Шууд

Нийтлэлч Б.СЭМҮҮН

Нийтлэлч Б.СЭМҮҮН


АН малгайгаа биш, толгойгоо солих хэрэгтэй

2017-01-25 10:49:06

2012 оны сонгуулиас бүр өмнөх явдал. Ардчиллыг дэмжигч залуусыг оролцоог дэмжих зорилготой байгуулсан “Нэг Ардчилал” клубийнхэн сонгууль болохоос хоёр жилийн өмнөөс эхлэн “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” сэдэвт хэлэлцүүлгийг бүх аймаг, орон нутгаар явж хийсэн юм. Аймгийн төвийн Хөгжимт драмын театр, Нутгийн удирдлагын ордонд иргэдтэй уулзалт хийж, дараа нь сургуулийн сурагчид, оюутнуудад лекц уншдаг байв. Хамт явсан багийнхан нь амарч байх зуур Лу.Гантөмөр гишүүн аль хэдийн аймгийн төвийн номын сангаар ороод хэдэн ном, ямар сэдэвтэй, хэзээ хамгийн сүүлд шинэчилсэн зэргийг бүгдийг бүртгэчихсэн тоо ширхэгээр нь хэлээд “Монголын баялаг уул уурхай биш, бидний үр хүүхэд шүү. Эцсийнхээ мөнгийг шавхаад ч болтугай хүүхдэдээ боловсрол олго. Энэ л хөгжлийн түлхүүр” гэж ярьдаг байв. Хүүхдүүдтэй уулзаад ялгаагүй, “Би Боловсролын сайд болохоороо...” гэж ярина. Хүүхдүүдийнхээ өмнө гарч зогсоод “Ах нь хүүхэд байхдаа номыг ингэж уншдаг байлаа. 100 ном уншсан хүн 100 удаа амьдарсантай адил туршлага, мэдлэгийг хуримтлуулдаг. Тийм учраас ном унш” гэж ярьж байсан Боловсролын сайдыг би өмнө хараагүй, сонсоогүй. Лав сүүлийн 27 жилд. “Хэрвээ АН ялбал би Боловсролын сайд болно, боловсролын бодлогод ийм ийм шинэчлэл хийнэ” гэж амлалт аваад сонгуульд орсон, сонгуулийн дараа хэлсэндээ байсан өөр хүн АН-д гарсан эсэхийг мэдэхгүй. 

Боловсролын сайд болоод хамгийн түрүүнд “бага нагийн хүүхдүүдээс шалтгалт авч дүн тавьдгийг зогсоо. Үүнээс чинь болоод сайн сурагч, муу сурагч гэсэн ялгаварлал бий болоод, сайн хэсгийг нь авч давхиад мууг нь үлдээж хоцроогоод байна шүү, багш нар аа. Муу багш гэж байхаас биш муу сурагч гэж байдаггүй юм” гэж хэлсэн. 2012 оноос хойш бага ангийн хүүхдэд дүн тавихаа больсон, олимпиад уралдааныг зогсоосон. Энэ бол түүний Монголын сая иргэн байгаа орчиндоо, сургууль дотроо ялгаварлагдахгүйгээр яг адилхан сурч боловсрох болоцоогоор хангагдаасай гэсэн түүний өөрчлөлт байв. Яг түүнтэйгээ зэрэгцүүлээд СТӨ-ний зааланд хамаг шилдэг гэсэн багш нарын цуглуулаад “Боловсролын шинчлэлийг би хийхгүй ээ, багш нар өөрсдөө хийнэ. Танд хүүхдээ сургахад ямар сурах бичиг, ямар арга барил, гарын авлага хэрэгтэй байна, түүнийгээ өөрсдөө бич” гэсэн. Энэ цагаас багш нар сурах бичгээ өөрсдөө бичдэг болсон. Үүнээс өмнө хэзээ ч хүүхдэд нэг цагийн хичээл зааж үзээгүй Боловсролын яамны нэг түшмэл, эсвэл Боловсролын яамнаас номын тендер авсан хэвлэлийн компанийнхан хүүхдийн сурах бичгийг бичдэг байлаа. Л.Гантөмөрийн үед Боловсрол судлалын хүрээлэн гэж юм бий болж, тэнд нь заах арга, ур чадвараараа шалгарсан шилдэг тэргүүний багш нар цуглаад сурах бичгээ бичдэг болсон. Хүүхдэд боловсрол олгоно гэдэг чинь шинжлэх ухаан шүү дээ, шахааны бизнес биш. Лу.Гантөмөрийн үед боловсролын бодлого ингэж өөрчлөгдсөн юм аа. Түүнээс биш ямар нэгэн Мүүнизм биз. Монголын сая 500 мянган хүүхэд бүгдээрээ сурах чадвартай, нэгийг нь ч битгий орхи оо л гэсэн. Энэ хүн Монголын төлөө цохилох зүрхтэй гэж би итгэдэг.

1999 онд Японы Нагаока Технологийн их сургуулийг өгсч ирээд АЗХ-ны гишүүнээр элсч, 2000 онд анх удаа УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Тэр үед Сүхбаатар дүүргийн АН-д хоёр Л.Гантөмөр байсан тул Лха.Гантөмөр, Лу.Гантөмөр гэж ялгаж бичдэг байв. Лу.Гантөмөр гэх нэр тэр үеэс үүдэлтэй. Тэр жилийн сонгуульд АН “үсгүй” ялагдаж, Ж.Наранцацралт ганцаараа УИХ-д сонгогдож байв. 2004 оны сонгуулиар эвслийн дарга М.Энхсайхан түүнийг тойргийг эвслийн бас нэг намын дарга Б.Эрдэнэбатад өгөхөд нь тойргийнхоо 8000 сонгогчдоос гарын үсэг цуглуулж ирээд тойргоо авч байлаа. Сүхбаатар дүүргээс гурван удаа сонгогдсон. ЦЕГ-ын дарга асан, хурандаа Д.Мөрөн, МАН том кадр С.Баяр нартай өрсөлдөн өвдөг шороодуулж байв. Энэ хүнийг “аймхай” гэх үү?

Сунгааны эхэнд нэр дэвшигчдийн ярьж байсан “намаа шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөр” мэт нь сунгааны төгсгөл хэсэгт үнэ цэнээ алдаж, хэн илүү хүчтэй, хэн их мөнгө төлсөн нь АН-ыг авахаар гардан тулаанд орж байх шиг байна л даа. Н.Алтанхуяг нь зальтай, С.Эрдэнэ мөнгөтэй, Д.Эрдэнэбат нь нуруутай л гэнэ. Н.Алтануяг, С.Эрдэнэ хоёрт гологдсон нь Д.Эрдэнэбат руу мөлхөж, Д.Эрдэнэбатыгаа голсон нь нөгөө хоёр луу хандарч байна. Өөрсдөө ч сайн мэдэхгүй улс төрийн бохир тоглоомд донтчихсон “тэр нь хүчтэй, энэ нь ч хорчин, тийм болохоор намаа ялуулчих байх” гэцгээсэн, нэг л их улс төрийн өрөг дээр нүүдэл хийсэн хүмүүс. Хорин жил тэр хоронд нь бүгдээрээ адилхан хордоцгоолоо шүү дээ. Яасан ч хаширдаггүй юм. 

Ийм гүн хордлогонд орчихсон намыг шинэчилнэ гэдэг нэг удаагийн гэдэг сонгуулиар хийгдэх ажил биш. Урт удаан хугацаанд явагдах процесс. Хамгийн гол нь шинэчлэлийг чин сэтгэлээсээ эрмэлзэж байгаа бүх гишүүдийн оролцоо, хариуцлага, шахалт шаардлага энэ намыг хөл дээр нь босгож ирнэ. Түүнээс биш нэг хөрөнгө мөнгөтэй, овжин зальжин хүнийг намынхаа толгойд тавиад ялалтыг худалдаад авчихна гэвэл харамсалтай нь тийм юм байхгүй л дээ. Намын даргын суудлыг худалдаж авч болох ч нийт ард түмний сонголтыг худалдаж авч чадахгүй. С.Эрдэнийн мөнгө Баянголыг худалдаж авахад хүрэлцсэн байлаа ч бүх монголчуудыг худалдаж авч чадахгүй л болов уу. Н.Алтанхуягийн менежмэнт 2012 онд намаа ялалтад хүргэсэн ч 2016 онд бидэнд юуг үзүүлэв. АТГ-ын үүдээр дүүрэн хамаатан садан нь “бэлчиж” байна. Д.Эрдэнэбат гэдэг хүн өнгөрсөн 20 гаруй жил хэнд ч гэм хоргүй “буурьтай”, “нуруутай” явсны гайгаар АН өнөөдөр иймэрхүү л дүр төрхтэй болчихоод байна.

Л.Гантөмөр хэлсэн байна лээ. “АН энэ сонгуулиар зөвхөн намын даргаа сонгохгүй шүү. Ирэх 2020 онд АН-ын Ерөнхий сайд хэн байх вэ? гэдгийг ард түмэн харж байгаа” гэж. С.Эрдэнээр тугаа хийж ороод АН ирэх 2020 оны сонгуулиар засаг барих болов уу, эсвэл Баабарын хэлсэнчлэн “Намаараа очиж шоронд нь эргэх” ажилтай болох уу? Н.Алтанхуягийг намын даргаа болгоод АН, МАН-тай яг юугаараа ялгарч өрсөлдөх вэ? Д.Эрдэнэбат гэдэг хүнийг Ерөнхий сайд болбол Монгол Улс хөгжлийн яг ямар чиг хандлагаар явах юм? Өөрийнхөө Засгийн газрыг огцруулан байж УИХ дахь намын бүлгийн даргаа Аж, үйлдвэрийн сайдын суудлаар солиод энэ хүн Монгол Улсад яг юу хийж бүтээв?

Н.Алтанхуяг даргын өөрийнх нь хэлсэн нэг үг бий. Хүнийг юу хийх гэж байгаагаар нь биш, юу хийсэн бэ гэдгээр нь дүгнэж болдог юмаа гэж.

АН үнэхээр шинэчлэгдье л гэж байгаа бол малгайгаа солиод зогсохгүй толгойгоо солих хэрэгтэй. Дээлээ сольж өмсчихөөд “Би шинэ хүн болсоон” гэж яриад яваа хуучин хүмүүсийн хэн нь шинэчлэлийг хийх бол?! Зүгээр л улс төрийг байх ёстой хэм хэмжээнд нь, дүрэм журмынх нь дагуу хийдэг, зарчим, ёс зүй, хариуцлага ярьдаг шинэ үеийг оруулж ирье л дээ. Угаасаа амьдрал өөрөө эв энгийн шүү дээ.

Нийтэлсэн: Нийтлэлч Б.СЭМҮҮН

АН малгайгаа биш, толгойгоо солих хэрэгтэй   
Үзсэн: 710 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2017-02-14 15:56
uuriiguu ih mundag yum bichsen hun bolgoj haragduulj baigaa yum bhdaa Tolgoigoo solih heregtei ch geh shig Boldog yum bol uuruu solimoor hun bnadaa chaavaas
Зочин [202.179.31.xxx] 2017-02-07 20:24
Гантөмөр Алтанхуяг хоёр л биш бол хэнч яах вэ гэж бодож байлаа Эрдэнэ чадна ш дээ
Зочин [202.179.11.xxx] 2017-02-03 11:06
үнэн л юм хэлсэн б. утгыг нь ойлголдоо . эрдэнэ бол арай л бишээ . улаан луйварчин в ер нь энэ хэдээс тэс өөр залуу боловсролтой хүмүүсээ гаргаж байж л өөрчлөгдөнө дөө
Зочин [139.5.219.xxx] 2017-02-02 11:14
Сэмэрч гүйцсэн сэмүүний талаар хөх чоно сайн бичсэн байна,бараг энүүний оронд хөх чоно байвал өгөөж нь илүү байх юм биш үү?
Хөх чоно [202.179.31.xxx] 2017-01-26 11:03
Лу.Гантөмөр тэгээд мундаг толгойтой хүн үү? БСШУ-яамны сайд байхдаа энэ хүн юу хийв? 6 настай хүүхдийг сургуульд оруулан хөдөөны хичнээн айл өрхийн амьдралыг самрав? хэдэн мянган нялх хүүхэд бэтгэрүүлэв? гадаадын боловсролыг оруулж ирж туршин хичнээн хүүхдийг туршалтын туулай болгов? Гантөмөр байсан байгаагүй Монголчууд 800 зууны тэртээ гэрийн боловсролоороо их гүрэн байгуулж байсан юм шүү. Ийм нийтлэлч Б.Сэмүүн мэт харийн боловсролоор толгойгоо угаалагсан улсыг дахиж нийтлэл бичих эрхийг нь хасаж хариуцлаг тооцох цаг нь болсон шүү
иргэн [139.5.219.xxx] 2017-01-25 19:40
Яасан айхтар гарчиг вэ?хүн ер нь толгойгоо сольж болдог юм болуу?шинжлэх ухаан хөгжсөн үед харин толгойны зарим эд эрхтэнийг сольдог болж байгаа гэж дуулсан,тэгээд ч толгойгоо тасдаад өх хүн олдох болуудаа,түүний оронд толгойдоо хуримтлуулсан мэдлэгээ өөрчлөх сайжруулах талын юм бодвол арайл амьдралд ойр буух юм биш байгаадаа.

Бидэнтэй нэгдээрэй