Шууд

Р.Слава

Нийтлэлч Р.Слава


Цорын ганц слав гаралтай Ромын пап II Йоанн Павел

2017-01-21 14:27:32

Тэр нэгэн ням гарагийн цэлмэг өглөө II Йоанн Павел ертөнцийн гурав дахь мянганы анхны улаан өндөгний баярын уншлагыг ёс төртэй үйлдэж, түмэн олонд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөсөн бэлэг дэмбрэлт үгээ 30 хэлээр тайвуухан өгүүлжээ. Энэ мөчид Гэгээн Петрийн талбай дээр хуран чуулсан хэдэн мянган сүсэгтэн болон уг үйл явдлыг телевизээр харж суусан сая сая хүний дунд түүнийг дэмжин бишрэгчдээс гадна хурдан нүд анихыг хүсэгчид цөөнгүй байсныг нуух юун. Гэхдээ үнэн хэрэгтээ бол үзэн ядалт бүхэн өөрийн шалтгаантай байдаг. Тэдгээрийн нэг нь Ромын Пап ламтан ертөнцийн католик шашинтны тэргүүн агаад түүний захиран засагдаж буй Ватикан нь хэдэн зууны туршид дэлхийн хамгийн хүчирхэг “санхүүгийн корпораци”-ийн нэг байсаар ирсэн. Энэ нь үзэн ядалтын хамгийн гол шалтгаан байж болох юм.


Тэгвэл Ватикан хэдээр “үнэлэгдэх” бол…

Ромын католик шашны сүм хийдүүдийн төсөв мөнгө ганц сүсэгтэн олны хандив, шашны эд өлгийн зүйл, дэлгүүрийн орлогоос бүрддэг гэвэл тэр нь шиг том эндүүрэл хаана байхав. Тэгвэл Ватиканы төлөөний олон хүн өндөр мэргэжлийн санхүүч байдаг бөгөөд тэдгээр нь 44 гектар энэ бяцхан улсын нутагт төдийгүй дэлхийн хаа сайгүй мөнгө хүүлэх ажлыг тасралтгүй хийж байдаг. Энэ утгаараа тэдгээр санхүүчид зарим нэгэн дээд амжилтыг тогтоосон байдаг. Жишээ нь, Түүхэнд харгис дарангуйлагч хэмээн тэмдлэгдсэн Муссолинитэй нууц гэрээ хэлэлцээ хийж тохиролцсоны дагуу Ватикан 1929 онд Италиас 750 сая лир, нэг тэрбум үнэт цаас зэргийг тавхан хувийн хүүтэй зээлдэн авч эргэлтэнд оруулсан нь одоо болтол дэлхийн эдийн засагчдын гайхшралыг төрүүлдэг. Мөн тэрхүү эргэлтийн хөрөнгийнхөө ашигаар Ватикан дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө, гүйлгээ сайтай акц, гадаад валют худалдан авсан юм.

Гэтэл 1970-аад оны сүүлчээр II Йоанн Павел сүм хийдийнхээ түүхэнд анх удаа санхүүгийн тайлангаа олон түмэнд ил тод мэдээллээ. Ийнхүү Ватиканы хэмжээлшгүй их баялагийн тухай сүсэгтнүүдийн буруу ойлголт энэ үеэс эхлэн алга болжээ. Тэд тухайн үед юуг ойлгосон гэхээр бурханы шавь нарын мөнгө нь хүрэлцэхээ болиод төсвийн алдагдал нь санаанд оромгүй өсч, өр зээл нь жилээс жилд арвижсаар байгааг ийнхүү мэдэж авсан байна. Энэхүү санхүүгийн хүндрэл нь 1990 он хүртэл үргэлжилсэн юм. Чухам тэр үеэс л Бурханы шавь нарын мөнгөний авдарын түлхүүрийг Папын зарлигаар түүний нутгийн хүн болох Детройтын архиепископ Эдмунд Каземир Щоке барих болжээ. Ватиканы эдийн засгийн гол төлөөлөгч энэ хүн улс орондоо санхүүгийн хувьсгалыг хийж чадсан гэдэг. Мэдээж шинэчлэлийн гол агуулга нь санхүүгийн хэмнэлт байлаа.

Кардинал Щоке дэлхийн өнцөг булан бүрт байдаг орлогогүй жижиг сүм хийдийг хайр найргүй хааж, түүний оронд томоохон үл хөдлөх хөрөнгийн наймаа, санхүүгийн үйлчилгээ хүртэл эрхэлж эхэллээ. Түүний гол амжилт нь 1991 онд гарын үсэг зурсан епископуудын бага хурлын баримт бичиг бөгөөд үүний дагуу католик шашны хийд бүхэн өөрийн орлогын тодорхой хувийг Ватиканы банкинд шилжүүлж байх үүрэг хүлээжээ. Кёльн, Болстон зэрэг томоохон хотуудын католик шашны төвүүдийн мөнгөн орлого, дэлхийд алдартай “Swatch” пүүсийн эргэлтийн хөрөнгөтэй тэнцүүхэн гээд бодохоор энэ баримт бичгийн ачаар асар их хэмжээний мөнгө Ватиканы мөнгөн санд урсан орж ирсэн нь тодорхой.

Сүмүүдийн кардинал нь шилжүүлэх мөнгөнийхөө хэмжээг өөрсдөө тодорхойлдог ч хоёрхон жилийн дараа гэхэд гэгээнтний санд 10.4 тэрбум лир хуримтлагдаад байжээ. Зөвхөн нэг жилийн дотор гэхэд л 30.6 тэрбум лир хуримтлагдсан ч тохиолдол бий. Хийдүүдийн орлогын дийлэнх нь музейн тасалбар, шуудангийн марк, гэгээнтний номыг хэвлэх эрх, шашны судрын орлого зэргээс бүрддэг ажээ. Тэр дундаа “Гэгээн Петрийн зоос” буюу дэлхийн католик шашинтнуудын жил бүрийн уламжлалт өглөг ч тус орлогын нэлээдгүй хувийг эзлэнэ.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн худалдааны ачаар Ватикан Ром хотноо 850 тансаг орон сууц, 5000 оффисийг эзэмшдэг болжээ. Мөн 50 сая долларын үнэтэй Ватиканы алтан гулдмайнууд Америк, Европ тивийн алдартай банкуудад хадгалагдаж, хувь ашиг нь Пап ламтаны банкны данс руу цутгаж байдаг болов. Ийнхүү ерөнхий санхүүчийн үйл ажиллагааны ачаар Ватикан 1993-1994 онд төсвийн алдагдалаа даван туулж 0.7 тэрбум лирийн ашиг ч олжээ. Чухамдаа тэр үеэс хойш бурханы шавь нарын мөнгө санхүүгийн ашиг дахин жилээс жилд нэмэгдэх болжээ.


Ээлжит сонгууль…

1978 оны 10 сарын 14-ны үдэш Сикстиний сүмийн оройгоор шингэн цэнхэр утаа алгуурхнаар дээш олгойдлоо. Кардиналуудын зөвлөл шинэ Папыг сонгож буй нь энэ. Сүмийн талбай дээр сонгуулын хуудсыг заавал шатаадаг уламжлалтай учир ийнхүү утаа суунагладаг аж. Хэрэв нэр дэвшигч зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос илүү санал авч чадаагүй бол шатаахаар зэхэж буй сонгуулийн хуудсан дээр хар өнгийн нунтаг цацна. Ингэсэн тохиолдолд Ватиканы тэнгэрт хар утаа суунаглах ёстой. Тэгэхдээ тэр жилийн намар Ром хотынхон Ватиканы тэнгэр найман удаа хар утаа суунаглахыг харжээ.

Гэтэл сонгууль явагдах болсонтой холбоотой нэгэн цуу яриа гарсан нь I Йоанн Павелийг зүрхний хүнд өвчин туссан тул зориуд хор өгч хороолоо гэсэн явдал байв. Гэвч үнэндээ I Йоанн Павел тэр оны есөн сард зүрхний шигдээсэр нас барсан нь тогтоогдсон юм. Ингээд Ватикан даяар Папын ээлжит сонгууль явагдсан нь энэ байлаа. Санал хураалт эхэлснээс хойш хоёрхон цагийн дараа Кардиналын зөвлөлийн тэргүүн ламтан гэгээн Петрийн сүмийн сэхээвч дээр гарч ирээд “-Шинэ Пап сонгогдлоо.” хэмээн өндөр дуугаар олон түмэнд мэдэгдэв. Ийнхүү II Йоанн Павелаар өргөмжлөгдсөн, Краков хотын иргэн, архиепископ Кароль Войтила гараараа даллан хөөр баяраа нууж ядан байгаа сүсэгтэн олонтойгоо мэндчиллээ. Ромын католик шашны сүмийн оршин тогтносон түүхэндээ анх удаа слав гаралтай хүнийг Пап ламтанаараа сонгож байгаа нь энэ байлаа. Урьд өмнө нь Папаар сонгогдож байсан зургаан герман кардиналыг эс тооцвол дан роман хэлээр ярьдаг орнуудын төлөөлөгчид Ватиканы тэргүүнээр тодорч байсан юм.


Шүүмжлэгч болох Войтила хүү

Ватиканы гвардын харуулууд зүүрмэглэнхэн, Ром хотынхон дуг нойрондоо байх тэр л үеэр Апостопын ариун ордоны гурван давхрын нэгэн умгар өрөөнд өглөө болгоны 06:30-д ширээний гэрэл гялсхийн асдаг билээ. Тэр гэрэл 22 жилийн өглөө бүхэн турш ийнхүү асч байгаа нь тэр. Энэ өрөөнд орж үзсэн цөөхөн зочидоос бусад нь Бурханы газар дээрх ганц төлөөлөл болох хүн шөнө болгоныг энд өнгөрөөдөг гэж үү хэмээн эргэлзэх байх. Тэр умгар өрөөг Ватиканы бусад олон харшийн гял цал тансаг байдалтай даанч харьцуулашгүй. Хатуу нарийхан ор, жижиг хивс, хоёр зөөлөн буйдан, ширээ, цайран гэрэлтэх хананаа эртний зурагнууд…

Польшийн хязгаар нутгийн Вадовичи хэмээх бяцхан хотноо Войтилагийн гэр бүлийнхэн амьдарч байсан байшинг өдгөө гэр музей болгожээ. Байшингийн нэгдүгээр давхарт гэгээнтний бичсэн номын үзэсгэлэнг нээж, хоёрдугаар давхарт нь залуу хүүгийн завины сэлүүр, уулын цана, хувийн эд хэрэглэл, гэлэнгийн урт хормойт хар хувцасыг нь дэлгэн тавьжээ. Энэ бүхнийг олон түмэнд үзүүлэхийн тулд тэнд амьдарч байсан найман өрх айл бөөн байр хөөртэйгөөр нүүн одсон гэдэг. Энэ шар чулуун байшинд жилд 180 гаруй мянган жуулчин, сүсэгтэн ирдэг байна.

Вадовичи хотын тэрхүү байшин хамгийн гунигт дурьдатгалтай минь холбоотой хэмээн гэгээнтэн нэгэнтээ хэлжээ. Тэрбээр зүрх сэтгэлийг нь имтэлсэн ганцаардлаас гарахын тулд сургуулийнхаа теарт тоглолт хийдэг байжээ. 1938 онд театрынхан архиепископ Адам Сапегад бүтээлээ тоглож, харин Войтила мэндчилгээнийх нь үгийг хэлжээ. Тоглолтын дараа санваартан хүүд дөхөж ирээд ирээдүйд юу хийх санаатай байгааг нь сонирховол “хэл шинжлэгч ч юм уу театр судлаач болно” хэмээн хариулжээ. “Харамсалтай л байна. Авьяас билгээ бурханд зориулах юм биш үү” хэмээн ламтан хүүгийн алсыг нь бодсон янзтай хэлжээ. Яг энэ мөчид л хүүгийн амьдралд шийдвэрлэх эргэлт гарсан юм.


Ватиканаас тэнгэрт хальсан зам…

II Йоанн Павелийн амьдралынхаа сүүлийн мөч хүртэл найз нөхддөө үнэнч тэдэнтэйгээ байнга уулздаг байсан хэмээн сүсэгтэн болон бурханы шавь нар нь дурсдаг. Пап болсон хойноо ч гэсэн тэрээр дунд сургуулийн нэг ангийн анд Ежи Клугертэйгээ багын хочоор нь “Лолик” хэмээн дуудан уулзаж, жилдээ хэд хэдэн удаа хамт зоог барьдаг байлаа. Мэдээж хоёр өвгөн залуу зандан насных шигээ уулын цанаар гулган, хөл бөмбөг тиоглож чадахгүй лдээ. Гэхдээ л тэд байнга л хөгжилдөн, инээлдэж, дуу хөгжим сонсон, ном уншин цагийг уйдахааргүй өнгөөрдөг байлаа.

Гэгээнтэн гүн ухаан, социологи судалж, түүхийн ном унших дуртай нэгэн байжээ. Ялангуяа Достоевский, Рильке нарын бүтээлийг дахин дахин уншдаг, гадаадын найман хэлийг төгс эзэмшсэн нэгэн. Ватиканы 2000 жилийн түүхнээ II Йоанн Павелийн он жилүүд хамгийн гэрэл гэгээтэй нь байжээ. Түүний хүчин чармайлтаар Ватикан дэлхийн улс төрийн бодлогын өндөрлөгт гарч ирсэн төдийгүй коммунист дэглэм нуран унаж сая сая хүний оюун санааны дарлалаас чөлөөлөгдөхөд тэрээр асар хүчтэй нөлөө үзүлж чадсан ч гэдэг.

Энэ хүн Югославийн холбооны улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, өмнө нь Ромын Папууд хөл тавих нь битгий хэл дурсдаг ч үгүй байсан улс орнуудад айлчилж, Ватиканыг НҮБ-д төлөөлөлтэй болгож чадсан. Түүний хүчинд католик сүм Дарвиний онолыг хүлээн зөвшөөрч, Бруно, Ян Гус, Галилей нарыг өршөөн хэлтрүүлсэн билээ. Гэхдээ үр хөндөх, санваартан эхнэр авах, бүсгүй хүн сахил хүртэх, ижил хүйстний гэрлэлт, гэгээнтний нүгэлгүй амьдралыг номлолыг Пап огт хүлээн зөвшөөрдөггүй байв.

Мөнгө санхүүгийн асуудалд тэрээр маш нухацтай ханддаг бөгөөд санваартаны санаанд багтамгүй оновчтой шийдвэрийг гаргадаг нь хал үзсэн санхүүч нарыг гайхшруулж байжээ. 1992 онд Пап хорт хавдарын хүнд хагалгаа хийлгэж байсан. Хэдий Ватикан түүний хүнд өвчний тухай цуу үгийг эрс няцаадаг байсан ч биеийн байдлаа сайнгүй байгааг ламтан өөрөө ч хүлээн зөвшөөрдөг байжээ.

Эхэлснээ эцэст нь хүргэдэг ламтан өөрийг нь олон хүн бурханы оронд одоосой хэмээн боддогийг гадарлагдаг төдийгүй хувийн нарийн бичгийн даргынх нь өгүүлснээр “таны бие ямархуу байна” гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “та нар харахгүй юу. Бурханы ивээлээр би одоо ч алтан нарыг харж байна” хэмээн хариулж байжээ. Хармсалтай нь энэ түүний хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагын хамгийн төгсгөлийн үг байлаа.

Нийтэлсэн: Р.Слава

Цорын ганц слав гаралтай Ромын пап II Йоанн Павел  
Үзсэн: 533 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Henk [202.9.42.xxx] 2017-01-23 13:57
http://Cash4Visits.com/ref.php?refId=344085 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 287000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л

Бидэнтэй нэгдээрэй