Эрхэм зорилго: Бид "Монгол үндэстний онцлогийг илэрхийлсэн, олон нийтийн эрх ашгийг дээдлэгч, хараат бус, бие даасан, өргөн нэвтрүүлгийн мэдээллийн салбарт тэргүүлэгч байна."
Д.Шагдарсүрэн: Туулай жилийн сүүлчийн улирал цас ихтэй байх ч хар луу жил гараад цаг сайхан болно
2011-10-03 03:31
 Мэдээний зураг
Эрт үеэс монголчууд цаг агаарын төлвийг өөрсдөө шинжиж нүүж ирсэн ард түмэн. Энэ бүхнийг гадарлах эрхэм бол цаг уурч Д.Шагдарсүрэн гуай. Түүнтэй энэ өвлийн цаг агаарын төлөв байдал, жилийн өнгө төрх ямар байх талаар ярилцлаа.

-Энэ жилийн хувьд их халуун зун болж өнгөрсөн. Ийм үед өвөл нь ямар байх вэ?

- Дулааны тэнцвэр гэж байдаг. Өдөр шөнийн тэнцлийг авч үзэхэд шөнө дундын хулгана, өдрийн морин цаг,  жилийн тухайд морин сар, хулгана сар, нийтийн он тооллоор долоо, хоёрдугаар сар гэж авч үздэг. Тийм болохоор зун нь халуун, өвөл нь хүйтэн болдог хандлага бий. Өнгөрсөн жил цагаагчин туулай жил гарах гэж байхад “Үрийн зурхай сайтар номлосон бүхий хураангүй” гэдэг номонд нэг ишлэл байдаг. Энэ жил хур, цас цагтаа оровч үр тариаг мөндөр дэлдюү, жилийн эхэндээ сайн адагтаа муу гэж бичсэн байдаг. Энэ цаг тооллоо эргээд харахад яг тийм болж байна. Үнэхээр энэ жил тариа будаа сайн хураалаа. Адагтаа муу гэхээр өвөл хатуу  болно гэсэн санаа юм даа. Тийм болохоор цас ихтэй хатуу өвөл болно. Хүссэн ч хүсээгүй ч цаг хатуурхана. Луу жилийн төрхөөр гайгүй жил гарна. Сая есдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө  Архангай аймгийн Хашаат суманд сар мичидийн тохиол тохиожээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн бөмбөрцөгийн мирдан дээр нэг мөчид зөрөхийг сар мичдийн тохиол гэнэ. Энэ удаад давхцаад зөрсөн гэсэн. Тэгэхээр цаг агаар хэвийн байна.

- Энэ жил эрт цас орж хүйтэрлээ. Хүмүүс ч өвөл хатуу болж магадгүй гэж таамаглаж байна?

- “Сүүнд халсан хүн тараг үлээнэ” гэж үг байдаг. Тараг хэзээ ч халуун байдаггүй шүү дээ. Яах вэ энэ жил эрт сэрүүн орж, уулын толгойд цас уналаа. Түүнийг “Манайхан энэ жил зуд болох нь гэж сүржигнэж болохгүй. Газар бүрт тийм байхгүй. Ерөнхийдөө цагаагчин туулай жилийн царай төрхөөс харахад өвлийн адаг гурван сар хатуу болно гэдгийг хэлсэн. Гэхдээ намар цаг сайхан налайгаад өнгөрч байна даа. 

- Хар луу жилийн өнгө төрх ямар байна. Хатуу жил үү, зөөлөн жил үү?

- “Баясгалан хэмээх усан луу жилд цатгалан болон сааль сүү арвин, өвчин зовлонгүй санасан бүхэн бүтнэ” гэж байна. Их сайхан жил болно. Гэхдээ юмыг ганц талаас нь харж болохгүй. Нэг жишээ хэлбэл 1640-өөд оноос хойшхи 1940-өөд он хүртэл монголын зүүн хагас  Түшээт хан, Сэцэн хан аймгийн нутагт болж байсан ган зудын бүртгэл Улсын түүхийн архивт  байдаг. Түүнд энэ хугацаанд зуд болсон есөн луу байна. Энэ дотор хар луу  нэг, шар луу дөрөв, хөх луу хоёр, цагаан луу нэг, улаан луу нэг тохиожээ. Тэгэхээр бид хар луу жилтэй уулзах гэж байгаа юм чинь есний нэг нь зуд болох магадлалтай. Ган долоо удаа тохиолдож байжээ. Луу тэнгэрийн амьтан усан махбодьтой учраас хур бороо элбэг жил болно.

- Эрт үеэс монголчууд цаг агаарыг хэрхэн шинждэг байв. Байгалийн ямар нэгэн үзэгдэл, ан амьтан, адгуусны үйл хөдлөлөөр шинжиж ирсэн гэдэг?

-Дээр үеэс од, нар, сараар л шинжиж ирсэн. Гэхдээ үй түмэн юмаар шинжинэ.  Малчин хүн бүр хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс өвлийн адаг сарын битүүнийг хүртэл цаг агаарын төлвийг, амьдрах орчинтойгоо уяалдуулан ажиглаж ирсэн уламжлалтай. Тухайлбал, газар дэлхийн өнгө байдлаа харж нутаг нугын сайхан өвсний сөлийг дагаж нүүдэллэж ирсэн. Ан гөрөөсийн нүүдлээр хүртэл цаг агаараа шинжинэ. Намартаа тарвага ичээндээ ороогүй бол хавар хатуу байна. Хаврын усны шувууд тарган ирвэл ган болж, туранхай ирвэл өнтэй сайхан жил болно. Монголчууд гаансны бохиор хүртэл цаг агаарыг мэддэг байж. Гаансны бохь түгжрээд байвал бороо орох нь гэж, энэ нь цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй. Агаар мандлын доод давхаргад  чийг ихэсээд ирэхээр гаансны бохь түгжрээд байна. Мөн адууны хялгасаар холбогдсон хомоолоор шинжинэ. Хомоолоо ханын үдээрт дүүжилнэ. Тэр хомоол дээшлээд байвал тэнгэр муудна, хялгас доошоо сунавал агаар хуурай тогтуун байна гэсэн үг. Чийгтэй байвал бороо хур орно гэсэн үг.  Мод дундаасаа шарлаж алаг цоог болвол цаг тайван байна. Цагаан зээр, ногтруу шувууны нүүдлээр шинждэг байсан. Цагаан зээр нутаг сэлгэн нүүдэлбэл тэр нутагт өнтэй сайхан жил болдог. Өнөөдөр төмөр зам бариад, уул уурхайгаар, уулыг тал, талыг там болгосны  балгаар тэр амьтны хэвийн амьдралыг нь устгаж үгүй хийж байна. Тийм учраас бидэнд өгдөг мэдээлэл нь худлаа болсон. Үнэхээр амьдрах орчингүй болсон болохоор аль ногоо цагаатай, тайван газарт сүрэглэн нүүдэг болж. 

- Өвлийн улиралыг өөрөөр шинждэг ямар арга байв?

- Ес эхэлсэн хойно үүлэн сүүдэр газарт тунавал өнтэй сайхан байна. Намар цагт хуй их босвол өнтэй байж, цөөн босвол хүйтэн өвөл болдог. Энэ бүхэн шинжлэх ухааны ямар нэг үндэслэлгүй мэт боловч амьдрал дээр яах аргагүй таарч байдаг нь учиртай юм даа. Газар нутаг бүрт өвлийг шинжих арга өөр. Жишээ нь:  Увс аймгийн баруун нутгаар хонь бэлчээртээ шилгээгээд байвал сайхан жил болно. Өвөрхангайн нутагт намар алсан хонины гүзээний үс их байвал цастай, шалдан байвал дулаахан өвөл болно гэх мэт. 

- Намрын дунд сарын шинийн 15-нд уулын оройгоос өвлийн өнгө төрхийг шинждэг уламжлал тогтсон?

- Намрын дунд сарын 15-ны шөнө  говь талын нутагт уулан дээрээс харахад газрын гадаргын өнгө янз янзаар хувирдаг. Хэрвээ бараан байвал дулаан сайхан болдог. Одоо бол өвстэй талбай харагдахаа  больжээ. Манайхан өөрсдийн толгой руугаа ус байтугай цус хийж байна шүү дээ. Өвс ургамалтай газрыг нь тариалангийн  талбай болгож, гол усыг нь алт ухаад ширгээж, говь нутгийг нь сэндийчиж, уул уурхайн үүр болгочихлоо. Үнэндээ харамсч байна. Ирэх сарын 10-нд намрын дунд сарын 15-нд Дундговь аймгийн Угтаал, Бага залаа, Баянхараат гэх ууланд малчид гарч, энэ өвлийн өнгө төрхийг шинжинэ. Ийнхүү жил болгон өвлийн байдлыг шинжиж ирсэн уламжлалтай. Би  ч гэсэн тэр үеэр явна. 20 жил тэр уулнуудын орой дээр гарч байна даа.

- Цаг агаар харахаар малчид уулын орой дээр гардаг гэлээ. Гарахдаа эрхэмлэх хийгээд цээрлэх ёсон байдаг уу?

- Зүс ялгагдах ойроос зүг бүрт эхлээд нүдээр, дараа нь дурангаар харж орчны байдлыг шинжин биеэ эзэмшин, сэтгэлээ бэлчээж сурах нь хамгаас эрхэм. Цагийн байдлыг шинжиж байх үед архи дарс огт хэрэглэж болохгүй. 

- Шинийн хоёрны сараар тухайн сарын төлөв байдлыг ажиглаж ирсэн ард түмэн?

- Шинийн хоёрны сар тарган байвал дулаахан, туранхай бол хүйтэн, мохоо дуу байвал зөөлөн, шовгор  хурц хэлбэртэй байвал салхи шуургатай, налуу хэвтээ байвал тунадас ихтэй сар болохын дохио юм.

- Байгалийнхаа жамаар цас, бороо орохоо больжээ. Цаг агаарт зориудаар нөлөөлдөг боллоо?

- Өвөрхангай аймгийн Богд сумын Арц Богдын нурууны хойд эхэнд байрлах Бага богд, зарим иргэд нь Тэргүүн Богд гэж нэрийддэг юм. Тэр ууланд намартаа гурван удаа цас орвол өвөл нь сайхан болно гэж дээр үеэс нутгийн ард түмэн. Энэ сарын эхнийн цасыг газрын генератороор цас оруулсан байна лээ. Байгалийнх нь жамаар цас оруулахгүй байна гэдэг бас л харамсалтай хэрэг. Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан нэгэн хүсэлт дамжуулсан юм. Ус цаг уурын орчны шинжилгээний газрын “Хурын ус” төвийн захирал Д.Чулуунбатад төрийн шагнал өгөхөөр ярьсан ч таг болсон. Амласнаа биелүүлж өгөөч гэсэн хүсэлтийг манай сониноор уламжилсан юм.

О.Сайханцэцэг

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд МҮОНРТ хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шууд эфир
 Мэдээний зураг
2011-09-12 15:15
Санал асуулга
Нийтийн дууны хит парад /МҮОНР/ энэ 7 хоногт





















Санал өгөх
Хандалтын статистик
Өнөөдөр: 331275

Өчигдөр: 330089

Энэ 7 хоногт: 6799

Өнгөрсөн 7 хоногт: 8852

Энэ сард: 31691

Өнгөрсөн сард: 43704

Нийт: 331504

Яг одоогоор:  зочин байна.
www.mnb.mn Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз 2012 он