Шууд Chart

Яруу сайхнаар орчлонг дүүргэж буй ятгачин Туяа

2019-05-07 13:09:01

(Өвөр Монголоос бичсэн тэмдэглэл)

Монголчууд сайхан бүсгүйг ятгын эгшиг, шанзны чавхдастай зүйрлэж ирсэн ард түмэн. Тийм ч учраас Монголоос гаралтай шанаган хуур, морин хуур, шанз, ятга, хуучир, цуур зэрэг хөгжмийн зэмсгийн анх үүссэн домог түүх бүгд л үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй холбоотой байдаг. Жишээ нь монголчууд олон зууны өмнөөс ятга хөгжмийг төрийн ёслолын гол хөгжим болгож, “Ятга хөгжим ялдамхан бүсгүй байсан гэнэ билээ” гэх домог хэлэлцэж яруу эгшигт нь уяран саатаж ирсэн байх бөгөөд энэ хөгжим “ятгах”, “уяраах” гэсэн үгнээс гаралтай болохыг судлаачид тогтоожээ. Жишээ нь нэгэн ялдамхан бүсгүй эр нөхрөө дайлаар мордох гэж байхад нь “Битгий яв” гэж өвдөгийг нь дэрлэн сууж, “ятга”-саар байгаад өвдөгөн дээр тавьж тоглодог уярам сайхан хөгжим болж хувирсан гэх домогтой. Үүнээс сэдэвлэж “Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юмуу” гэдэг дуу төрсөн түүхтэй. Бүхий олныг сэргээх уянгалаг хөгжим, бүсгүй хүний уяхан дуу хоёр ингэж хоршин нийлдэг нь цаанаа л нэг бахдалтай. Ингээд эртний сайхан ятгын эгшигээр, эвлэг сайхан дуу хоолойгоороо Өвөр Монгол болоод Дундад улсад алдаршсан нэгэн бүсгүйн тухай өгүүлье. Тэр бол Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны ятгачин Туяа юм. Тэрбээр урлагийн ертөнцөд анх хэрхэн хөл тавьсан тухайгаа ингэж өгүүлэв.

“...Манай Үзэмчин нутгаас олон сайхан урлагчин төрж гарсан. Миний нутаг “Уртын дууны өлгий” гэдэг сайхан алдартай. Миний аав маш хөдөлмөрч, мал сүрэг ихтэй, хүнд их буян үйлддэг хүн байсан. Хонь малыг хотгороор нь хэмждэг, малыг хүмүүст зүгээр л тасдаад өгдөг байсан. Ээжийн маань тал гэвэл нэртэй цуутай яруу найрагч, дуучин хүмүүс. Ийм сайхан нөлөөллөөс болж би хар багаасаа “Улаан мөчир” хамтлагт урлагчин болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Ятга хөгжмийг хүүхэд байхаасаа сонирхдог, радиогоор ятга хөгжимтэй дуу явахад шимтэн сонсдог байсан. Ингээд 16 настайгаасаа урлагаар явж, хурим найран дээр уртын болон богинын дуу дуулдаг болсон. Тэр үед бүх хошууны уралдаан болоход би “Манлай түргэн хээр” гэдэг уртын дуугаар ая бариад тэргүүн байрын шагнал хүртэж байлаа. 1980-аад оны сүүлээр Монгол улсын гавъяат жүжигчин Түмэндэмбэрэл эгчийг ятгатай дуулж байхыг радиогоор сонсоод ятга хөгжимд улам дурлах болсон. Тэгээд Шилийн гол аймгийн дуу бүжгийн бүлгэмд орсон. Миний анхны багш Заяату гэж эрэгтэй багш байсан. Ингэж анх ятга хөгжмийн амтанд орж байлаа. Зөвхөн ятга тоглоод зогсохгүй ятгаа дараад дуулдаг болсон. 1990 оны зун бүх аймгийн урлагийн том наадам болоход би Түмэндэмбэрэл эгчийн “Хувирашгүй сэтгэл” гэдэг дууг ятгатай дуулсан. Аймгуудын хэмжээний наадам болохоор маш их хүн цугларсан байсан. Анх удаа л том тайзан дээр гарч байгаа нь энэ. Тэгээд энэ том уралдаанд би хоёрдугаар байр эзэлсэн. Сэтгүүлч, сурвалжлагч нар миний сүүдэр хөргийг аваад, шууд нэвтрүүлэг хийгдээд Өвөр Монгол даяар цацагдсан. Тэр үеэс эхлээд би нэрд гарсан. Сүүлдээ намайг хүмүүс “Ятга” Туяа гэдэг болсон...” хэмээв.

Нээрээ ч түүнийг “Ятга” Туяа гэж дууддаг юм байна. Жинхэнэ монгол ятга гэдэг чинь манай Шилийн голын Баруун Сөнөд хошуугаар байдаг гэж тэр ярьсан. Үнэхээр жинхэнэ монгол ятгаа дагаад ч юмуу Баруун Сөнөдөд ятга хөгжмийн алдартай багш нар олон байжээ. “Ятга” Туяагийн багш нар гэвэл Өвөр Монголын нэртэй ятгачин Нарангэрэл, Заяату нар юмсанж. Туяа хятад, ятга, монгол ятга хоёрыг багш нараасаа зэрэг сурчээ. Ятга хэмээх энэхүү эртний хөгжмийн зэмсэг Төв Азийн нутгаас, тэр дундаа Жаргалант хайрханы булшнаас олдож, саяхнаас “Алтайн ятга” гэж дуурсагдаж эхлээд байгаа бөгөөд үүнийг манай Соёлын өвийн газар бүртгэж аваад хосгүй үнэт зүйлээр зэрэглэл тогтоогоод байгаа юм. Эртний “Жангар” туульд “Ерөн нэгэн чавхдастай өндөр мөнгөн хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад, арван хоёр аясаар жингэнэн одов” гэж өгүүлсэн байхыг бодоход ятга хөгжим яах аргагүй эртний хөгжим.

Хатагтай Туяа ятгынхаа тухай хүүрнэхдээ: “Дуугаралтын хувьд монгол ятга цаанаа л нэг тунгалаг сайхан. Хөөрхөн уяруу дуу гардаг. Ятга хөгжмийг ямар эдээр хийж байна гэдэгт бас учир бий. Эртний монгол ятгыг зандан болоод нарс, хус модоор урлаж, утсыг нь хонины өлөн гэдсээр хийдэг байж. Ятганы дуугаралт бол хөндий хайрцагтай нь их холбоотой. Монгол ятгыг гурван хуруугаар тоглодог бол хятад ятгыг арван хуруугаар тоглодог. Монгол ятгын тухай нэг домог байдаг шүү дээ. Нэг адуучин залуу адуугаа усалж байгаад онгоц руугаа арьсан ховоогоор ус хийхэд исгэрч байгаа юм шиг их сайхан чимээ гарчээ. Тэгээд энэ дууг сонсоод сэтгэл нь хөдлөхдөө онгоцоо эргүүлж тавиад ховоогоо татаж уяад салхинд байлгахад улам гоё дуу гарчээ. Үүнээс болж ятга хөгжим үүссэн гэдэг домог бас байдаг. Би энэ домгоос үндэслээд үг, аяыг нь өөрөө бичиж “Ятгын домог” гэдэг дуутай болсон. Энэ дуугаа би олон арван шавь нартайгаа одоо ч дуулсаар байна” гэж өгүүлэв.

Тэрбээр ятга хөгжимд сэтгэлээ өгч, ятгын сайхан аялгуунд олон сайхан дуу дуулж түмэнд түгээсэн болохоор зохих шагналуудаа бас хүртжээ. Заримаас нь өгүүлбээс:
1994 онд Дундад улс байгуулагдсаны 45 жилийн ойн баяраар Бүх улсын ард түмний эв нэгдлийг харуулсан олон үндэстний утга урлагийн найран дээр ятгачин Туяаг онцгойлон өндрөөр үнэлэн шагнажээ. 2001 онд Бүх Хятадын соёл урлагийн их наадмын шилдэг тоглогч болсон бол 2006 онд “Амин хайртай байгаль, уул усны чимээ” бүтээлээрээ Бүх Хятадын томоохон шагнал хүртжээ. 2015-2016 онд Монгол улсад зохиогдсон дэлхийн олон улсын багачууд хүүхдийн урлагийн наадамд Туяа багшийн сурагчид жил дараалан алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр Өвөр Монголын тал нутгийн соёл урлагийг содлон хөгжүүлж ахиулах зөвлөлийн гишүүн, Өвөр Монголын дуу хөгжимчдын нийгэмлэгийн гишүүн, Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны “Ард” нэрэмжит соёл түүхийн нийгэмлэгийн гишүүний албыг тус тус хашдаг аж.

“Ятга” Туяагийн нөхөр бол Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд уртын дууны уламжлалт ангид багшилдаг, зочин профессор А.Баяр юм. Тэрбээр уртын дуучин төдийгүй ая зохиогч бөгөөд нийтдээ зуу гаруй дуу зохиожээ. Нэг удаа би WeChat-аар калернит буюу билэр хөгжмийн аялгуунд “Эрдэнэ засгийн унага”-ыг маш сайхнаар аялгуулан дуулж байхыг сонсоод,“Эгшиг сацарсан хээр талаар уртын дуу шуранхайлж
“Эрдэнэ засгийн унага”-аа гэж аядуу сайхнаар уянгалнам...

Эрийн хийморь сэргээсэн хангинам цээл хоолойг
Элэг зүрх догдлуулсан “Билэр” хөгжим чимэглэнэм...
Хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн энэ л дууг сонсохуйяа
Хөхрөгч сансрын уудамд даяалж яваа ч юм шиг...
Хөнгөн туурайт хүлгээр тэшиж яваа ч юм шиг
Хөгшин буурал ээж рүүгээ тэмүүлж яваа ч юм шиг...
Аяа, энэ ямархан тансаг аялгуу вэ?
Аль нутгийн аавын хүүгийн хоолой вэ?
Чинхүү сайхан аялгуут Үзэмчин нутгийн Шарнууд Баяр
Чихний сонор мялааж дуулахыг олж сонсов би...” гэж бичиж байлаа.

Урлагийн сайхан гэр бүл Баяр, Туяа хоёр заримдаа бас хоршиж дуулна. Манайхаар бол Вандан, Дуламсүрэн хоёр л гэсэн үг. “Ятга” Туяа ханийнхаа тухай дурсахдаа: “Баяр бид хоёр Зүүн үзэмчин хошууны Хөвчийн говь сумын уугуул. Багаасаа нэг сургуульд хамт суралцаж байсан. Манай Баярын удам угсаа, ахан дүүс бол мундаг урлагчин хүмүүс. Сургуулийн урлагийн хөдөлгөөнд эдний ах, эгч, дүү гээд гурав дөрвүүлээ ордог байлаа. Намайг анх “Хувирашгүй сэтгэл” дууг ятгатай дуулж гарч ирэхэд Баяр маань үүний хариуд “Харж хайлдаг сэтгэл” гэдэг дуу зохиож дуулсан сайхан дурсамж байдаг юм. Энэ бол манай гэр бүлийн жинхэнэ үлгэр...” гэж хэлсэн.

“Ятга” Туяа 1992 оноос эхлээд ятга хөгжмийн багш болж, өнөөдрийг хүртэл 1500 орчим шавьтай болоод байгаа нь жинхэнэ бахархал юм. Зүүн Үзэмчин хошуунд Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн ятгын үндсэн суурь анги байдаг бөгөөд энэ бол Туяагийн үндсэн ажил. Харин бусад бүх ятгын сургалтыг Туяа үнэ төлбөргүй заадаг ажээ. Жишээ нь Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин, Шилийн гол аймагт байх бага сургуулиуд болон цэцэрлэгүүдэд Туяа олон жилийн турш үнэгүй хичээл зааж байгаа бөгөөд хүүхдүүдээс сургалтын төлбөр гэж авахгүй, харин ч зарим нэг амьдрал дорой хүүхдүүдэд ятга хөгжим урлаж өгдөг, маш энэрэнгүй, тусархаг, уужим сэтгэлтэй бүсгүй болохыг нутгийн ардууд хүүрнэн ярих нь бий. Мөн Баяр, Туяа хоёр хандивын тоглолт хийж, өвчин зовлонд ээрэгдсэн, амьдрал дорой айл өрхөд мөнгө зоосоор тусалж буяны ажил эрхэлж ирсэн гэгээлэг дурсамжаар дүүрэн. Мөн ч сайхан хэрэг шүү.

Эднийх Хөх хот, Шилийн хот, Зүүн үзэмчин, Баруун Үзэмчинд нийтдээ дөрвөн гэртэй, эдгээрийн зарим нь ятга хөгжим зааж сургадаг дуу хөгжмийн өргөө юмсанж. Туяа үнэндээ яруу сайхнаар орчлонг дүүргэж чадаж байна. Эртний сударт ятгыг бурханы хөгжим, тэнгэрийн хөгжим гэж онцолсон байдаг бөгөөд нэгэнт бурханы хөгжим болохоор сэтгэл зүрхээ ариун байлгаж, ямарваа нэгэн гуниг гансралгүйгээр амилуулах ёстой гэсэн сургаальтай. Тийм бөгөөс манай нэг авъяаслаг ятгачин эмэгтэй “Ятга хөгжмийг гундуу сэтгэлээр амилуулж болохгүй. Яагаад гэвэл бурханы хөгжим” гэж онцолж байсан удаатай.

Өвөр Монголын тал нутгаар ятга хөгжмийг бурханы хөгжим маягаар дэлгэрүүлж буй “Ятга” Туяагийн буяны гараа ямагт сунгаж байдаг сайхан үйл хэргийг бахдахгүй байхын аргагүй. Ятга хөгжим эгшиглэсэн газар энх амар амгалан, элэг бүтэн заяаг ямагт дуудаж байдаг юм гэсэн. Мөнхүү элэг бүтэн заяан дээр түшиглэн Өвөр Монголын тал нутагт ятгын уяхан эгшиг яруу сайхан өнгөөр цацран хөгжих ялдамд мянган жилээр тоологдох буурал түүхтэй ятга хөгжмийн шинэ цагийн түүх ийнхүү эхэлж байна.

Б.Ойдов

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу сайхнаар орчлонг дүүргэж буй ятгачин Туяа  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй