Шууд Chart

Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ?

2019-06-03 10:25:40

Скаут гэж юу юм бэ? Яг иймэрхүү утгатай асуултыг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг маш олон эцэг, эх асуудаг. Бас зарим хүмүүс скаутыг зүгээр л нэг аялж явдаг нэг бол Жембори, зуслан, цугларалт хийсэн эрээн цамцтай нөхдүүд ч гэж ойлгох нь их байх шиг байгаа юм.

Тиймээс 27 жил өөрийн өчүүхэн хүчээ өгөн зүтгэж байгаа энэхүү дэлхийд танигдсан хүүхдийн байгууллагынхаа агуулгын тухай хэдхэн мөр сийрүүлэхээр шийдлээ.

Өнөөдөр хүн төрөлхтний хамгийн том асуудал нь эдийн засгийн хямрал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшлийг дагасан элдэв асуудлууд биш харин “ХҮН” гээч үнэт зүйл жинхэнэ утгаараа үгүй болж байгаад оршино.

Учир нь том хүмүүс бид эрдэмтэй, авьяастай, нэр хүндтэй хүүхэдтэй болох дээр л анхаараад “нийгмийн иргэн” болохыг орхигдуулсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор агуулга бус хэлбэр хөөцөлдсөн хэд хэдэн үеийг бий болгочхоод байгаа нь дээрх асуудлуудын жинхэнэ “эзэд” юм.

Бид жижиг байшинд олуулаа амьдардгаа болиод том байшинд цөөхүүлээ амьдардаг болсон. Хэн нэгэнтэй нүүр тулж ярилцахын оронд олон нийтийн сүлжээ, гар утасны захиа, яриагаар харилцаагаа хязгаарладаг болсон.

Гэтэл хүн гэдэг “амьтанд” хэн нэгэнтэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэх, өөрөөрөө бахархах, бусадтай өрсөлдөх, хайрлах, халамжлуулах, хариуцлага хүлээх, бие бялдрынхаа хүчийг үзэх, ямарваа нэгэн зүйлийг өөрийн биеэр бүтээх байгалийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ байсан, байгаа, байх ч болно.

Тэгвэл бидний хүүхдүүд энэ бүх хэрэгцээгээ хэрхэн хангаж байна вэ? Таны машины арын суудал, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн толгой эргэм мэдээллүүд, хааяа нэг тааралдах “амьд” харьцаа, нийгмийн сүлжээний хяналтгүй орчин, биеийн тамирын хичээл, сургуулийн орчноос бүрэн дүүрэн авч чадах уу? Үгүй л болов уу?

Харин 112 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний анхан шатны нэгжийн гишүүн байж хамт олны дунд дэвшилттэй урамшууллын хөтөлбөр /өнөөх цамцан дээр байдаг олон эмблемүүд хүүхдийн хөгжлийн илэрхийлэл байдаг/-өөр дамжин өөрийгөө хөгжүүлснээр бий болдог.

Анхан шатны нэгжийн гишүүн байснаар хичээлийн нэг жилийн дотор 26 удаагийн /3 нь аялал, зугаалга байна/ бүлгийн ажилд хамрагдан өөрийгөө хөгжүүлж, хамт  олныхоо дунд хариуцлага хүлээж, бусдынхаа өмнөөс хичээж, зөв өрсөлдөөн, эмх журам, амьд харьцааг мэдрэхийн хамт шинэ зүйлсийг сурч, амьдралд хэрэгтэй мэдлэг, дадал, чадвар олж авдаг юм. Энэхүү бүлгийн ажил бол миний бодлоор скаутын хөдөлгөөний 75 хувь нь бөгөөд үлдсэн 25 хувь нь Жембори, аялал, зуслан, цугларалт гэх зүйлс бөгөөд үүнийг өөрийгөө хөгжүүлж байгаа хүүхдэд өгч байгаа шагнал, өөрийгөө сорьж үзэх шалгуур, бусадтай харьцуулан харах туршилтын талбай гэж ойлгууштай санагддаг.

Хүний хөгжлийг оюун ухааны (эрдэм мэдлэг), оюун санааны (сэтгэл хөдлөл), бие бялдрын, нийгмийн гэх мэт олон зүйлээр тодорхойлдог бөгөөд скаутын хөдөлгөөн өөрийн аргуудаар дамжуулан бүгдийг тэгш бий болгодог хэмээн үздэг.

Хүүхдүүд анхан шатны нэгжийн гишүүн байснаар хамт олны дунд хөгжиж, хариуцлагатай иргэн болох боломжоор хангагддаг, тэд насанд хүрэгчдийн (скаут мастер) дэмжлэгийг авснаар аль болох бага алддаг, тэд скаутын зэрэглэлээ ахиулах зөв өрсөлдөөнд өөрийгөө сорьж дайчин, мятаршгүй бас тэмүүлэлтэй нэгэн болдог, тэд скаутын андгай өргөж скаутын зарчим, хуулийг амьдралдаа мөрдлөг болгосноор өөрийн оюун санааны үнэт зүйлтэй, мөрдөх замналтай болдог, тэд байгаль дээрхи үйл ажиллагаануудаар дамжин эх дэлхийгээ хайрлах, түүнтэй зохицон амьдрах, ямарваа бэрхшээл тохиолдоход богино хугацаанд зөв сонголт хийх чадвартай болдог, тэд өөрийн биеэр бүх зүйлийг хийж туршиж энэ явцдаа суралцан, хөгжиж бүтээлч нэгэн болдог юм. Саяны хэдэн өгүүлбэрүүдэд скаутынхөдөлгөөний үндсэн аргууд багтсан болно.

Өнөөдөр Монголын Скаутын Холбоо гэдэг төрийн бус байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэгэн дуугаар хүүхдийнхээ хүмүүжил, иргэн болох явцыг даатгаад байгаа НҮБ-ийн дараа ордог хамгийн том хүүхдийн хөдөлгөөнийг Монголдоо нутагшуулж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд бүрд хүрэхийг хичээн ажиллаж байна.

Хэрэв та бүхэн хүүхдээ скаутын хөдөлгөөний гишүүн болгож скаутын хөтөлбөрийн дагуу хөгжүүлэхийг хүсвэл сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн зөвлөлөөр нь дамжуулан Монголын Скаутын Холбоонд 11-324171, 88787719, 99736020 утсаас хандаарай. Бид хүсэлтийг хүлээн авч багшийг нь бэлтгэж, арга зүйн дэмжлэг өгч ажиллахдаа байнга баяртай байх болно.

Мөн зургаадугаар сарын 25-ноос зургаадугаар сарын 30-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг түшиглэн зохион байгуулагдах Монголын Үндэсний VI Жемборид Монголын 21 аймаг 9 дүүргийн 2000 скаут хамтдаа байх майхант зуслан, хөгжлийн талбар танай хүүхдэд таалагдана гэж найдаж байна.

Хүүхэд бүрийг сайн иргэн болгож чадвал ирээдүйн дэлхий ертөнц илүү сайхан, илүү амар амгалан болох болно.

Нийтэлсэн: Анжигай

Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ?  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-03 10:42
Хэзээ нэг олон улсын арга хэмжээ боллоо. Тэрүүнд нь оролцуулж чадаагүйдээ ёстой их харамссан. Одоо нас нь таарч байгаа дээр яг явуулнаа. Ийм гоё юм хийдэг скавутын холбооныхонд баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй