Шууд Chart

Шукшины жинхэнэ улаан улаагана

2020-02-10 13:39:34

Орос ардын “Улаан улаагана” гээд дуу байдаг даа. Тосгоны чилгэр сайхан жинхэнэ Орос  хүүхнүүд нь бүрэн болсон “калина” шигээ минчийж улаа бутраад цаанаа нэг нүнжигтэй шүү гэсэн олон эрсийн халуун яриа байх. Василий Шукшины “Морин улаагана” гэж гайхалтай тууж бий. Нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким  гуай энэ сайхан туужийг “Морин улаагана” гэж төгс утгаар нь гайхалтай сайхан орчуулсан байдаг.

Тэрээр өөрөө найруулж гол дүрд нь тоглосон энэ кино 1973 онд дэлгэцэнд гарсан юм. Энэ зохиолоо Василий Макарович Шукшин хайрт хань Лидадаа зориулан  бичсэн байдаг. Анх танилцаад Вася гэргийгээ “Улаан улаагана” гэж өхөөрдөн нэрлээд энэ дууны аяыг хөгжилтэйхэн исгэрдэг байж. Жинхэнэ Орос “мужик” гэгддэг алдарт найруулагч Василий Шукшин өөрийнхөө насан турш сэтгэлдээ тээж явсан “ориг” Орос хүүхний үзэсгэлэнг Лидия Федосеевагаас олж таньсан нь энэ ажээ. Зохиолыг ”Морин улаагана” гэж  нэрлэхийг Лидия өөрөө санаачлан зөвшөөрсөн байдаг. Киноны гол дүрүүдэд ч тэд өөрсдөө тоглон гэгээн хайрын дууль болгож чаджээ.

Өргөст торны цаана сууж байсан Егор Прокудин захидлаар сайхан сэтгэлт Люба хүүхэнтэй тогтмол харьцдаг байжээ. Шоронгоос суллагдах болоход Егор бараан сүүдэртэй хуучин бүхнээ нэг мөсөн орхихоор шийджээ. Түүний өмнө хэзээ ч нүүр тулан уулзаагүй ч хамгийн гэгээлэг сонголт нь Любагийнд очих байлаа... Любагаас  бусад нь буюу аав, ээж, ахан дүүс, тосгоныхон түүнийг эхлээд  болгоомжтойхон  хүлээн авах боловч  Егор тэдэнд  өөрийгөө аажимдаа таниулж чаддаг.

Шударга хөдөлмөрөөр хөлс хүч дуслуулж олсон мөнгөө тэрээр хамгаас хайртай ээж, Люба хоёртоо зориулан цуглуулж байсан юм. Гэвч Егорийг урьд нь гэмт хэрэгт татан оруулж байсан хулгайн бүлгийнхэн хуучин багтаа дахин нэгдээгүйн төлөө амийг нь хороодог.

“Морин улаагана” кино дэлгэцэнд гарсан даруйдаа олныг шуугиулж, 1974 оны Бакугийн кино наадмын тэргүүн шагнал хүртсэн юм. Бүх Холбоотын киноны хорооноос  үзэл суртлын “өнгө будганд” нийцэхгүй шоронгийн хоригдлыг дэмжсэн хандлага, элдэв хараал зүхэл болон дэндүү тосгоны хэллэгээс нилээдгүй хэсгийг  хасахыг зохиогчоос удаа дараа шаардаж байсан ч азаар тухайн үеийн Коммунист намын “генсек” Леонид Брежнев киног үзэн сэтгэл маш их хөдөлснөө дурдаад бүрэн эхээр  нь дэлгэцэнд гаргах “лүндэн буулгажээ”.   

Ах нарын хийснийг дор нь орчуулан “канонддог” манайхан энэ удаа арай удаан түдгэлзэж 1980-аад оны эхээр “Ленин клуб”-т төрөлх Орос хэлээр нь гаргаж байсан санагдана. Шукшины “жинхэнэ  улаан улаагана” Лидия Федосееваг манай үзэгчид “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны Романы ээжийн дүрээр сайн мэднэ. Заяаны  хань зам дээр зүгээр  л “хөндлөн”  хэвтдэггүй  хойно  Василий Макарович багагүй түүхтэй учирчээ.

Усан цэрэг дайчин эр хүн хойно хаа нэгтэй  жаахан бужигнуулжээ. Кинонд  жирийн нэг  ээжийг  авсан хэсэг тун  амжилттай болсон байдаг. Нэг өдөр Вася гэв  гэнэт эхнэрээ дуудан шууд зураг авалт хийжээ. Буйдхан тосгоны нэгэн эмээгийнд нууц камертай хүрээд очиж. Лидия эмээтэй  зүгээр  ярилцан суув. Шукшин хар шил зүүгээд сонсож байдаг даа. Ганцхан авсан зураг авалтын дараа Вася ах маш их уйлсан гэдэг.

Кино зохиолтой амьдрал нь яв цав таарсан Ефимия Быстрова эмээгийн хөшөөнд 2003  онд үр хуүхэд нь кинонд авахуулсан зураг сэлтийг нь хүндэтгэн үлдээсэн байдаг.

Шукшины туйлын хүсэл нь Стефан Разины тухай ”Эрх чөлөөг та нарт өгөх гэсэн юм” гэсэн туужаа кино болгох хүсэл байсан юм. Үүний тулд дэмжлэг хэрэгтэй хойно Бондарчук даргыг жаахан бараадаж “Тэд эх орны төлөө тулалдсан юм” кинонд нь цэрэг Лопахины дүрд тогложээ. Учир битүүлэг шалтгаанаар Василий Шукшин зураг авалтын үеэр далайчин шигээ усан онгоцон дээр таалал төгссөн  байдаг. Түүний үхэлтэй холбогдуулан нэрт зохиолч М.Шолохов цорын ганц удаа кино зохиолоо өөрчлөн бичсэн гэдэг.


Шукшины жинхэнэ улаан улаагана  
Үзсэн: 3615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-22 18:57
Одоо нэг үзэх юмсан
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 09:11
Василий Макарович зөвхөн жүжигчин байгаагүй. Маш их ном зохиол бичсэн. Түүний богино өгүүллэгүүдийг уншиж үзээрэй. Ёстой нөгөө "Там русский дух... там Русью пахнет!" гэдэг л болно. Агуу зохиолч.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-11 11:41
Оросын алдарт жүжигчин, манайхан олон ч киногий нь үзсэн дээ хөөрхий.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-11 03:43
Аким чадахгүй ээ
Irge. [127.0.0.xxx] 2020-02-10 17:41
Ondor chilger bie haatai, tom meem bogstie, shargal ustei tsenher nudtei tsogonii oros huuhnuud ch bas l aatai shuu. Saihan siahan oros huuhnuudtei uchirj l yavlaa. Bayarlalaa ta nartaa.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 17:09
манай нэг нѳхѳр үг үсэггүй хуулаад нэг кино хийсэн бдаг тѳмѳрбаатар одноо 2 .тоглодог
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 15:06
Угаасаа монгол хувилбар шдээ. Найруулагч бүр өөр өөрсдийн хувилбараа хийдэг нь аль ч оронд байдаг л зүйл. Киноны эхэнд ч бас Шукшины Морин улааганаас сэдэвлэв гэж гарч байсан.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 18:01
Хуулах биш хувилбар Монгол хувилбар ,
bat [127.0.0.xxx] 2020-02-10 16:46
Аким орчуулсаныг санахгүй л юм бна шүү.Харин Агуу Самбуугийн Бадраа маш тансаг төгс монгол хэлээр гайхимшигтай орчуулсаныг мэдэж бна
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 16:29
мундаг кино гаргамаар юм хичнээн ч үзээд уйдна гэж байхгүй шүү оросын хуучны кинонууд
Ganbatr [127.0.0.xxx] 2020-02-10 15:33
kalina krasnaya.djgui kino
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 15:25
Tuxain tsag uedee unexeer l olniig shuugiulsan ontsgoi kino baij bilee. Odoo ch gesen oros eriin gudesxen dur n tod sanagdaj baina.

Бидэнтэй нэгдээрэй