Шууд Chart

Амьтан судлалын нэрт эрдэмтэн Жэйн Гудолл

2019-03-07 17:41:10

Өнөөдөр дэлхийн судлаачдын 28.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уншигч та бүхэнд дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтдийн нэг Жэйн Гудоллыг товч танилцуулж байна.

Нэрт антропологич, приматын багийн амьтан судлаач Жэйн Гудолл нь 1934 онд Английн Хаймпстид тосгонд нэгэн бизнесмений гэр бүлд төржээ. Түүний эцэг охиндоо Жубили нэрт шимпанзе сармагчингийн чихмэл тоглоом бэлэглэжээ. Энэ тухайд дурсан “Тухайн үед ээжийн найзууд тэрхүү чихмэл тоглоомоор айлгаж, зүүдэнд ч ормоор ярьдаг өгсөн” хэмээн ярьжээ. Тэр үеэс бяцхан охинд амьтныг хайрлах сэтгэл, хүмүүжил төлөвшсөн төдийгүй хожим нэртэй эрдэмтэн болох үүд хаалга ч нээгджээ.

Түүнд Их сургуульд сурах боломж үгүй байсан. Гэхдээ Жэйн Гудолл амьтдыг хайрлах хүсэл, сэтгэлээ тээсээр 1957 онд Кенийн өндөрлөг нутагт амьдардаг найзынхаа фермд хүрчээ. Эхэндээ сармагчинг судлах тодорхой чиглэл байгаагүй ч тэдгээрийг тоолох явцад нэр өгч, хувийн шинжтэй чанар, санаа бодол байгааг ажигласан байна. Улмаар хүн ба шимпанзе сармагчингийн төсөөтэй талыг нотлон харуулах судалгаа руу оржээ.

Тэнд байхдаа нэгэн найзынхаа зөвлөснөөр Кенийн нэрт археологич, палеонтологич Леон Лейктэй амьтдын тухай ярилцахаар утсаар яриад очиж уулзсан байна. Жэйн Гудоллын зориг, тэмүүлэл, мэдлэг нь Леон Лейкийг гайхшруулжээ. Түүнд шимпанзе сармагчинг ажиглан судлах, хооллож зорилго өвөрлөсөн залуу эмэгтэйн санаа бүтэшгүй мэт санагдсан. Гэхдээ Лейк сармигчингийн дуурайх зан үйлийг судлах нь үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байв. Эрдэмтэн Лейк 23 настай Гудоллыг нарийн бичгийн даргын ажилд авах санал тавьж, дэргэдээ ажиллуулснаар Гудолл тодорхой орлоготой болж чадсан.

Лейк эхнэртэйгээр ярилцаж байгаад 1958 онд өөрийн нарийн бичгийн дарга Жэйн Гудоллыг анатомич Осман Хилл, Жон Напиэр нартай судалгаа хийлгэхээр Лондон руу явуулсан байна. Лэйк санхүүжилт бүрдүүлж өгснөөр Гудолл 1960 оны 7 дугаар сард Танзаны Үндэсний паркад судалгаа хийсэн. Лейк 1962 онд дахин мөнгө санхүүгийн боломж олгож, түүнийг Кембрижийн Их сургуульд явуулсан байна. Ийнхүү тэрээр Английн нэрт философич, эдийн засагч Хэнри Сиджвик, зохиолч улс төрч эмэгтэй М.Фоссэт нарын үндэслэсэн Кэмбрижийн Ньюнхэм коллежд амьтны зан үйл судлалаар докторын зэрэг хамгаалах болжээ. 1965 онд Английн амьтан судлаач Роберт Хиндегийн удирдлагаар Танзаны Үндэсний паркад 5 жил судалсан ажлаа нэгтгэж “Шимпанзегийн зан үйл” сэдвээр докторын ажил бичжээ. Ингээд Жэйн Гудолл бакалаврын зэрэггүй боловч доктор хамгаалсан 8 дахь хүн болов. Түүний судалгааны ажлын үр дүнд олон эрдэмтэн итгэл үнэмшилгүй байсан гэдэг. Гэвч шантралгүйгээр судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж 40 гаруй кино, 10 гаруй хүүхдийн зохиол, 15 судалгааны ном, сурах бичиг зохиож, 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж дэлхийн олон хэлээр нийтлүүлсэн байна.

Олон жилийн ажиглалтаар шимпанзе нь нийгмийн нарийн бүтэцтэй бөгөөд амьд үлдэх, сүргээ тогтвортой хамгаалах аргатай гэх зэрэг маш сонирхолтой нууцыг хүн төрөлхтөнд нээж таниулсан юм. Түүний “Миний найз зэрлэг шимпанзенууд” хэмээх ном нь 1967-1970 онд англи хэлээр 15 удаа хэвлэгдсэн байдаг.

Тэрээр Африкт амьдарч шимпанзе сармагчинг судалж эхэлсэн тэр цагаас хойш өөрийн судалгааны ажлаа байгаль, зэрлэг ан амьтныг хамгаалах хүмүүнлэгийн үйл ажиллагаатай уялдуулсан юм. 1977 онд Жэйн Гудоллын хүрээлэнг (JGI) үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь шимпанзе болон түүний амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 19 салбартай томоохон байгууллага юм. 1986 онд “Шимпанзег ойлгохуй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулснаас хойш дэлхийн олон оронд шимпанзе болон зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр лекц, семинар, хурлыг зохион байгуулсаар ирсэн. Мөн 1991 онд Roots & Shoots хөтөлбөрийг санаачилж, эдүгээ 100 гаруй оронд 10,000 гаруй бүлэг идэвхтэй ажиллаж байна.

Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 жилийн хугацаанд 60 хувиар буураад байгаа гэсэн судалгаа бий. Эрдэмтэн Жэйн Гудолл шимпанзе судлалын тэргүүлэх эрдэмтэн боловч дэлхий дээрх зэрлэг ан амьтдын сүйрэлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах, тэднийг хамгаалахад чиглэсэн Олон улсын чанартай үйл ажиллагаанд идэвхтэй зөвлөгч, нэр хүндтэй шинжээч юм. Иймд 2002 оны 4-р сард Копи Аннан түүнийг НҮБ-ын Энх тайвны элчээр өргөмжилжээ.

Түүний байгаль хамгаалал, зэрлэг амьтан хамгаалал, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлж, 1990 онд Дэлхийн шинжлэх ухаан, технологи, урлагийн салбарын Киотогийн шагнал, 1995 онд АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгийн Хаббардын медаль, 1997 онд хүрээлэн буй орчин судлалын Тайлерын шагнал, 2004 онд Британийн эзэн хааны одон зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртээжээ. Мөн Жэйн Гудолл нь өрнө, дорнын 10 их сургуулийн хүндэт доктор юм.

Нийтэлсэн: М.Золзаяа

Амьтан судлалын нэрт эрдэмтэн Жэйн Гудолл  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Oyuna [127.0.0.xxx] 2019-03-25 18:21
nokhoind bol nugasgyi :))
Oyuna [127.0.0.xxx] 2019-03-25 18:19
Bakharkhaj baina bi amitand khairtai, bugded n gevel Khetruuleg
Зочин [127.0.0.xxx] 2019-03-08 10:29
Dawosin chuulgand oroltsoj basan. Ungursun jil Delkhiin shildeg 10 emegtein 1-eer todruulsan baisan

Бидэнтэй нэгдээрэй