Шууд Chart

Б.Билгүүн: Аливаа зүйлийг яаж зурахаа мэдэхгүй байх л хамгийн муухай

2016-10-26 11:20:45

Энэ удаагийнхаа "Сошиал танил" буланд фэйсбүүкийн “Билгүүний харандаа” хуудсын админ, дизайнер Баярмагнайгийн Билгүүнийг урилаа. Манай уншигчид түүний фэйсбүүк дэх сонирхолтой уран бүтээлийг хэдийнэ мэддэг болсон биз ээ. Хэрэв та төдийлөн сайн мэдэхгүй бол ЭНД дарж зочлоорой.

-“-Билгүүний харандаагаар...” гэх хуудсаа хэзээнээс хөтлөх болов?
-Би анх сонирхлоороо нэг дэвтэр нээчихээд тэрэн дээрээ зүгээр л элдэв юм зурдаг байсан юм. Тэр үед “Гэрэг” сэтгүүл, “Засгийн газрын мэдээ” сонинд ажилладаг байлаа. Гэтэл надтай хамт ажилладаг Тило гэдэг найз маань харчихаад “Чиний зурагнуудаас сонины арын нүүрэнд гаргаж байя. Гэхдээ арай сонирхолтой байдлаар байвал ямар вэ” гэх саналыг тавьсан. Тэгээд агаарын бохирдолттой холбоотой зураг зураад анх сонины арын нүүрэнд нийтлүүлж байлаа. Пэйжийн маань нэрийг Тило өгсөн. Тэр цагаас хойш сэтгүүл дээрээ зурсан зураг, хааяа сонин дээр зурдаг шог зураг, өөр бас сонирхлоороо зурсан зурагнуудаа нийлүүлээд онлайнд тавьдаг болсон.

-Ингэхэд та чинь мэргэжлийн зураач уу. Аль сургуулийг хэзээ төгссөн бэ?
-Мэргэжлийн зураач биш ээ. Арван жилдээ ханын самбар хийх даалгавар дээр ангиа авч гардаг багахан гарын дүйтэй хүү байлаа. ШУТИС-ҮТДС-д График дизайнер мэргэжлээр суралцсан. Түүнээс хойш дандаа дизайнераар ажиллаж байгаа ч зураг зурах сонирхлоо орхиогүй хичээж л явна даа.

-Уран бүтээлээ ихэвчлэн ямар чиглэлээр туурвидаг вэ?
-Би хамгийн чухал зүйл бол санаа гэж боддог. Хүний хөргийг яг адилхан зурчихдаг, байгалийг байгаагаар буулгачихдаг бол зүгээр эхний сурах ёстой чадвар. Дараагийнх нь тэр чадвар дээрээ тулгуурлаад дотоод ертөнцөө өнгө будгаар биежүүлэх. Реалист зураг бол гэрэл зураг хөгжчихсөн одоо үед нэг их явахгүй байх. Өнөө үед санаа, мэдрэмж хоёр байвал уран бүтээл төгс болж мэднэ.

-Яагаад харандаан урлагийг сонирхох болов. Зургуудыг тань хараад байхад хөрөг зураг их байна?
-Харандаа бол дүрслэх урлагийн эхлэл гэж боддог. Дараа нь компьютер дээр зурах эсвэл усан будаг бусад зүйлсээр хөгжүүлнэ. Гэхдээ зургийн дэвтэр дээр харандаагаар зурах, тууш дэвтэр дээр үзгээр бичих гэдэг өөрөө кайф юм даа. Хөрөг зургийн хувьд бол ихэвчлэн захиалгаар л зурдаг юм. Заримдаа хайртай хүмүүсийнхээ баярт мөчид зориулж зурна. Түүнээс биш ихэвчлэн өвөрмөц сонин зүйлсийг зурах дуртай.



-Нэлээд олон комикстой юм байна?
-Тийм ээ. Би комикс зурах дуртай. Их сургуульдаа дипломоо зураглаа буюу комиксоор хамгаалсан. Том болоод зураглаа зурдаг хүн болно гэж боддог байсан. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдөж, өөртэйгөө ижил сонирхолтой олон ах, эгчтэй болсон. Мөн “Майдар”, “Бонго”, “Мост” гэх Монголд гардаг зураглаанууд дээр ажиллаж байхдаа их зүйлийг сурч мэдсэн. Тэр үед “Motion frame” компанийн захирал Л.Эрдэнэбаяр ах “Зураглаа гэдэг бол цаасан дээр буусан кино” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Нээрээ л дараа нь "Улаан дөрвөлжин" кинонд комиксчин залуугийн дүрээр натурт гарахдаа тэр хоёр бол салшгүй холбоотой юм байна гэдгийг ойлгосон. Яваандаа өөрийнхөөрөө зураглаагаа гаргана гэж боддог, бас сонирхолтой кинон дээр хамтарч ажиллах хүсэлтэй.

-Бүхий л зургууд маань надад хамгийн том бүтээл байдаг-

-Хэвлэл мэдээлэлтэй их ойр ажилладаг байх нь ээ?
-Миний хувьд "Гэрэг" дижитал сэтгүүлийн ахлах дизайнераар ажилладаг. Сэтгүүлдээ бараг л анхнаас нь ажилласан гэхэд болно. Сэтгүүл маань саяхан 99 дэх дугаараа гаргасан. Ажлын хамт олон маань их хайрламаар хүмүүс байдаг болохоор би ажилдаа дуртай. Бас хэвлэмэл сэтгүүлээс дэвшилтэт дижитал хэлбэрт шилжиж, түүнийг нь шинэ програмаар хийдэг болохоор сонирхолтой байдаг. Ер нь мэргэжил маань хэвлэл мэдээлэл тал руугаа илүүтэй хөгжиж байгаа гэж хэлж болно.

-Өөрийнхөө хөргийг зурахад их хэцүү гэдэг. Гэтэл таны уран бүтээлд өөрийн хөрөг их харагдаж байна?
-Хэцүү нь үнэн. Тэгээд л өөрийгөө олон зураад байгаа байх аа. Нэг ёсны эрэл гэх юм уу даа.

-Уран бүтээлч хүний хувьд хүрэхийг хүссэн оргил, мөрөөдөл гэж бий байх. Та өөрийнхөө мөрөөдлөөс сонирхуулаач?
- Чадвараа сайжруулах нь хамгийн том мөрөөдөл. Ер нь өөрт төрсөн санаагаа сэтгэлдээ хүртэл гаргаад байвал боллоо доо.

-Пэйждээ тавиагүй мөртлөө өөрийн нэг хайртай зураг гэж байдаг байх. Тийм зураг бий юу?
-Байгаа. Манай найз охин бид хоёрт нэг дэвтэр байдаг юм. Түүн дээрх зурагнууд маш нууц.



-Хамгийн анхны томоохон бүтээл, анхны зураг гэх мэтийнхээ талаар яривал...
-Бүхий л зургууд минь надад хамгийн том бүтээл байдаг. Гэхдээ дараа нь харахад аль нь ч сэтгэлд хүрээгүй л байдаг.

-Ер нь нэг комиксийг, хөрөг зургийг хэр хугацаанд зурдаг вэ? 
-Комикс бол нэлээн олон үе дамжлагатай, урт хугацааны бүтээл. Хөрөг зураг долоо хоногтоо багтаад гарчихдаг юм.

-Зургийн гол дүрүүд зохиомол байх уу, эсвэл аль нэг танидаг хүмүүсээрээ төлөөлүүлж зурах уу. Жишээлбэл комикс дээр...?
-Ихэвчлэн зохиомол. Гэхдээ миний дурсамж, мэдлэгээс гарч байгаа зүйл болохоор танил хүмүүстэй маань төстэй ч байдаг байх. Ер нь цоо шинэ дүр гэж байхгүй дээ.

-Зурахыг хүсдэг мөртлөө нэг л болж өгдөггүй бүтээл гэж байдаг шүү дээ?
-Тийм тохиолдол зөвхөн захиалгын зурган дээр л тохиолдоно. Түүнээс бусдыг нь бол хэн нэгний шахалт дарамтаар бус дураараа зурж байгаа болохоор асуудалгүй. Ер нь аливаа зүйлийг яаж зурахаа мэдэхгүй байх л хамгийн муухай.

-Бүх зургийг эхлээд харандаагаар буулгах уу?
-Тийм ээ. Эхлээд дандаа харандаагаар ерөнхий байдлаа гаргадаг. Фэйсбүүкт оруулсан зургууд ихэвчлэн компьютер дээр вакум ашиглаж зурсан зургууд байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Билгүүн: Аливаа зүйлийг яаж зурахаа мэдэхгүй байх л хамгийн муухай  
Үзсэн: 3067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.119.xxx] 2016-10-26 22:41
goe ax

Бидэнтэй нэгдээрэй