Шууд Chart

А.Ганбаатар: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч FIFA-ийн ерөнхийлөгчтэй “2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголд зохионо” гэж мөрөөдлийн гэрээ байгуулсан

2014-08-21 09:25:29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцлаа. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч тэрээр “Өсвөрийн хөлбөгчдийг дэмжих 2050” нэртэй ТББ-ын Удирдах зөвлөлийн даргын албыг давхар хашдаг юм. 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн олон салбарт, тэр дундаа хүүхэд, залуучуудын боловсрол хүмүүжилд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг илүүтэй дэмждэг. Тэдгээрийн нэг нь хөлбөмбөгийн спорт гэж ойлгож байна?  
-Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хөлбөмбөгт элэгтэй, хөлбөмбөгийг бодлогоор дэмждэг хэдэн хүн нийлээд “Өсвөрийн хөлбөгчдийг дэмжих 2050” нэртэй Төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллагын хүндэт Ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Удирдах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй, даргаар нь би ажиллаж байна. Хөлбөмбөгийг тоглож сурах гэж байгаа хүүхдүүд 3-5 настайдаа, бүр оройтлоо гэхэд найман настайгаасаа хэтрэхгүй сурах хэрэгтэй байдаг. Хэрэв Та бүхэн ажигладаг бол Оросын хөлбөмбөгчдийг тоглож байхад бөмбөг нь хөл дээр нь ойж байгаа харагддаг. Гэтэл хөлбөмбөг хөгжсөн орны тамирчдыг харахад бөмбөг нь хөлөндөө наалдчихсан юм шиг л байдаг шүү дээ. Энэ бол багаас нь техник заасны ач гавьяа байдаг юм байна. Тэгэхээр “2050” ТББ-ын гол зорилго бол бага насны хөлбөмбөг сонирхож байгаа хүүхдүүдийн авьяасыг тодруулах юм. Гадаадын хөлбөмбөгийн клубуудын дэргэд академиуд байдаг. Тэр академид хүүхдүүд ерөнхий эрдмийнхээ хажуугаар хөлбөмбөгийн спортыг эзэмшдэг. Тэр ч утгаараа дэлхийн хөлбөмбөгийн спортод дандаа академиас гарч ирсэн залуус ноёлж байна. Гэтэл Монголд тийм академи, хөлбөмбөгийн тусгай сургууль битгий хэл биеийн тамирын хичээлээр хөлбөмбөг ордог сургууль ч бараг байхгүй. Тэгэхээр бид хөлбөмбөг сонирхон тоглож байгаа, авьяастай хүүхдүүдийг сонгон алдартай хөлбөмбөгийн багуудын академи руу цөөн тоогоор ч болов явуулахыг зорино.
 
-Төрийн бус байгууллагаа “2050” гэж нэрлэсний учир юу вэ?
-Ерөнхийлөгч Швейцарт айлчилж байхдаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны төв оффисоор айлчилж, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттертай 2050 онд Монголд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна гэсэн мөрөөдлийн гэрээ үзэглэсэн. Төрийн бус байгууллагын нэрний учир үүнтэй холбоотой. Энэ хэдийгээр хол сонсогдож байгаа ч боломжгүй зүйл биш. Өнөөдөр Катар улс гэхэд хорь, гучхан жилийн дотор асар хурдтай хөгжөөд 2020 оны Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Нөгөө талаар энэ үйл явдал хөлбөмбөг сонирхож, энэ спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудад том хүсэл бадрааж өгч байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө хөлбөмбөгийг сайн дэмждэг. Хойд Солонгос руу хүртэл хүүхдийн баг авч явж байсан.
 
 
 
-Английн Премьер лигийн аварга шалгаруулах тэмцээний улирлын тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, Монголынхоо хөлбөмбөг сонирхогчдод үзүүлж байгаа. Энэ ажилд танай ТББ хамтран оролцсон гэж сонссон? 
-Английн Премьер Лигийн улирлын тоглолтыг шууд дамжуулах эрхийг “SPS” суваг 1.5 сая доллараар худалдаж авсан. Гэтэл гэртээ SPS кабельгүй айлууд өчнөөн байгаа, тэр болгонд хүүхэд залуус маань тоглолтыг үзэж чадахгүй болчихож байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч тус “SPS” сувагт санал тавьж, олон нийтийн телевизээр гаргах саналыг хүлээн аваад бизнесийн ашгаа хоёрт тавьж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэ тоглолтуудыг МҮОНТ-ээр дамжуулж эхлээд байна. Энэ тоглолтыг хот, хөдөөгийн олон залуус шимтэн үзэж байгаа. Залуучууд хэрэгт орооцолдож, хий дэмий сэлгүүцэж, улс төржөөд явж байхын оронд гэртээ хөлбөмбөг үзэж стрессээ тайлах нь өөрсдөд нь хэрэгтэй. Дэлхийн шилдэг багуудын тоглолтыг амралтын өдөр гэртээ үзнэ гэдэг чинь нэг талаасаа хүмүүжлийн асар их ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Монголчууд ганцаараа хичээллэдэг спортуудад их амжилт гаргадаг ч багаар тоглодог спортод тааруу байдаг. “Надаас чи хамаарна, чамаас би хамаарна” гэдгийг ойлгоно гэдэг чинь нэг талаасаа их ач холбогдолтой. Ялангуяа хөлбөмбөгийн спортод ийм зүй тогтолтой. Жишээ нь сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы багийг түрүүлэхэд харсан байх. Тэр багт “тасарчихсан” шилдэг тоглогч байхгүй ч гэсэн багаараа жигд сайн байж, хоорондоо ойлголцож тоглож чадсан. Гэтэл Роналдо гээд дэлхийн номер нэг тоглогчтой Португалийн баг гарсангүй, Месси хичнээн мундаг ч гэсэн Аргентиний баг хоёртоо л үлдсэн шүү дээ. Тэгэхээр бидний зорьж буйгаар хөлбөмбөг тоглож байгаа хүүхэд бүхэн хөлбөмбөгчин болох албагүй. Зүгээр л наад зах нь багаар тоглож, бие биеэ хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй юм.
 
-“2050” Төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж амжуулав?  
-Өнгөрсөн зургаадугаар сард “Монгол туургатны хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн” зохион байгуулсан. Үүнийг цаашид уламжлал болгон зохион байгуулна. Энэ тэмцээнд Халимаг, Тува, Өвөрмонгол, Буриадаас ирсэн хүүхдүүд манай хүүхдүүдтэй холилдоод тоглосон. Их сонирхолтой болсон. Мөн бид хөлбөмбөгийн зуслан байгуулсан. Хотоос 17 км зайтай “Чухаг” нэртэй зуслан бий. Хүүхдүүд зусланд амрангаа давхар мэргэжлийн багш, шүүгчдээр хөлбөмбөг заалгаж байгаа. Мэргэжлийн багш нар нь хүүхдүүдэд бөмбөг зөв өшиглөхөөс өгсүүлээд багаар тоглох сэтгэхүй, бэртэл гэмтэл авахгүй тоглох, гэмтсэн тохиолдолд анхны тусламж яаж үзүүлэх гээд олон зүйл зааж байгаа гэх мэтчилэн цөөнгүй ажлууд зохион байгуулж байна.
 
 
-Цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ. Ерөнхийлөгч солигдлоо гэхэд үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжлэх үү?   
-ТББ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр л байх болно. Ерөнхийлөгч өөрөө ч тэгж хэлсэн. Манай улсад нутгийн зөвлөл гэж байдаг. Тэрхүү нутгийн зөвлөл улсын наадамд түрүүлсэн бөхөд байр, машин гээд олон томоохон шагнал өгдөг. Тэгвэл нэг хүнд ийм өндөр шагнал өгч болж байгаа бол олон хүнд боломжийн хэмжээнд шагнал урамшуулал босгож өгөх боломж харагдаж байгаа юм. Тэгээд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний цом” тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Ингэхдээ өмнө нь аймаг бүрт хөлбөмбөгийн шигшээ баг байгуулсан юм. Аймгууд тойргоор тоглож явсаар шалгарсан багууд нь хотод ирж финалын тоглолтоо хийсэн. Бид аймгийн шигшээ багуудтай нутгийн зөвлөлийг нь холбож өгсөн. Байр, машин авч өгч чадахгүй юм гэхэд ядаж хувцас, бөмбөгийг нь аваад өгчих гэсэн хүсэлт тавьсан.
 
Дээр хэлсэнчлэн гадны клубуудын академид хүүхдүүдээ явуулахаар хичээж байна. Ерөнхийлөгч “Ливэрпүүл”, “Милан”-ы эзэдтэй уулзсан. Испанийн “Барса”-тай мөн Португалын “Порто” клубынхэнтэй уулзсан. Бүгд саналыг хүлээж авсан. Мөн бид Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран 5000 ширхэг бөмбөг авчирч, Ерөнхий боловсролын бүх сургуулиудад хандивлаж байна. Бодлого тодорхойлогчдыг хөлбөмбөгийг ойлгоосой гэсэндээ УИХ-ын гишүүдэд “бразука” бөмбөг тарааж өгсөн. Засгийн газраас Монголд зохиогдож байгаа олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдийг дэмжээрэй гэж хүссэн. Мөн бид хүүхэд залуучуудад урам өгөх зорилгоор дэлхийн алдартай хөлбөмбөгчдийг Монголд урих бодолтой байгаа. Цаашдаа бид дотооддоо дэлхийн хөлбөмбөгийн академууд шиг академи байгуулах бодолтой байна. Гэхдээ эхний ээлжинд Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд хөлбөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээх зорилт тавьж байна. Энэ ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжиж ажиллахаа илэрхийлж, эхний ээлжинд 1-2 анги нээж эхлэх гэж байна.   
 
 
-Та FIFA-ийн гишүүн орнуудын хуралд оролцсон гэсэн. Энэ хурал манай улсын хөлбөмбөгийн хөгжилд хэр үр нөлөөтэй болсон гэж үзэж байна?
-Би хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч гэдэг сонгуульт ажлынхаа шугамаар сая хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцоод, жилдээ нэг болдог FIFA-ийн гишүүн орнуудын хуралд оролцсон. Тэр хурлаар тухайн жилдээ аль улсад хичнээн хэмжээний тусламж үзүүлэх вэ гэдгийг шийддэг. Энэ хуралд амжилттай оролцож, санал, хүсэлтээ тодорхой хэмжээнд илэрхийлсэн.
 
-Гадаадын академид хүүхдүүдийг суралцуулахад ямар шалгуур хангасан байхыг шаарддаг юм бол?   
-Тухайн академийн мэргэжлийн хүмүүс нь эхлээд ирж, хүүхдүүдийг хардаг юм байна лээ. Манайд өмнө нь мэргэжлийн хүмүүс ирж харж байсан. Тэгээд танай хүүхдүүд чинь гүйж чаддаггүй, гүйх техникээ эзэмшээгүй юм байна гэсэн. Хүндийн төв, хүчээ зөв хуваарилах, ядрахгүй гүйх гээд маш олон зүйл байдаг юм байна л даа. Гэтэл манай хүүхдүүд техникийн дагуу гүйж сураагүй байдаг юм байна. Гэтэл гадны тэр академиудад бараг эхний нэг жил үндсэн техникүүдийг эзэмшүүлж байж дараа нь бөмбөгтэй харьцуулж байна.
 
-Дашрамд асуухад, Ерөнхийлөгчийн дэмждэг олон төсөл хөтөлбөрүүдийн нэг нь АНУ руу сэтгүүлчдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах. Саяхнаас энэ сургалтад хамруулах хугацааг уртасгаж байгаа гэж сонслоо? 
-Өмнөх сургалтуудад таван ээлжинд 50-60 сэтгүүлч явсан. Явж ирсэн сэтгүүлчид нэг сар богинохон байна гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Мэдээж нэг сарын дотор хэл сурна гэж байхгүй. Тийм учраас бид хэл сурах гэж битгий яв, тэнд очоод ямар сэдвээр лекц сонсох вэ гэдгээ л сонго гэдэг. Одоо бид уг сургалтын хугацааг нь гурван сар болгох талаар ярилцаж байгаа. Энд би нэг зүйлийг хэлмээр байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг байдаг. Манай өмнөх явсан группүүдээс хичээлдээ яваагүй, архи уусан, тамхи татсан, зодолдсон гээд олон асуудал гаргаж байсан. Тиймэрхүү асуудлаас болоод сүүлд очсон сэтгүүлчид маань арай зэрэглэл муутай зочид буудалд ордог болсон. Уг нь АНУ-д очсон төрийн тэргүүнүүд буудалладаг буудалд байрлуулж, зохион байгуулж байсан. Гэтэл манай зарим сэтгүүлч хамаг дүрмийг нь зөрчөөд, тэгээд араас нь торгууль нь ирж байгаа юм. Тэгэхээр сэтгүүлчдэдээ үүнийг анхааруулж хэлэх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

А.Ганбаатар: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч FIFA-ийн ерөнхийлөгчтэй “2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголд зохионо” гэж мөрөөдлийн гэрээ байгуулсан   
Үзсэн: 7485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.111.xxx [180.149.111.xxx] 2014-09-15 17:29
ene elbegdorjoos bi vxtlee ichix yuma.jinxene shiren nvvrlesen xog yuma.olimp ch gex shig delxiin awarga ch gex shig.oligtoi gants tsengeldexgvi,standartiin gants talbaigvu bj.
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2014-09-11 09:32
Сэтгүүлчид та нар өөрсдөөсөө өөрчлөлтийг эхэлбэл яасан юм бэ. Гадаад явсан ч архи ууна, хөдөө явсан ч архи ууж зодоо хийнэ. Иймэрхүү ухамсар дорой хүмүүс сэтгүүлч хийж байгаа юм чинь яаж 4 дэх засаглал жинхэнэ утгаараа хөгжих вэ дээ. Яаж та нар монгол улсын хөгжилд хувь нэмэрээ оруулна даа бүрхэг харагдаж байна шүү.
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-09-01 18:45
bagiin toglolt manaid chuhal shuu amjilt
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-22 08:32
ENE MUNDULIIG NUHEND AVAACHIJ HIIGEECHEE SERUUN ZUUDELSEN MALUUDAA ICHIJ UHSEN NOBSH

Бидэнтэй нэгдээрэй