Шууд Chart

Эрээн хотноо олон улсын тээвэр зууч худалдааны төвийн шав тавилаа

2016-10-19 14:01:02

Ирэх оны наймдугаар сард худалдааны төвийн эхний ээлж ашиглалтад орно 

БНХАУ-ын Эрээн хотноо олон улсын тээвэр зууч худалдааны төвийн шав тавих ёслол, хамтран ажиллах уулзалт өдөрлөг энэ сарын 15, 16-нд боллоо.    

Экспорт, импортын хадгалалт, тээвэрлэлтийн бүс газрыг байгуулах шав тавих ёслол, хамтран ажиллах уулзалтад БНХАУ-ын “Жуншан” компанийн урилгаар Монголын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.  

“Нэг бүс, нэг зам”, “Баруунаас хойш” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Хятад, Орос гурван орны олон талт худалдааны хөгжлийг хангах, олон улсын болон дотоодын олон талт хүчин зүйлийг дэс дараатай, чөлөөтэй нэвтрүүлэх, эдийн засгийн бүтэц дарааллыг бодитоор өсгөх, тээвэр зууч үйлдвэрлэлийн үйлчилгээг бүхий л талаар шинэ түвшинд гаргахад энэ худалдааны төв чухал үүрэгтэй гэж “Жуншан” компанийн удирдлага хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Монголын төлөөлөгчид эхлээд “Жуншан” компанийн төв байранд очиж шинээр байгуулах худалдааны төвийн макетийг үзэж сонирхсон. Тэдний төлөвлөснөөр 2017 оны наймдугаар сард тус худалдааны төвийн эхний ээлж ашиглалтад орох юм байна. БНХАУ-ын төрөөс “Жуншан” компанид 500 гаруй сая юанийн гарааны мөнгө өгчээ. Нийт 22 га талбайд барих энэхүү худалдааны төвөөр дамжуулан жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн экспортлоно гэж тооцоолжээ.

Худалдааны төв ашиглалтад орсноор Эрээн-Улаанбаатар-Улаан-Үд гэсэн гурван хотыг холбосон эдийн засгийн худалдааны бүс бий болгох төдийгүй авто зам, төмөр замын сүлжээ давуу тал болно гэдгийг “Жуншан” компанийн төлөөлөл тодотгож байлаа.

Энэхүү худалдааны төвийг цогцолбор маягаар хөгжүүлэх тухайгаа ч компанийн удирдлагууд хэлж байв.  Эдийн засаг, соёл, аялал жуулчлалаар хүмүүсийн татахын тулд худалдааны төвийг цогцолбор маягаар барихаар болжээ. Тухайлбал, худалдааны төвийг тойруулж “Цагаан хэрэм” бариад зогсохгүй Чин гүрний үеийн морьт цэргийн хөшөөт цогцолбор, Хан улсын Ү ди хааны үед Жанкайгийн бүтээсэн эртний торгоны замын хөшөөт цогцолбор байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, хилийн соёл амралтын газар байгуулж, түүгээрээ жуулчдыг татах аж. Товчхондоо энд үйлдвэрлэл, худалдаа, ложистик, аялал жуулчлал, байгалийн үзэмжит бүс бий болгохыг зорьжээ.    

Эрээн хот экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааг цогцоор хөгжүүлэх суурь хот боловч уул уурхай, модон материалыг гол болгон ихэнхдээ “боомт гатлах” тээвэр хийдэг байна.

“Хилийн иргэдийн худалдааны бүс”-тэй танилцав  

Монголын төлөөлөгчдийн очсон дараагийн газар нь Эрээн хотын “Хилийн иргэдийн худалдааны бүс”. БНХАУ-ын дарга Си Зинпиний санаачилсан “Хилийн иргэдийн худалдааны бүс” нь худалдааны бүс, логитикийн үйлчилгээний бүс, агуулахын бүс, нэгдсэн цахим худалдааны платформ, уламжлалт хилийн иргэдийн худалдаа, цахим худалдаа, импорт экспортын барааны худалдаа, аялал жуулчлалын худалдан авалтын үйл ажиллагааг голлон явуулах зорилготой.

Хилийн иргэдийн худалдааны бүс нь 26 м2 бүхий нийт 350 стенд, Монгол Улсад 150 стенд буюу павилон өгөх боломжтой юм байна. Нэг хүн нэг удаад 8000 юанийн өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах эрхтэй аж. Ингэснээр нэг хүн жилд дунджаар 2.7 сая орчим юанийн барааг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэх боломж нээгдэж буй юм.   

“Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр бид монгол иргэдтэй уулзсан. Энд хоосон лангуу олон байв. Ч.Одгэрэл, Н.Ганболд нар энд аргагүйн эрхэнд гуравдагч орны бүтээгдэхүүн борлуулж байгаа гэнэ. Уг нь тэд шарсан мах, малын гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэх сонирхолтой байсан ч Монгол Улсад малын өвчин гарсантай холбоотойгоор эдгээр бүтээгдэхүүнийг хил давуулахыг хоригложээ. Есдүгээр сарын 1-нээс энд лангуу түрээсэлсэн тэд гурван жилийн түрээс болох 15 мянган юанийг аль хэдийнэ төлсөн гэлээ.  Ирэх сараас энд юу зарж борлуулахаа ч мэдэхгүй болчихоод байна гэж тэд ярьж байлаа.  







Нийтэлсэн: Ж.Тагтаа

Эрээн хотноо олон улсын тээвэр зууч худалдааны төвийн шав тавилаа   
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.32.xxx] 2016-10-19 15:48
Ene bol mongoliin ediin zasag deer haysan bumbug bolj medne. Naimaachid budaa boloh vii

Бидэнтэй нэгдээрэй