Шууд Chart

Хотны манаанд

2020-11-21 11:50:01

-Өгүүллэг-

Зуны налайсан үдшээр хоттой хониныхоо салхин доор хөх ногооны үнэрт хөлчүүрэнхэн зогсох хижээл эр арван тавны дүүрэн сартай ярилцав. Хүүхэд ахуйд цар тавганд ээжийн минь хөлдөөсөн сүү шиг сар дүрлийж:

-Чи чинь ийм үдэш яахаараа намрын салхи шиг сэвэлзэж зогсоо билээ дээ гэх нь тэр.

Дуу ч гарсангүй. Сэтгэл тэр гэхийн аргагүй болчихов. Хорин хэдэн жилийн тэртээ Цанжаа бид хоёрын оддын дор унталгүй хоносон дурдатгал тодорно. Энэ сар хориод жилийн тэртээх шөнө ийм л байсан, тэр л янзаараа. Тэгэхэд миний байж байгааг, үсэнд минь буурал сууж, амьдралын нугачаа духанд нэмэгдээд л...

Тэр үед ч бараг хүүхэд байж дээ.
Тийм ээ, чи Цанжаад хэтэрхий сайн байсан шүү гэж сар дээрээс ширтэв.

“Тэгж ч сайхан амьдарна, тийм ч гоё гэрт байна” гэж амьдрал гэгчийг мөрөөдсөн гэнэн нас минь сарны туяанд хөтөлцөн гүйж явна. Цанжаа хар даашинз цагаан цамцтай, үсээ салаа сүлжчихсэн, би савхан хилэн өмд цоохор цамцтай байх юм. Зөрөн өнгөрөх хүмүүс гайхсан өхөөрдсөн харцаа чулуудаж, залуу насаа тэрхэн зуур зурсхийтэл дурсаад одоцгооно. Зүүд шиг бодлоо үргэчих вий гэхээс амьсгалаа хүртэл зөөллөж зогстол тэнгэрийн баруун хярхаг уруу сар хэлбийчихсэн,

-Үүр цайх дөхлөө нүдний хор гарга даа гэв.

Хоттой хонь тааваараа яраглан хэвтэж, эртэч хэдэн ямаа захлан сүүл өргөж суниана. Үнэр ялдам зөөлөн салхи сэвшээлнэ. Үүрийн гэгээ уулын цаанаас яаран сандран тэнгэр сүлнэ.

Олон жилийн өмнөх хүүхэд үе минь насны намраар ингэж учрах нь сэтгэлд уянгатай. Энэ тэнгэрийн доор, тэр сарны туяан дунд өнгөрүүлсэн амьдрал уртсаад л...Та гэх хүн олшроод л...

Цанжаа минь нас тогтсон намбагар авгай тэр гуайн өрхийг татаж, цайг нь чанаж суугаа даа.

Цанжаа та хоёр яагаад...гэж сарыг асуухаас өмнө үүр цайж, сар жаргадаг нь ч яамай даа... хэмээн уртаар санаа алдахад бие тавирна. Урд хөндлөнгийн уулс удахгүй мандах нарны цацрагийг бусдаас урьдан тосож, алтан саагаар эмжчихсэн юм шиг гэрэлтэнэ дээ...


Хотны манаанд   
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй