч юм уу би зураг зурах дуртай болчихсон. Сурагч байхдаа архитектурч болно гэж мөрөөддөг байлаа. Үүнээс гадна юм оёх их дуртай. Сонирхуулахад, “Нүдэн сондор” киноны нээлтэд оролцох гээд даашинз худалдаж авах гэсэн чинь надад таарах даашинз олддоггүй. Би чинь их жижигхэн биетэй ш дээ. Тэгээд бүр сүүлдээ өөрөө даашинз оёод өмсчихсөн. Энэ мэтээр залуу хүн болохоор янз бүрийн юм оёж, туршиж үзэх сонирхолтой. Ер нь хүн аливаа ажлыг хийж байхдаа аз жаргалыг мэдэрдэг бол тэр нь насан туршийнх нь аз жаргалын баталгаа болж болох юм. Хүн аливаа зүйлийг залхаж хийвэл хэзээ ч бүтэхгүй, урагшлахгүй...

-Жүжигчдийн хувьд нэг тийм дүр бүтээх юм сан гэх нууцхан мөрөөдөл байдаг. Таны хувьд?
-Би кинонд тоглохдоо яг л өөрийнхөөрөө яваад байхыг хүсэхгүй байгаа. Нэг кинонд даруухан зөөлөн ааштай охины дүрийг бүтээсэн бол өөр кинонд омголон эсрэг дүрийг бас бүтээмээр байна. Аль болох өөрийгөө өөрчилж, соримоор байгаа. Дотроо ингэж боддог болоод ч тэр үү сүүлийн үед надад ийм саналууд их ирж байна. Мэдээж жүжигчин бүр түүхэн кинонд гол, туслах хамаагүй дүр бүтээхийг хүсдэг байх. Би ч гэсэн тийм нууцхан мөрөөдөлтэй.

-Залуу жүжигчид их нүцгэлж байна гэж үзэгчид шүүмжилдэг. Чамд ийм дүр ирж байв уу. Ирвэл тоглох уу?
-Ёстой тийм бодол байхгүй. Кинонд тоглох санал ирэнгүүт хамгийн түрүүнд эротик сцен байхгүй биз дээ, байвал би тоглохгүй гээд шууд хэлчихдэг. Зарим кинонд тийм хэсэг байвал хасуулдаг. Гэхдээ мөрөөрөө нүцгэн гарах үе бас байсан.

-Дүрдээ орохгүй байх тохиолдол гарах уу?
-Миний хувьд бол орохгүй байх бус тоглоход хэцүү бэрхшээлтэй үе бас байна л даа. Жишээлбэл, уй гашуу тохиолдоод юу юугүй уйлчихмаар байгаа үедээ огт тийм зүйл болоогүй юм шиг инээгээд, аз жаргалтай дүр бүтээх хэцүү, эсвэл инээж хөөрмөөр үед уйлж, уурлаж байгаа дүр гаргах хэцүү. Үнэхээр сэтгэл санаа тогтворгүй үед түр завсарлага авах зэргээр асуудлыг шийднэ.

Уй гашуу тохиолдоод юу юугүй уйлчихмаар байгаа үедээ огт тийм зүйл болоогүй юм шиг инээгээд, аз жаргалтай дүр бүтээх хэцүү, эсвэл инээж хөөрмөөр үед уйлж, уурлаж байгаа дүр гаргах хэцүү.

-Залуу уран бүтээлчидтэй хэр нөхөрлөж байна?
-Нэг уран бүтээлд тоглоод багагүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн хүмүүсийн хувьд найзлаж нөхөрлөнө л дөө. Гэхдээ тийм дотно найз байхгүй. Ер нь миний амьдралд цөөхөн дотны найз бий. Дорноговьд амьдардаг багийн хоёр эмэгтэй найз, их сургуульд нөхөрлөсөн нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гээд таван л найзтай.

-Ирээдүйн төлөвлөгөөг нь сонсвол?
-Одоохондоо төлөвлөсөн зүйл алга. Ямартай ч найз залуу бол байхгүй, нэг хэсэгтээ найз залуутай ч болохгүй гэж бодож байгаа.

-Зургаан уран бүтээлд гол дүр бүтээсэн Б.Золжаргалыг олон нийт хэр хүлээж авч байна. Гадуур явж байхад хүмүүс хэр таних юм?
-Өмнө нь би энгийн даруухан, хичээлээсээ өөр зүйл хийдэггүй, өглөө сургууль дээрээ очоод бараг ангийнхантайгаа нэг их юм ярьдаггүй тийм хүүхэд байсан. Бараг ангийнхан намайг байдаг эсэхийг мэддэггүй ч гэх юм уу. Харин кино урлаг гэдэг олны нүдэн дээр амьдрахыг шаарддаг юм шиг санагддаг. Тиймээс би хүнтэй харьцаж сурч байна. Өмнөхөөсөө илүү хүмүүстэй ойлголцож, ярилцдаг болсон. Гудамжаар явж байхад ихэнхдээ хүүхдүүд их таньдаг. Энэ нөгөө кинонд тоглодог эгч байна, зургаа даруулъя гээд л их хөөрхөн. Би тэр бүрийг хэзээ ч төвөгтэй гэж боддоггүй. Харин ч гоё санагддаг.

-Нутаг орныхон, ээж, аав нь охиноороо их бахархана биз?
-Манай ээж, аав миний фэн ш дээ /инээв/. Тэр хоёр маань хөдөө байдаг учраас киноны нээлтүүдэд тэр бүр ирээд байхгүй.  Зурагтаараа л үзээд ярина шүү дээ. Миний охин хөөрхөн харагдаж байсан гээд л сүүлд нь утсаар ярьдаг.

-“Замбуулин дуусах болоогүй” киноны дүр нэлээд зовлон туулдаг. Энэ бүрийг ээж, аав нь үзээд бас хэцүү л байх даа?
-Ээж үзчихээд ёстой хэцүү байсан гэсэн. Яанаа миний охин ийм болчихвол ч би үхнэ ээ үхнэ гээд л байсан. Киног бүр уйлаад л үзээд байсан гэсэн.

Биед амар, чөлөөтэй хувцас өмсөх дуртай. Тийм болохоор киноны нээлтэд өмссөн даашинзаа дүү нартаа ч юм уу, хүмүүст өгчихдөг.

-Ямар нэгэн зүйл сонирхон цуглуулдаг уу?
-Охид, бүсгүйчүүд ээмэг, зүүлт их цуглуулдаг. Угаасаа зүүж хэрэглэдэг болохоор тэр байх. Жүжигчин хүмүүс даашинз их цуглуулдаг юм билээ. Миний хувьд ээмэг, зүүлт зүүх дургүй, цаг зүүдэг, цуглуулдаг.  Даашинзыг бол бүр тоодоггүй. Ерөөсөө өөрт амар, чөлөөтэй хувцас өмсөх дуртай. Тийм болохоор киноны нээлтэд өмссөн даашинзаа дүү нартаа ч юм уу, хүмүүст өгчихдөг. Харин үнэртэй ус цуглуулах дуртай. Мөн жижигхэн виски цуглуулдаг. Одоо маш олон болсон. Ээж маань том виски цуглуулдаг болохоор би жижгийг цуглуулах сонирхолтой болсон байх аа.

-Дахин кинонд тоглож байна уу?
-“Сахиусан тэнгэр” гээд кинонд гол дүр бүтээсэн. Одоо энэ киноны маань зураг авалт дуусаад хоолойны бичлэгтээ орчихсон байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох байх. Энэ киноны Ерөнхий найруулагчаар Д.Бямбацогт ах маань ажилласан.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.





















































































Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Золжаргал: Аль болох өөрийгөө "эвдсэн" дүр бүтээхийг хүсдэг  
Үзсэн: 6938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.113.xxx] 2016-09-12 08:58
jujigchin mun uu
зочин [202.179.23.xxx] 2016-09-10 19:13
за тэгээд ганц 2 дүр бүтээчихээд өөрийгөө эвдэж байна энэ тэр гээд Эротик кинонд тоглоод аан балрах вий дээ,
ыбй [103.10.23.xxx] 2018-02-06 19:02
bitgii huts
зочин [103.23.51.xxx] 2016-09-08 16:03
Хөөрхөн охин шүү амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй