Шууд Chart

Сумын зааны ганц шавь юм би

2019-05-17 15:48:42

Шинэ жилийн үдэш юмсан. 1993 оны 12 сарын 31 байв. Оюутны байранд хийх ажилгүй дэмий холхисон би багшийндаа очихоор гарав. Өвлийн шөнийн одод зүлгэж өнгөлсөн шиг тод гялалзан, хацар чимхэх жавартай, сормос цантуулсан үдэш байлаа. 

Намайг гэнэт ороод ирсэнд багш баярлан духан дээр үнэрлэв. 

-Овоо л доо, хүрээд ирдэг нь. Би чамайг сураггүй болчихоор сургуулиа хаяад хөдөө явчихсан юм биш байгаа гэж очив. Ичинтэй /Баярхүүгийн Ичинхорлоо/ таарлаа. Чамайг хичээлдээ явж байгаа гэнэ. Тэгээд санаа амарлаа гэв.

Би багшийндаа ирэлгүй бараг 14 хоносон байжээ. Учир нь “Болор цом”-ын өмнөхөн Т.Очирхүү багшийнд цуглаж, шүлэг найраг ярьж байгаад би агсам тавьсан учир багшаасаа жавтий хүртэж, тэрэндээ бантаад очихгүй яваад байсан хэрэг.

Багш минь их баяртай байна. “Монгол” хэмээх сүрэг шүлгээ бичсэн, Магтаал, Цахар энэ тэр ид гайхагдаж байсан үе. Ихэд баярласан нь бас өөр юманд байжээ. Багш үдэш нь Хөх чоно хүнсний дэлгүүр орсон юм байж. 10 ам.доллартай байснаа гаргаж, хоёр шил архи өгчих. Ах нь энийг солиулж чадсангүй гэжээ. Тэгтэл лангууны ард зогсож байсан залуу

-Мягаа ахаа. Сайхан баярлаарай гээд 4 шил архи өгчихлөө гэв.

-Худалдагч нь уу...

-Худалдагч нь биш эзэн нь байсан юм байна. Ө.Пүрэвбаатар гэдэг залуу байна. Багшийг нь таньдаг юм байна гэв. Тэр хүн бол тод манлай уяач, “Хөх чоно” компанийн захирал Ө.Пүрэвбаатар ах байсан аж.

Багш минь шуналгүй хүн байв. Архи өгсөнд нь биш, өөрийг нь Сумын заан, Бальгай, Байрны хүүхэд, тэр жилийн “Болор цом”-д шуугиулсан Магтаал, Цахар, Тасархай зэргийг багтаасан “Монгол” гэдэг сүрэг шүлгээр нь таньж байсанд л их баярласан байж билээ. 

Шинэ он солигдох үед, “Айл хэснэ. Манай хадам ахынд очино” гэв. Алтай эгч бид гурав гарч хадам ахынд нь очлоо. Хувь заяа гэдэг сонин юм шүү. Хожим нь би тэр айлын том хүргэн болж, хоёр сайхан хүүтэй, хүнээс дутуугүй амьдралтай болсон юм. Багш бид хоёр ингэж нэг айлын хүргэд болсон билээ. Шинэ жилийн шөнө их харанхуй байлаа. Багш минь аавыгаа дурсаад “Бие нь тааруу үед аавыгаа аваад сумын төвөөс буцаж явтал шөнийн талд адуу үүрсэж байв. Аав минь -адуу үүрсэж байна гэж их бэлэгшээж билээ” гэж ярьж явлаа. Энэ нандин дурсамжийг надаас өөр хүн мэдэхгүй. Учрыг нэхэн өгүүлбээс. Сумын заан Чимидравдангийн Мягмарсүрэн гэж сайхан яруу найрагчийн хадаг барьж шавилсан ганц шавь нь би юм. Алд цэнхэр хадаг бариад зорьж очив оо. Мягаа багш минь “Ах нь одоохон” гэчихээд өөрийнхөө өрөө рүү орчихов. Би бодлоо. Дээл хувцасаа өмсөөд ёс төртэй гарч ирэх нь гэж. Тэгтэл хөл нүцгэн, дөрвөн талт Монгол малгай өмссөн гарч ирэв. Тэгээд хадгийг минь тогтоож

-Багшид нь заах юм байхгүй ээ гэж билээ. Тэгэвч багш минь надад үргэлж сайн сайхны багш байлаа. Би ер нь бага залуудаа балгавал балгачих дуртай, балгахаар бас сагсуурах өвчтэй байсан юм уу. Тоомойн Очирхүү найрагчийнд багшдаа бас нэг сайн алгадуулсан юмдаг. Тоомойн Очирхүү бол Чимидравдангийн Мягмарсүрэнгийн багш юм. 1992 оны “Болор цом”-ын өмнөхөн намайг анх дагуулан очиж, “Миний шавь” гэж танилцуулахад, Тоомойн Очирхүү багш “Би утга зохиолд ачтай боллоо. Миний шавь, өөрийн шавиа дагуулж ирлээ” гэж билээ. Тоомойн Очирхүү бол сүү шиг сэтгэлтэй эр хүн байлаа. Тэр өдөр яагаад алгадуулах болсон гэвэл ийм юм. Намайг шүлэг унш гэв. Би “Аргал хатаагүй зун” шүлгээ уншлаа. Энхээ эгч /Очирхүү багшин эхнэр/ сонсож сууснаа, “Муу шүлэг байна” гэв. Тэгээд л би агсарч, цамнасан хэрэг. “Айлын авгай миний шүлгийг шүүхгүй” гэж өвчигнөж, багш минь аргадаж, дуугүй суу гэлээ. Би үг авахгүй сагсалзаад байхаар надад жавтий хүрээхгүй юу. Ийм л юм болсон юмдаг. Энэ бол 1992 он байлаа. Хорин настай, халуун цустай явжээ.

Хэрэггүй Мягаа минь, хэрэггүй

Хэнзхэн нас, буйдхан хөдөөгөө санахын хэрэггүй

Хэдэн адуу, гээсэн ташуураа эрэхийн хэрэггүй

Хэлтгий хувь, бэтгэрсэн сэтгэлээ хөндөхийн хэрэггүй

Хэрэггүй ээ, Мягаа минь хэрэггүй

Уран сийлбэр шиг давтагдашгүй ганц хувь шүлэг бүтээхийн эрдмийг ойлгуулсан юм миний багш.

Би тэр үед Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга хоёрыг их дагана. Тэр хоёр ах минь намайг адууны бэлчээрт хүргэжээ. Дэмий их сэлгүүцэв, цаг их алдаж байна гэж адгахдаа багш минь, “Чи гадуур их дэмий тэнээд байна. Манайд суу, тагтан дээр аарц, мах бий. Хоол хийж ид, аарц буцалгаж уу. Манай хүүхдүүдтэй жижиг өрөөнд хамт амьдар. Ном унш, чамд хангалттай унших ном бий. Тэгээд их бич, нэг уулаа тойроод л бичээд бай. Тэгж байж өнгө чинь тогтоно. Би бол Чулуут голоо өгсөж уруудаад, хавар намрын зургаан сар, зун өвлийн зургаан сар тасралтгүй санаж бичсэн. Тэгээд миний өнгө тогтсон. Чиний шүлгүүд усан будгийн нил цэнхэр өнгө шиг болоод байна. Тодруул, давтагдахгүй бич. Эрж хай” гэдэгсэн. 
1994 оны цагаан сарын дараа золгохоор очлоо. Дөрвөн талт бөх малгай өмссөн гоё ганган “амьтан” сууж байна.

-Ямар гоё малгай вэ

-Шагналын мөнгөөр авсан юм

-Ямар шагнал вэ багш аа

-Манлай аваргын шагнал гэв.

Тэр жил цагаан сарын босгон дээр “Эзэнтэй дууны уралдаан” гэж болсон юм. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргын тухай “Манлай аварга” дууг хөгжмийн зохиолч УГЗ Д.Баттөмөр ахтай хийж дэд байранд шалгарсан байлаа. Багш тэрүүхэндээ Бат-Эрдэнэ бол Архангайн хүүхэд гэж омогшдог байсан юм. Бадмаанямбуу гуай Архангайн Цэнхэр сумын хүн юм билээ. 

Тэгээд багш минь хэлж байна. “Би тавь хүрээд шилмэл ботио гаргана. Түүнийгээ “Сумын зааны зуун шүлэг” гэж нэрлэнэ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг зуун шүлэг л шигшиж оруулна гэв. Багш минь зөнтэй хүн байжээ. Тэнгэр болсон хойно нь хөшөөнд бичих үг хайж номнуудыг нь эргүүлж үзэж байхад “Смын зааны зуун шүлэг” номонд орох шүлгүүд гээд тэмдэглээ хийсэн байв. Их яарч байсан юм болов уу даа, хөөрхий минь.

1994 оны 3 сарын 18 байлаа. Бид байрандаа цэргийн баяр тэмдэглэв. Яагаад ч юм, гэнэтхэн багшийгаа хачин их үгүйлж, очмоор санагдаад. Гэрт нь орвол цахилгаан тасарчиж. Алтай эгч байна. Багш байгаа юу гэтэл 

-Багш чинь халуураад байна. Өглөөнөөс хойш халуурлаа. Өөрөө эмнэлэг явахгүй гэсээр орой болгочихлоо гэв.

Багшийнхаа толгойг барьж өглөө. Хөлний улыг нь барьж өглөө. Багшийнхаа дэргэд суугаад баахан уйллаа. Алтай эгчид загнуулав. 

-Явж унт, чи согтуу байна гэв. Хоёр цаг унтаад сэргэлээ. Багш минь их халуурч байна. Бие нь улам дорджээ. Гар, бугалганаас нь барихад “Ёо ёо” гэж дуу алдаж байв. Толгойг нь барихад их дуртай байна. Толгой нь халуу шатаж байлаа. Түргэн дуудлаа. Шөнийн 12 өнгөрч байхад түргэн ирэв. Дамнуурга ор байхгүй тул бид орны бүтээлэг дээр багшийг хэвтүүлээд гурван талаас нь өргөж түргэний тэргэнд орууллаа. Шөнөжин сахилаа. Аймшигтай байсан. Бушуухан үүр цайгаасай, үүр цайчихвал тэсчих болов уу гэж л горьдож байлаа. Даралт нь унаж байлаа. Унасаар унасаар даралт тэг болов. 1994 оны 3 сарын 19-ний 13 цаг болж байв. Монголын гайхалтай нэгэн хөвгүүн, “Зайгуул суугуул хөдөөнийхөө, зайлуул би отгон найрагч нь” гэж хэлсэн миний багш тэнгэр боллоо. Би ийм сайхан багшийн шавь байсандаа азтай ч, хамтдаа урт удаан явсан бол миний уран бүтээл арай өөр байх байсан гэж үргэлж харамсдаг юм. Багш минь эрт буцсан ч өнөөг хүртэл миний амьдралын нөмөр нөөлөг байлаа. Намайг сургууль төгсөх дадлага хийж байхад Пүрэвжавын Баярсайхан ах “Чи чинь Сумын зааны шавь билүү. Ах нь чамайг ажилд авна” гэж билээ. Ажилд орсон эхний өдөр өрөөний буланд байсан хуучин шар модон ширээг зааж 
-Энэ чиний багшийн ширээ. Энүүн дээр чи суу гэв. Тэр шар ширээний түлхүүрийг Алтай эгчээр хайлгаж байж олоод доторхийг нь нээж үзэхэд өөрийнхөө гараар бичсэн гурван үеийн намтраас нь эхлэн шүлгийн гар бичмэл, тэмдэглэл сэлт гарч ирсэн. Тэр болгоныг би гэрт аваачиж тавьсан даа. Миний тэр шар ширээн дээр хожим нь Хайдавын Чилаажав, Цогдоржийн Бавуудорж хоёр ирж суусан билээ. Багш минь тэр ширээг “Таван эрдэнэ” дууг бичсэн гайхамшигт яруу найрагч Ламжавын Лувсандоржийн ширээ гэж их бэлэгшээдэг байсан юм билээ. Тиймдээ ч “Лууяагийн ширээнд үглэх шүлэг” гэж нэг шүлэг бичсэн байдаг юм. Албаны өрөөний тавилга солигдоход би тэр шар ширээгээ худалдаж аваад гэрт нь хүргэж өгсөн юм даа.

 

2019.05.17

“МЗЭ”-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан

 

Нийтэлсэн: Б.Баярсайхан

Сумын зааны ганц шавь юм би  
Үзсэн: 2831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 20:44
Сайхан хүн
4 [127.0.0.xxx] 2019-05-21 08:44
БАЛАЙР ХӨЛС ЗААР ХАНХАЛСАН ӨМХИЙ БӨХЧҮҮД
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 09:41
Малаа бөх биш, Сумын заан гэдэг шүлэг бичсэн яруу найрагч. Бөхөөс дор малуу чи.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 06:33
goe,goe dursamj baina,
1111 [127.0.0.xxx] 2019-05-18 20:45
Saihan dursamj bna.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 19:35
сайхан дурсамж байна, өөрийнхөөрөө, эгэлгүй л найрагч байж дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 18:58
сайхан дурсамж бичжээ,сайхан. хүмүүсийн тухай бичсэн дурсамж унших гоё шүү

Бидэнтэй нэгдээрэй