Шууд Chart

"Шархадсан" Даная

2021-09-29 10:42:26

Түүхэнд нэрээ мөнхлөх зорилгоор Герострат гэгч дэлхийн долоон гайхамшгийн нэг Эфесийн сүмийг галдан шатааж байсан гэдэг. Харамсалтай нь түүний тааллаар болж өнөөдөр аугаа ихийг сөнөөж өчүүхэн нэрээ үлдээгч, арчаагүй мөхөс түүхийг “Геростратын гавьяа” гэдэг.

Геростратчууд зөвхөн эртний домогт Грегт ч биш, өнөөдөр ч хаана аугаа гоо сайхан байна тэнд зэрэгцэн оршсоор иржээ.

Алдар суугаараа дэлхийд шагшигддаг Санкт-Петербургийн Эрмитажид 1985 оны зургаадугаар сарын 15-нд нэгэн эмгэнэлт явдал болсон юм. Эрмитажийн  үзмэрийг үзэн сонирхож байсан нэгэн залуу музейн харгалзагчаас хамгийн шилдэг бүтээлийг зааж өгөхийг хүсчээ. Мэдээж эрхэм зочиндоо Рембрандтын “Даная” зургийг бахархалтайгаар нэрлэж өгсөн байна.

Гэтэл хэдхэн хормын дараа нөгөө этгээд дэлхийд алдартай Данаяг хүчлээр шүршин гэмтээжээ. Литвийн иргэн 48 настай Бронюс Майгис орчин цагийн Геростратийн дүрд хувилж дэлхийн хосгүй шилдэг бүтээлийг цөөнгүй жил жагсаалаас гаргаж байсан гашуун түүхтэй. Эртний Грегийн домогт Аргос хаан өөрийн охины хүүгийн гарт амь үрэгдэхээ сонсоод охин Данаягаа зарц бүсгүйн хамтаар бүхнээс нуун далдалдаг. Гэвч Зевс бурхан алтан бороо болон орж ирснээр Данаягаас хүү Персей төрсөн домог бий.

Сэргэн мандалтын болон хожуу үеийн олон нэрт  зураач Тициан, Коррежо, Госарт, Климт нар энэ сэдвээр олон сайхан бүтээлээ туурвин үлдээсэн байдаг. Голландын нэрт зураач Рембрандт Харменс ван Рейн өөрийн Данаяг 1636 онд зурж эхэлсэн байдаг. Тэрээр хайрт бүсгүй Саский ван Эйленбюрхтэй ханилан сууснаас хоёр жилийн дараа энэ алдарт бүтээлдээ шамдан оржээ.


 Рембрандт эхнэр Саскиягийн хамт өөрийн хөрөг /1635 он орчим/ Дрездений галерей

Дэлхийн сонгодог уран бүтээлчид  гоо сайхны ноён оргилд хүрэхийн тулд хүний биеийн төгс төгөлдөр бүхнийг нягт нямбай судлан нэг биед  цогцлоон шингээдэг  байсан юм. Тэгвэл Рембрандт Данаяг зурахдаа эгэл жирийн махлаг бүсгүйгээс гэрэл, сүүдрийн эрс ялгамжаар жинхэнэ халуун дулаан илч гэгээ, хүслийн торгон агшинг жинхэнэ утгаар дүрслэн үзүүлжээ. Энэ чанараараа тэрээр олон үеийн бусад  мастеруудаас ялгардаг бөгөөд урт настай бүтээлийг туурвиж чадсан юм. Олон шилдэг бүтээлдээ Рембрандт эхнэрээ дүрсэлсэн түүний мөнхийн Даная нь Саския байсан нь эргэлзээгүй юм. Зураач энэхүү зургаа захиалгаар болон арилжааны зорилгоор бус уран бүтээлчдийн ярьдгаар өөртөө зориулан гэртээ залахаар туурвисан гэж судлаачид үздэг байна.

Саскияг нас барсны /1642/ дараа нэлээдгүй зассан энэ зургийн жинхэнэ баатар хэн бэ гэсэн маргаан зүй ёсоор тавигдаж байсан билээ. Учир нь Рембрандт Даная зурагтаа бийрийн сүүлчийн тавилтаа хийж байхдаа Гертье Диркс гэгч бүсгүйтэй янаг амрагийн холбоотой байсан бөгөөд түүний төрх тус зурагт тодорхой хэмжээгээр шингэжээ.


Гертье Диркс

Гэвч XX зууны рентген гэрлийн тусламжаар зургийн зохиомжийн үндсэн төрх Саскиягийнх мөн болохыг эргэж буцалтгүй тогтоожээ. Рембрандтын эд хөрөнгийг битүүмжлэн худалдсаны дараа Даная зургийн сураг хэсэг алдарчээ. Харин 18-р зууны үед Францын алдарт цуглуулагч  Пьер Кроза олж авсан байна. 1740 онд түүнийг нас барсны дараа бүх цуглуулга хамаатан нь болох Луи Франсуа, Жозеф Антуан, Луи Антуан нарын мэдэлд шилжсэн байдаг.
Оросын их хатан хаан Екатерина II Эрмитажийн  музейн сан хөмрөгөө арвижуулах зорилгоор өөрийн эртний танил Дени Дидрод хандан хүсэлт тавьснаар 1772 онд Рембрандтын Даная болон Италийн нэрт зураач Тицианы Даная Орос оронд залсан юм.


 
Тицианы Даная /1553-1554/

Данаяг хүчлээр  шүршиж түлсний  дараа дэлхийн сонгодог бүтээл  устлаа гэж соёлт хүн төрөлхтөн хотлоор харамсан гашуудаж байсан юм. Үндсэндээ зургийн 27 хувь нь гэмтсэн байв. Зохиомжийн гол хэсэгт будгууд хүчтэй ховхрон хууларснаас гадна зотон даавуу овойж хөндиийрчээ. Хүчил үсэрсэн толбууд ч энд, тэндгүй цацагдсан байв. Тухайн үеийн Ленинград хотын эрдэм шинжилгээний  бүх салбарын нарийн мэргэжилтнүүд цаг алдалгүй алдарт зургийг аврах ажилд шуурхайлан орсон билээ.

Хагас цагийн дараа азаар зургийг усаар нарийвчлан угаасны эцэст хүчлийн ислийн урвалыг хязгаарлаж чадсан бөгөөд нэн даруй загасны цавуу болон зөгийн балаар бэхжүүлэн будгийн давхаргууд бүр мөсөн нүүн ховрох процессийг зогсоож амжсан байна. Энэ явдлаас гурван хоногийн дараа улсын онцгой комиссыг томилон алдарт бүтээлийг сэргээн засварлах ажил албан ёсоор эхэлжээ. Сэргээн засварлах ажил гэрэлтүүлэг, тасалгааны дулааны нөхцөлийг харгалзан Өвлийн ордны Бага сүмд явагджээ.

Хуучин ЗХУ-даа хамгийн шилдэгт тооцогддог сэргээн засварлагч зураачид болох Евгений Герасимов, Александр Рахман, Генадий Широков, Татьяна Алешина нар жил хагасын хугацаанд зөвхөн хүчлийн ул мөр, будгийн найрлага, давхарга, зотонгийн гэмтлийг сэргээх анхан шатны ажиллагааг явуулжээ. Шат дараалан хөдөлмөрлөсөөр бүтэн 12 жилийн дараа Даная ”хөл дээрээ босжээ”. 1997 оноос хойш урлаг соёлыг эрхэмлэгч манай гарагийнхан Санкт-Петербургийн Эрмитажийн хоёрдугаар давхарт байрлах Голланд, Фламандын танхимд Рембрандтын Данаятай дахин золгож, өдрөөс өдөрт мянга, мянган үзэгчдээ урьдын адил урин залсаар байна.


"Шархадсан" Даная   
Үзсэн: 6870 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй