Шууд Chart

Тэдний "Оскар"-ын шагналд хүрсэн зам

2019-04-02 11:19:45

Америкийн кино академийн эрхэм дээд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол өнгөрсөн зууны дөчөөд оноос эхлэн жил бүр Лос-Анжелес хотноо уламжлал болон зохиогдож иржээ.

Одоо жил бүр  нэр хүндтэй энэхүү ёслолын ажиллагааг дэлхийн 10 оронд шууд дамжуулан хүргэдэг юм.

Луис Майер 

Америкийн кино академи болон түүний  дээд шагнал гардуулах ёслолыг анх “MGM” /Metro-Golden –Mayer/ студийн захирал Луис Майер 1929 онд санаачилсан байдаг. Энэ үеэс дүрэм журам нь өсөн дэвжсээр өнөөдөртэй золгосон билээ.

Академи байгуулах санааг тэрээр 1926 оноос ажил хэрэг болгон хөөцөлдөж эхэлсэн ч 1927 оны тавдугаар сарын 4-нд албан ёсоор 36 гишүүний бүрэлдэхүүнтэй зарлажээ.
Эхний таван удаагийн шалгаруулалт “Онцгой шагнал” нэртэйгээр олгогдож байлаа.

Харин яагаад ч юм “Оскар” гэж наргиантайхан өгсөн энэ нэр өнөө болтол дэлхийн киноны чансааг тодорхойлох шагналын нэр болон мөнхөрчээ.
Чухам хэн анх ингэж нэрлэсэн нь одоо хэр нь маргаантай байдаг ажээ.

Жүжигчин эмэгтэй Бетти Дэвис өөрийгөө титэмт баримлыг анх “Оскар” гэж нэрлэсэн гэж үздэг. Үүнийгээ тэрээр тухайн үедээ Хармон Оскар Нельсон гэдэг нөхөртэй байсантайгаа холбон тайлбарладаг гэнэ.

1931 онд тухайн үед номын санч байсан ч хожим Америкийн кино академийн зүтгэлтэн болсон Маргарет Херрик титэмт баримлыг анх удаа гартаа атгахдаа чухам хэний тухай хэлснийг бүү мэд “Энэ чинь Оскар ах байна шүү дээ” гэж хошигнон уулга алдсаныг сонины тоймч Сидни Сколски овжноор өлгөн авч ийнхүү нэрлэн бичжээ.

Хожим Сидни Сколски энэ талаар “Надад үнэндээ жинхэнэ Оскар хэн байх нь гол биш. Тэр барималд зүгээр нэр өгөн бичих нь тухайн үед сонирхолтой байсан юм” гэж дурссан байдаг.

“Оскар”-ын титэмт баримлыг уран барималч Жорж Стэнли бүтээсэн бөгөөд эх загварыг нь “MGM” кино компанийн зураач Седрик Гиббонс зохион шавар загвар бүтээснийг Алекс Смит тугалган болон зэсээр цутгасныг хожим алтаддаг болжээ.

Өөдөсхөн төмрийг ч фронтод илгээж байсан дэлхийн 2-р дайны хүнд жилүүдэд титэмт баримлыг хуванцраар орлуулан цутгаж байсан ч дайны дараа дахин алтдах болсон билээ.

“Юмыг яаж мэдэх вэ” гэгчээр Америкийн кино академи алдаж үрэгдэх, тохиолдож болох эрсдлийг тооцон “Southern California Trophy” компанид жилдээ 50 баримлыг захиалан хийлгэдэг.

Сонирхолтой баримтууд

“Оскар”-ын шагналыг хамгийн олон хүртсэн хүн бол Уолт Дисней юм. Анх тэрээр 1932 онд “Микки Маус” хүүхэлдэйн киногоороо хүртсэн бол нийтдээ 26 удаа энэ шагналын эзэн болжээ.

Уолт Дисней

•    Бусад үндэстний шагналуудад “Шилдэг кино”-ны шагналыг найруулагч, продюсер нар хамтдаа хүртдэг бол “Оскар”-ыг зөвхөн продюсер нь гардан авдаг бичигдээгүй хууль үйлчилдэг.
•    Хоёр талдаа иртэй илд барьсан эрэлхэг рыцарийн дүр бүхий хар гантиган дээр суурилсан титэмт баримал 34 см өндөртэй, 3.85 кг жинтэй юм. Седрик Гиббонс энэхүү загварын санаагаа нэгэн цуглааны үеэр тэмдэглэлийн дэвтэртээ ноороглон тэмдэглэсэн таталбар нь байдаг.
•    Америкийн кино академи 6000 гаруй гишүүнтэй.  

•    “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын улаан хивсний урт нь 150 метр, өргөн нь 10 метр юм. Хэд хэдэн хэсгээс бүрдэх хивсний хуйлмал бүр нь 135 кг болох бөгөөд нийт 5 тонн жин татах юм. Улаан хивсийг ёслолын ажиллагаа болохоос дөрөв хоногийн өмнөөс 21 хүн дэлгэн эхлэх бөгөөд харин хураахад ердөө 4 цаг зарцуулдаг байна.
•    “Оскар”-ын шагналыг гардан авсан ижил нэртэй цорын ганц хүн нь либретто мюзикл зохиогч Оскар Хаммерстан II байжээ.
•    Хамгийн алдартай гэр бүлийн “Оскар”-ыг найруулагч Жон Хьюстон “Сьерра Мадрийн эрдэнэс” кинондоо өөрийн эцэг Уолтер Хьюстонг тоглуулан шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн бол дараахан нь охин Анжелика Хьюстон ”Приццийн гэр бүлийн нэр хүнд” киноны дүрээрээ шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртжээ. Жон өөрөө ч Америкийн кино академийн шагнал хүртсэн байдаг.
•    “Оскар”-т хамгийн олон удаа нэр дэвшсэн Уолт Дисней нийт 59 удаа дэвшсэнээс 26 удаа ялжээ. Хөгжмийн зохиолч Жон Уильямс 45 удаа дэвшиж 5 удаа “Оскар” хүртжээ. Харин Альфред Ньюман мөн 45-аас 9 удаа ялалт байгуулсан байна.
•    Жүжигчдээс Жек Николсон хамгийн олон удаа буюу 12 удаа /шилдэг дүр 8, туслах дүр 4/
•    Эмэгтэй жүжигчдээс Мерил Стрип 17 удаа нэр дэвшиж 3 ялалт байгуулжээ.

Мерил Стрип

•    Бүхэл бүтэн хагас зуун жил өрсөлдсөн жүжигчид бол /1960-2000/ Жек Николсон, Майкл Кейн, Пол Ньюман нар юм.
•    Эмэгтэй жүжигчдээс Кетрин Хепбёрн энэ амжилтын эзэн юм. /1930-1960-1980/
•    Бүх үеийн түүхэнд ердөө 3 кино “Оскарын их тав”-ын /шилдэг кино, найруулагч, кино зохиол, эрэгтэй, эмэгтэй жүжигчин/ шагналыг хүртжээ. ”Энэ бүхэн нэгэн шөнө болсон юм” /1934/, ”Шувууны үүрэн дэх хөхөөний нислэг” /1975/, “Хурга майлахаа больсон нь” /1991/

 

“Титаник” кино


 
"Бөгжний эзэн" кино

•    “Бен-гүр” /1959, "Титаник" /1997/, "Бөгжний эзэн" /2003/ кино хамгийн их буюу  11 "Оскар" авсан бол, "Вестсайдын түүх" /1961 10 удаа, "Жижи" /1958/, "Сүүлчийн эзэн хаан" /1987/, "Англи өвчтөн" /1996/ 9 удаа, "Ядуусын хорооллын саятан" /2008/, "Ганди" /1982/, "Кабаре" /1972/, "Салхинд хөөгдөгсөд" /1939/, Боомт руу"/1954/, "Амадей" /1984/ тус тус 8 удаа "Оскар"-ын шагнал хүртжээ.
•    Шилдэг найруулагчдаас Жон Форд, Вуди Аллен нар дөрвөн удаа "Оскар", Фрэнк Капр /4 дэх нь продюсерийн хувиар/, Уильям Уайлер 3 удаагийн шилдэг шагналын эзнээр тодорчээ.


Тэдний "Оскар"-ын шагналд хүрсэн зам  
Үзсэн: 1925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй