Шууд Chart

Тэр намрын бухимдал

2014-01-20 15:17:46


Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.
 
...Тэр намар үнэхээр нийгмийг донсолгож байжээ. 90 оны тухай ярьвал хүн бүхэнд өөр өөрийн үг бий. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи ер нь бол 88 оны хавьцаа мэдэгдэхүйц сэвэлзээд эхэлчихсэн байсан л даа. Миний бодлоор хэвлэл мэдээллийн байгууллагуудаас түрүүлж дуугарсан нь яах аргагүй “Үнэн” сонин. Л.Түдэв зохиолчийн хэлснээр армид   офицерүүд дэглэж хөөрхий цэргүүд турж эцэж байгааг айхтар бичиж байжээ. Мөн Л. Энх-Амгалан гэж сэтгүүлч / Хожим МСS –ийн дэд захирал болсон / Аким гуайн дэргэд “Ил товчоо” сонинд байхдаа хэд хэд сүрхий юм бичиж байлаа. Эрдэнэт хотод баазын нягтлан Дугархорлоогийн амийг хөнөөсөн гэх дуулиант хэрэг гарч прокурор Цолмонгийн тухай найруулагч Цэнддорж Барамсай зохиолчтой хамтран бас л амьтан шуугиулсан баримтат кино хийсэн юм. Залуучуудын театрын тайзнаа Ц.Балдорж сэтгүүлчийн “Хэрээ”,”Эмсүүд” зэрэг жүжиг дараалан тавигдаж хотын залуучуудыг байлдан дагуулсан. Ер нь ардчилсан хувьсгалын эхлэл, үзэл санаа талбай дээр жагсахаас бүр өмнө хэвлэл уран бүтээлийн талбарт хэдийн эхэлчихсэн байсан даа. За тэгээд Үндэсний Телевизийн З.Алтай тэргүүтэй залуучууд “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг хийж ёстой Монголыг бужигнуулж байв. Энэ бол 87 оны намар шүү дээ. Тэгээд Оросын телевизээр “Взгляд “ нэвтрүүлэг хагас сайн өдөр болгон гарч хэл устай үзэгчид Зөвлөлт Холбоот Улсад шинэчлэлийн салхи хүчтэй эргэжээ гэдгийг ойлгосон байв. Энэ бүхэн Горбачёваар овоглодог “Горбачёвын перестройка” гэвэл юу эс андах билээ. За өгүүлж байгаа юмнаасаа хазайх нь. Энэ үед Жагаа бид хэд 90 онд өрнөөд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний гадуур нь бас яваагүй ээ. 3 сараас эхэлж ойр ойр янз бүрийн сурвалжлагад “түргэн” авна. Хааяа нийгмийн асуудлаар ярилцлагын нэвтрүүлэг хөтөлж байв.
 
Тэр үед нэгэнт бужигнаад эхэлсэн нийгмийг сурвалжлах Ардчиллын тухай нээлттэй хэрхэн ярих вэ гээд тулаад ирэхэд манайх дүлэгнээд эхэлсэн нь үнэн. Телевиз маань Намын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга нарын хяналт дор байсан. Гончиг гэж нямбай хүн байлаа. Түмэндэлгэр дарга гээд ярьвал манай хуучцуул маш сайн санана. Хаа очиж энэ өөрчлөлтийн үед ёстой Түмэндэлгэр дарга маань их нуруутай зөв хандлагатай шинэчлэлийг дэмжиж байсан юм шүү. Жагаа бид хэд хоорондоо их уралдана. Уралдаан нь бол хэн хэнээсээ илүү гарсан нэвтрүүлэг хийх. Эрдэмтэн Доулийн толгой романаас сэдэвлэж хийсэн нэвтрүүлгийнхээ дараа их магтагдаж тэрнээс хойш Жагаа дорхноо л өсч өндийж эхэлсэн. Бид “Чиний үс яагаад уначихсан юм бэ” гэж байнга асууна. Тэгээд л онигоо хөвөрнө. Хааяа маазрах үеэр бид ширээндээ суугаад л Жагааг сонсоно. Мань эр өрөөний голд зогсоод л авч өгнө шүү дээ. 16-17 настай байх үес халимаг үс нь туг тугаар унаад, шилжилтийн насан дээр охидын өмнө гангарах аргагүй болж сүүлдээ арга буюу париканд орсон гээд л эхэлнэ шүү дээ. “Нэг охинтой үнсэлцэж байгаад дараад унадаг дээр толгойноос нэг алчуур шиг хар юм унангуут охид хашгирна биз дээ. Аймаар Фонтамас шиг юм” гээд л өөрөө тэрэндээ баясан биднийг дагуулж хөхөрнө. Наймдугаар ангидаа гэртээ сонин уншиж суугаад үсээ илсэн чинь эхний туг үс баригдсан. Айсан гэж яана аа гээд л үргэлжлүүлнэ. 93 онд бил үү дээ Ууган найруулагч Сингапурт ажлаар очжээ. Тэгэхэд мань эр Соёлын сайд байсан хэрэг. /Соёл Урлагийн Хороо гэж нэрлэж байсан / Жагаа Ууганы буудлыг мэдэж. Тэгээд залгаж дээ. Ууган бас Жагааг Сингад /Сингапур улсад / байгааг аль хэдийн мэдсэн хэрэг. Жагаа залгажээ. Урьдаас нь “Сингапурын үс, суга, умдагны парикаар үйлчилдэг товчоо байна” гэж Хятад аялгаар ярьж дамшигласан гээд бидний элэг хөшөөн нулимс бардагсан. Бид хэд тэр үед дэггүй явжээ.
 
Ингээд өрөөнд болдог яриа хөөрөө улс төр лүү гулган орж яван явсаар нэгэн том нэвтрүүлэг хийхэд хүргэсэн юм. Энэ бол 90 ондоо л дуулиан тарьсан “Бухимдал” нэвтрүүлэг байв. Тэр үед нийгмийн хүлээс алдарч эмх замбраагүй байдал хаа сайгүй газар авсан юм. Өглөө ажилдаа орж ирээд л ярьдаг яриа тэр болсон. Жагаа маань их сэтгэлийн хөдөгөөнтэй заримдаа амархан эмзэглэчихдэг, хөөрхөн бухимдана. Зарим үед үзэл бодол зөрвөл бид маргана хэрэлдэнэ. Бид 30 шүргэж явжээ. 90 оны сүүлчээр Телевизийн бүтэц өөрчлөгдөж уран бүтээлийн чөлөөт нэгдэл болов. “Гал”, “Цацал”, “Марал” гэсэн гурван содон нэртэй бие даасан уран бүтээлийн нэгдэл болов. Энэ бүхэн уран бүтээлийн чанарт шууд нөлөөлснөөр сэтгүүлч найруулагчид урьд өмнө хөндөж байгаагүй сэдвээр маш сонирхолтой зарим үед дуулиан тарихаар нэвтрүүлгүүд хийж эхэлсэн юм. “Бухимдал “ нэвтрүүлэг 3 цаг 40 минутын том нэвтрүүлэг байлаа. Наадам, цагаан сар, намын их бага хурал, концертууд л тэгж явсан болохоос биш ийм урт цагаар өөр юу ч явж байгаагүй ээ. Сэдэв нь нийгэм бухимдуулж айдас хүйдэст автуулсан архи, гэмт хэрэг байв. Цагдаагийн шөнийн эргүүлтэй явж эрүүлжүүлэхээр орж сурвалжлахыг нь Жагаад хариуцуулав. Ер нь бид хэд сэдэв обьектуудаа хувааж авсан байлаа. Ерөнхийд нь Ш.Гүрбазар сэтгүүлч зангидах болж бидний залуучууд хэсэг хэсэг болж тус тусдаа сурвалжлагад явав. Гүрээ маань хэзээний сэтгэлийн хөдөлгөөнтэй. Анх сэдэв ярьж эхлэхэд босч зогсоод эгээ л кино ярьж байгаа юм шиг эсвэл театрын жүжгийн нэг үзэгдэлд жүжигчний ганцаарчилсан тоглолт хийж байгаа шиг хачин сүртэй ярьсан болохоор бид зорилгоо “нүдэндээ” харчихсан байлаа. 86-88 онуудад хоёр билүү гурван ч удаа хийсэн “Говийн ганц “айл сурвалжлага нь Монголын нийгмийг донсолгож Гүрээ сэтгүүлч нэг хэсэгтээ үндэсний “баатар” шахуу л байлаа. Амтай болгон “Говийн ганц айл” нэвтрүүлгийг ярьдаг байсан юм. Би Гүрээтэйгээ олон жил хамт байлаа. Мань эр шинэ санаа ороод л ирвэл өөрөө зүгээр байхгүйгээр үл барам өрөөлийг зүгээр суулгадаггүй зантай. Салахгүй шүү дээ. Говийн ганц айл бол бодит амьдралын үнэн мөнийг сэтгэлийн их хөдлөлөөр баяжуулж хийсэн болохоор олон үзэгчийг догдлуулж ухааруулж бас уурлуулсан нэвтрүүлэг. Ямар сайндаа Дорноговьд хожим нэг очиход нь уурласан залуучууд говийг муулсан сэтгүүлч гээд нутгаасаа хөөж байхав дээ. “Говийн ганц айл” нэвтрүүлэг бол телевизийн сэтгүүл зүйн практик ажилд, ялангуяа асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн хувьд “хувьсгал” болж чадсан шинэ үзэгдэл. Энэ нэвтрүүлгийг сэтгүүлч болох залуучууд үзэж л байх ёстой гэж боддог.
 
Ингээд “Бухимдал” нэвтрүүлгээ бид намар орой сэрүү унасан хойно бэлтгэж эхэлсэн. Олон хүн дайчлагдав. Би урьдчилсан сурвалжлагад явав. Жагаа маань бас сурвалжлагад явж студид шууд хөтөлсөн. Агсан согтуу тавьж уугчиж хашгирсан хүмүүсээс эрүүлжүүлэхэд яриа авсан байлаа. Бас гудамжинд хэдэн сайхан ярилцлага хийж чадсан юм. Хожим өвчнөөр залуугаараа бие барсан чадалтай зураглаач Энхбат бид хоёр оршуулгын зураг авахаар нэг өглөө хөдлөв. Санааг нь Гүрээ хэлсэн юм. “Урт урт оршуулгын цуваа чимээгүй хөврөөд л нэг гунигтай, намрын жихүүн амьсгал орчихсон, сүүлчийн навч эзэнгүй гудамжаар уруудаад л үе үе зогсоод л тэгээд оршуулгын цуваа л хөвөрнө”. Гүрээ нүдэнд үзэгдтэл ярьсан билээ. Энхбат зураглаач бид хоёр өглөө эрт зурганд гарав. Чимээгүй хот буюу Далан давхар өгсөөд нэг жалганы эрэг бараадаад “тарвагачин“ шиг хэвтэж тээр тэрүүгээр өнгөрөх оршуулгын баахан цуваа авсан юм. Бас дотор жихүүцмээр санагдаж байсан шүү. Тэр үеийн оршуулгын цуваа гэвэл талийгаачийг хөдөөлүүлж байгаа хүмүүс ачааны машины тэвшин дээр олуулаа зогсчихсон явна. Олон тийм цуваа харахад юм бодогддог. Ямар ч байсан нэвтрүүлэгийг эхлэл сюжетийн дүрс ийм байлаа. За тэгээд 4 цагийн шууд нэвтрүүлэгт цагдаа шүүх прокурорын албан тушаалтнууд оролцох болохоор хамгийн эмзэг хурц сэдвийг сонгож ярилцана шүү гэж бид тохиролцсон. Яг тэрүүндээ тохирсон айхтар сүрхий хэргийн тухай сурвалжлагууд бэлтгэв. Би гэхэд л цэргээс халагдаж ирэхэд эхнэр нь жирэмсэн болсныг мэдээд архи ууж архины халуунд агсамнан эхнэрээ харгислан зодож алсан нэг хэрэгтэн залуутай ярилцаж байв. Жагаа маань бас цагдаа шүүхийн байгууллагад очиж ярилцлага авсан. Жагаагаа бид хааяа цаашлуулах. Юу гэвэл “За чи энэ гэмт хэргийн сурвалжлагаар яах гэсэн юм бэ. Дөрвийн дөрвөн нялх нойтон хүүхэдтэй хүн. Цөвтэй. Шөнө харьж явахад чинь туйпуудчихвал яана“ гээд л. Нээрэн тэгвэл нэвтрүүлэг сэдсэн Гүрээ та нараас дөрвөн охин маань амь нэхнэ ш тээ. Юу ч үгүй гуйлгачин та нар юугаа өгөх юм “Шээт” гээд л инээх. Жагаа маань хойно Оросод сургууль төгсөөгүй ч хаа очиж орос хэлтэй, Зөвлөлтийн хэвлэл сайн ашигладаг байж. Тэгээд ч эрдэм шинжилгээний ажилтан хүн шүү дээ. Микробиологийн тухай олон юм бидэнд ярьдаг байжээ. “Бухимдал нэвтрүүлэгч товлосон цагтаа эхлэв . Хүмүүсийн 600-гийн гэж нэрлэдэг их студид нэг хэсэг нь, нөгөө хэсэг нь арай багавтар 150 студид тайз засч зочид урьсан байв. Энэ олон цагийн шууд нэвтрүүлгийг Гүрээ, Бүдрагчаагийн Оюунчимэг, Жаргалсайхан /Парик Жагаа/ бид хэд хөтлөв. Шуурхай сурвалжлагын хэсгийг гурван дүүрэгт гаргасан. Эхний шууд сурвалжлагын материал нэвтрүүлэг эхэлснээс хойш 45 минутын дараа орж ирэхэд бараг монтажлалгүй түлхээд тэрнийг тойрч яриа маргаан өрнүүлж байлаа. Орон даяар амьсгал давхцан үзэж байсан гэж ярьсан юм. Бид залуу зориг зүрхтэй хамтдаа их хүчтэй байж. Олон олон айхтар сурвалжлага дараалан орж эхлэв. Гудамжинд явсан нэг хүн бүр “Муусайн төрийн идээчингүүд, хувьсгал хийж завхруулагчид аа. Тэр хашгичаад байсан сайхан чинь хаа байна” гээд дэлгэц дүүрэн салаавч үзүүлснийг тод санаж байна. Нэг ядуу авгай нялх хүүхдүүдээ гуанзангийн хаягдал хоолоор тэжээж байгаагаа зүрх шимширмээр ярьж уйлсан.
 
Студид Жагаа маань маш хурц яриа өрнүүлж чадсан. Энд тэндээс хэдэн зуун мянган үзэгч утасдаж телевизийн холбооны байтугай улсын холбооны ачаалал дийлэхээ больтол давхар бухимдал үүсгэж байсан гэдэг. Тэгэж байтал нэвтрүүлэг эхлээд хоёр цаг болов уу үгүй юу телевизэд тог тасарч эфир зогссон нь дарь дээр давс нэмэхийн үлгэр боллоо. Нэвтрүүлэг үзэж байсан   олон түмний бухимдал түймэр мэт ассав. Бид хэд студид гэрэлгүй болохоор гар чийдэн асаан дэмий хүлээцгээж зогссон. “Яанаа хүмүүс утасдаад барьж идэх нь” гээд дээрээс найруулагч хэлж байв. Сэнгээрэйн Сүхбаатар найруулагч “Ард” кино театрын автобусны буудлаас хоёр согтуу хүнтэй бараг барьцалдан алдан сурвалжлага авч байх үед тог тасарчээ. Жагаа “аах шээт” гээд л микрофоноо чанга атгачихсан үглээд л зогсох. Тэгж тэгж бараг цаг болох шахан удаж, ашгүй тог ирлээ. Студид гэрэл асч нэвтрүүлэг үргэлжилсэн ч эхэлсэн шигээ дайчин эрчтэй явсангүй.
 
Юм олон дахивал заримдаа мууддаг. Энэ нэвтрүүлэг нийгэмд чухам юу хэлэх гэж ийм олон цаг үргэлжилсэн бэ гэвэл олныг хамарсан эмх замбраагүй байдал дэндүү газар авч, улс орон эзэнгүй мэт боллоо гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хоёр студид 5 сэтгүүлч зэрэг ажиллаж тэр олон сурвалжлагын хэсгийг зэрэг шууд ажиллуулсан нь тухайн үедээ маш шийдэмгий зоригтой алхам шиг ойлгогдож, нэвтрүүлэг явсны дараа олон хүнээс талархлын үг сонсоод бид нэг хэсэгтээ л маадгар явсансан. Тэр үед шинжлэх ухааны нэвтрүүлэг дагнан бэлтгэж байсан уран бүтээлийн ажилд сүрхий дадлагажиж, телевизийн “хүн” болох нь нэгэнт тодорхой болсон Жагаад бас нийгмийн асуудлаар хурц дайчин нэвтрүүлэг ч хийх боломжтой, өөрийн үзэл бодолтой нийгмийн төлөө санаа зовдог бүтээлч болох нь ээ гэсэн бодол төрж байж билээ. “За чи дутаа, Доулийн толгой царайлчихаад урьдах ажлаа яая гэж байж бас олон үгтэй гэдэг нь” гэж шоолоход “Нэг л мэдэхэд та нарыг ална аа, Цахиур хагална шүү” гээд /Та нараас илүү гарна аа гэсэн утгаар хэлдэг байв/ томоогүй цайлган инээдэгсэн. Телевизэд ирсэн эхний хоёр жил үнэхээр ч бас ажил амьдралдаа түүртэж явсан л санагддаг. Тэр үед нь “Жагаа чи яанаа. Дөрвөн охинтой. Дөрвөн хүргэн ирнэ. Дөрвүүлээ номхон хонь шиг байгаа ч уу үгүй ч үү гээд л цаашлуулахад “Аах шээт” эхнээс нь базахгүй бол хадам аавыгаа дэлгүүр гүйлгэсэн юм ирвэл дүүрлээ шүү гээд л хөхөрч суудагсан...
 
 
 
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Тэр намрын бухимдал  
Үзсэн: 4020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nyamuhai Khadbaatar [112.72.13.xxx] 2014-02-14 01:02
Bur nudend haragchihlaa. saihan dursamj baina
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-14 01:01
Dursamjaa huwaltsan tand bayarlalaa. nudend haragdchlaa
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2014-02-13 22:20
Yasan goe yumbe Iimerhuu goe dursamjiig olon oruulj baigaarai Bayrlalaa
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-22 14:00
Zoljargal aa, bayrlalaa, enguun, dotood setgeliin, ih dotno saihan dyrsamj. Myy Jagaa mini nudend haragdchihlaa. Ta nar mini oystoi byjignyylj baisan shuu. Ongorson stag gej baidaggui yum, dyrsamj ooroo amidral bilee, er ni chinii dyrsamjyyd unen hiigeed elgeh halyyn yumaa, dicheed baigaarai, and mini, hundetgen mehiisen Danzangiin Nyamaa
72.131.70.xxx [72.131.70.xxx] 2014-01-21 01:00
Yostoi saikhan zuil unshlaa,negen ueiin shijignesen saikhan zaluus boloh Jargalsaikhan,Gurbazar,Zoljargal nar bol yostoi l ter tsag uedee shuugiulj baisan chadaltai,bolovsroltoi saikhan zaluus bailaa.Ter ued garch baisan buh nevtruulguudiig bugdiig ni algasalgui uzdeg bailaa.Mongoliin TV-d yamar gavya shagnal baidag yum be,ter buhniig avah erhtei humuus ni ed mon gej bodoj bna.Az jargal husen erooe! Ulaan Penees chini
50.161.39.xxx [50.161.39.xxx] 2014-01-20 17:54
saihana dursamj bna

Бидэнтэй нэгдээрэй