Шууд Chart

Н.Ану: Арай амжилттай яваа хэдийгээ л элдвээр хэлээд, хүмүүстэй холбоод эхэлдэг

2015-11-26 10:31:03

Гоо сайхны олимп гэгддэг хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл болсон 65 дахь удаагийн “Дэлхийн миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар тодорсон мисс Н.Ануг энэ удаагийн редакцийн зочноор урилаа.

Miss World тэмцээн ирэх 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Санъя арал дээр болох бөгөөд манай улс “Дэлхийн миссийн тэмцээн”-д 11 дэх жилдээ оролцох гэж байгаа юм.
 

-Би хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүсдэг-

-Тэмцээний өмнө зохион байгуулсан сайн дурын үйлс тань нэлээн онцлогтой байсан. Уруулаараа зурсан зургийн үзэсгэлэнгийнхээ талаар яриач?

-Хүүхдүүдэд туслах зорилгоор Монголд анх удаа үнсэлтээр зурсан үзэсгэлэн гаргаж байсан. Би анх 2013 онд “Монголын мисс” тэмцээнд орох үеэрээ энэ үзүүлбэрийг үзүүлж байсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнүүдэд ч гэсэн энэ үзүүлбэрээ үзүүлж өндөр оноо авч байсан.

Би график дизайны мэргэжилтэй. Ийм мэргэжлийн хүмүүс ер нь зураг зурах авьяастай байх ёстой. Нэг, хоёрдугаар курстээ хар зураг болоод уран зураг сонирхож зурдаг байсан.

-Үнсэлтээр зураг зурах санааг анх яаж бодож олсон бэ?

-Анх миссийн тэмцээнд зориулж энэ үзүүлбэрийг бодож олсон. Миний авьяас зураг зурах юм чинь үүнийгээ хүмүүст хэрхэн сонирхолтой байдлаар хүргэх вэ гэж бодож эхэлсэн л дээ. Тэгээд эмэгтэй хүн уруулаа будсан үедээ илүү гоё өнгөлөг харагддаг, уруулын будаг бол эмэгтэй хүний зэвсэг гэдэг утгаар нь үнсэлтээрээ зураг зурж эхэлсэн. Анх Мерлин Монрогийн дүрсийг зурсан.

-Танд үнсэлтээр зурсан хэдэн бүтээл байгаа вэ?

-Анх 2013 оноос зурж эхэлсэн. Тэмцээний үеэр зурсан зургуудаа хүмүүст бэлэглэчихдэг болохоор надад фонд гэж байхгүй. Харин тэмцээндээ түрүүлсний дараагаас үзэсгэлэндээ зориулж 20 зураг зурсан.  

-Үнсэлтээрээ зураг зурна гэхээр уруулын будаг их олон ордог байх?  

-Их олон өнгийн уруулын будаг шаардагддаг. Мэдээж улаан, ягаан өнгийн будгийг их ашигладаг. Содон байх үүднээс хар, хөх, цагаан зэрэг өнгийг бас ашигладаг.

-Таны бүтээл дунд хөрөг зураг зонхилдог уу?

-Ихэвчлэн хөрөг зургууд бий. Олон улсын болоод Монголынхоо алдартай нийгмийн зүтгэлтэн, сайн үйлсийн аянд зүтгэгчдийг илүү зурсан. Би хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүсдэг. Миний дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлийн хар, цагаан зураг бас нэлээд бий.  

-Та өөрийнхөө даашинзыг зараад Э.Эрдэнэбулган охинд тусалж байсан?  

-Анх тэр охины талаарх мэдээллийг би нэг сайтаас уншиж байсан. Надтай чацуу, ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Би бас ээжтэйгээ цуг өссөн. Тэгээд энэ охинд туслая гэж бодоод тэмцээндээ анх өмсөж байсан даашинзаа сошиал медиагаар дуудлага худалдаагаар зараад хэрэгтэй байсан аппаратыг нь худалдаж авч өгсөн. Очоод аппаратаа бэлэглэх үед үнэхээр сайхан байсан. Ээж нь хүртэл баярлаад л. Э.Эрдэнэбулганд цаашид ч гэсэн туслахыг хүсч байгаа.

-Манай миссүүд олон улсын тэмцээнд орохдоо сайн үйлсийн аян хийх дээрээ оноо алдаад байх шиг харагддаг юм. Ер нь олон улсын миссийн тэмцээнд ороход сайн үйлсийн аян хэдийг зохион байгуулсан байх ёстой байдаг юм бол?

-Маш оновчтой, үр дүнгээ өгсөн нэг төсөл хэрэгжүүлсэн байх ёстой. Миний хувьд “Монголын мисс” тэмцээнд орохдоо л үнсэлтээрээ зураг зурах төслөө хийж эхэлсэн. Мөн хүмүүст танилцуулаагүй өөр олон ажил бий.

 

-Загвар өмсөх бол зөвхөн залуу насны ажил биш-

-Ер нь хэдийнээс загвар өмсөж эхэлсэн юм бэ?

-2010 онд ШУТИС-д сурч байх үед дизайны багш маань намайг дуудаад нэг загварын тэмцээнд оруулсан юм. Тэр тэмцээнд түрүүлээд их урам зориг авсан.  Тэгээд ер нь загвар өмсье гэж бодоод “Монгол модель” агентлагт орж байсан.

-Энэ тэмцээнээс өмнө “Манжуурын мисс” тэмцээний ялагч болж байсан?

-2014 оны шинэ жилийн өмнө “Манжуурын мисс”-т оролцож байсан. Энэ бол хөрш гурван орны эв найрамдлын тэмцээн байдаг. Манай улсаас 16 охин оролцсон. Би бас Хятадад зохион байгуулагдсан “World bikini miss” тэмцээнд хоёрдугаар байрт орж байсан. Хятад улс эх оронтой минь ойрхон. Тэгээд ч хятадууд монголчуудыг их сайн мэддэг болохоор тэмцээн уралдаанд ороход надад илүү их ээлтэй байдаг юм болов уу гэж боддог.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцохоор манай миссүүдэд хэлний бэрхшээл тулгардаг байх?

-Өөрийгөө ойлгуулаад, асуусан асуултад хариулаад, бусад охидуудтайгаа сайхан харилцаатай байхад мэдээж хэлний мэдлэг шаардлагатай. Би бол өөрийгөө бусдад ойлгуулаад, бусдыг ойлгоод хариулт өгөх хэмжээний хэлний мэдлэгтэй.

-Та олон улсын тэмцээнд оролцохдоо өөрийн багаа бүрдүүлж авч явдаг уу?

-Мэдээж өөрийн гэсэн багаа аваад явж болно. Гэхдээ энэ зардлыг өөрөөсөө гаргадаг юм. Энэ тэмцээнд би үсчинтэй явж байгаа. Би ихэнх тэмцээнд ганцаараа л явдаг юм. Одоо ч бараг сурч байна даа /инээв/.  

-Тэгвэл таныг маш сайн үсчин, нүүр будагч гэж ойлгож болох нь ээ?

-Ерөнхийдөө тэмцээнд оролцох явцдаа өдөр тутмын нүүр будалт, үс засалтаа өөрөө хийчихдэг. Финал дээр бол цаанаас нь мэргэжлийн хүмүүс гаргаж өгөх байх.

-Хүмүүс загвар өмсөхийг залуу насны ажил гэдэг шүү дээ. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?

-Ихэвчлэн гадаад үзэмж, харагдах байдлаасаа болж залуу хүмүүс байдаг болохоор тэгж ярьдаг байх. Монголд үлгэр жишээ болоод явж байгаа олон топ моделиуд, миссүүд байдаг шүү дээ. Хүн өөрөө өөрийнхөө гоо сайхныг л хадгалж чадвал энэ бол зөвхөн залуу насны ажил биш, насан туршийнх байж болно гэдгийг хүмүүс ойлгодог байх.

-Өмнө нь “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байсан миссүүдээсээ туршлага судалсан уу?  

- Ерөнхийдөө өмнө нь “Miss world” тэмцээнд яаж оролцдог, монгол охидуудын юу нь давуу тал болдог талаар ч юм уу ажиглаж байсан. Монголын хувьд хамгийн том амжилт гаргаж байсан А.Сарнай эгч маань шилдэг 25-д багтаж байсныг бид мэднэ. Ер нь судалгаа их сайн хийсэн. Г.Оюунгэрэл эгч, Б.Батцэцэг эгчээс асууж зөвлөгөө авсан.

-“Miss international-2013” тэмцээнд оролцож байхдаа та бүдэрч унасан. Тухайн үед их шуугиан тарьж байсан л даа...?   

-Тэр бол миний хамгийн анхны олон улсын тэмцээн байсан. Финалын тэмцээн биш урьдчилсан бэлтгэл байсан юм. Юмыг сайтар харж ойлгодог хүмүүс бол тэр тайз, бичлэг зэргийг нь хараад энэ чухал шалгуур биш байсан байна гэж ойлгосон байх. Заал нь модон шалтай, хоорондоо завсартай байсан юм. Тэгээд шалны завсар охидуудын туфлийн өсгий гацаж, тээглэж унасан. Харин Венесуэлийн мисс, бид хоёрын унасан бичлэгийг youtube-д тавьсан юм билээ.  

-Сандралаа хэрхэн дардаг вэ?

-Мэдээж тайзан дээр гарахдаа сандардаг. Би тэгж сандарсан үедээ тайзны урд өөдөөс тусдаг гэрлийг боддог юм. Тэгээд тайзан дээр гараад зөвхөн тэр гэрлээ л бодоод анхаарлаа тийш нь хандуулчихаар аяндаа тайвширчихдаг.  

-Таныг хэд, хэдэн монгол брэндийн нүүр царай болсныг харж байсан?

-Анх 2011-2012 оны үед “Говь”-ийн нүүр царайгаар тодорч ажилласан. Тухайн үед би дөнгөж гарч ирсэн шинэ загвар өмсөгч байсан болохоор “Говь”-ийн нүүр царай болно гэдэг бол маш том амжилт байлаа. Би ер нь Монгол брэндүүдийг их дэмжихийг хүсдэг. Өмнө нь бас “Дархан Минж” компанийн нүүр царай болж байсан. Одоо “Urban jeans”-тэй хамтарч ажиллаж байна. Миний төрх байдал илүү монголжуу болохоор монгол брэндүүдэд илүү зохидог юм болов уу гэж боддог.

-Дэлхийн миссээс цаашаа Монголын миссүүд хаашаа гишгэдэг юм бэ?

-Дээд үеийнхнийгээ харахад бүгдээрээ л загвараа орхидоггүй. Жишээ нь, Оюунгэрэл эгч гэхэд загвараа өмсөөд, гадаадад эх орныхоо нэрийг гаргаад явж байна.

-Таныг Топ Д.Болормаагийн гарын шавь гэдэг юм билээ?

-Би анх “Монгол модель” агентлагт явж байсан. Одоо ч гэсэн энэ агентлагтаа байгаа. Манай агентлаг моделиудыг яг мэргэжлийн түвшинд бэлтгэдэг. Тэр ч утгаасаа Монголын их олон топ моделиудыг төрүүлсэн байх.  

-“Гоёл” наадмын тэргүүн болсон миссүүдийг өөрсдийнхөө чадвараар гарч ирдэггүй гэж их ярьдаг шүү дээ. Үүнд таны бодлыг сонсъё?

-Хүмүүс өнгөц байдлаар л харж ярьдаг. Яг дунд нь орох юм бол яг чин шударгаар, үнэнч хөдөлмөрлөөд явж байгаа маш олон хүн байгаа. Гоёл наадамд “Говь” компанийн  нүүр царай байхдаа нэг удаа орж байсан. Маш сайхан наадам байна лээ. Дараа жилээс дахиад оролцоно гэж бодож байгаа. “Монголын мисс” болж байхад намайг бас хүмүүстэй холбоод л эхэлж байсан. Ер нь тэмцээн уралдаанд түрүүлээд арай нэг амжилт үзүүлж байгаа хэдийгээ л элдвээр хэлээд хүмүүстэй холбоод эхэлдэг юм шиг байна лээ. Миний хувьд загвар өмсөхөөсөө ч өмнө 19 настайгаасаа найз залуутайгаа үерхэж эхэлсэн болохоор элдэв цуу ярианууд худлаа гэдэг нь ойлгомжтой байх.

-Монгол эмэгтэйн хувиараа гүү, үнээ сааж чадна-

-Та шүлэг бичдэг гэсэн. Ном гаргасан уу?

-Ном гаргаж амжаагүй байна. Ямар ч байсан шүлгийн их зузаан дэвтэртэй. Бичсэн шүлгүүдээрээ ном гаргах төлөвлөгөө бол байгаа. Би багаасаа л Р.Чойном гуайн шүлгүүдийг их унших дуртай байсан.

-Үйлэнд хэр уран бэ?

-Би хөдөлмөрийн хичээлдээ их сайн байсан. Ер нь гайгүй ээ.

-Таны бодлоор сайхан эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

-Эмэгтэй хүн гэлтгүй ер нь хүн бол өөрийнхөөрөө, сэтгэлээрээ байвал илүү сайхан байна байх. Эмэгтэй хүн бол бүхнийг маш сайн зохицуулдаг байх хэрэгтэй гэж боддог. Зарим эмэгтэй хүүхэд гаргаад гэртээ суухаараа өөрийгөө хаячих гээд байдаг. Миний бодлоор эмэгтэй хүн бол хүүхдээ ч төрүүлээд, гоо сайхандаа ч анхаараад, карьераа ч хөөдөг, нөхөртөө халамжтай гээд бүгдийг нь амжуулдаг байх хэрэгтэй. Ингэж чадсан эмэгтэй илүү амжилттай явна. Мөн сайхан эмэгтэй гэж дүгнэгддэг байх.  

-Таныг найз залуугаасаа сүйн бөгж авсан талаарх мэдээ нэг хэсэг сошиалд их явсан. Бас таны найз залууг Р.Чойном агсны зээ хүү гэж ярьдаг?

-Бид үерхээд зургаан жил болж байна. Найз залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд найзуудтайгаа сууж байсан чинь найз залуу маань гэнэт урд сөгдөөд “Сүйт бүсгүй минь болооч” гэж нуйсан. Огт тийм юм болно гэж төсөөлөөгүй байсан болохоор догдлоод зөндөө их уйлсан. Тэр үеийн минь зургийг зарим сайт тараачихсан байсан. Найз залуу маань Р.Чойном агсны зээ хүү нь үнэн. Надтай бас ойролцоо мэргэжилтэй.  

-Таныг аялах дуртай гэж сонссон. Монгол орныхоо хэдэн аймгаар аялсан бэ?

-Ер нь бараг талаар нь явчихсан байх. Зураг авалт, аялал зугаалга гээд нэлээд явдаг. Бас тэмцээнд орохоор Азийн ихэнх орнуудаар аялсан.  

-Унаган хотын хүүхэд гэхээр хөдөөний амьдралаас хол байх гэж бодлоо?

-Би нэг, хоёр сараар хөдөө айлд  байж үзсэн. Бүтэн жилээр бол хөдөө амьдарч байгаагүй. Гэхдээ Монголынхоо ёс заншлыг сайн мэднэ. Монгол эмэгтэйн хувиараа гүү, үнээ сааж чадна.  

-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд тань амжилт хүсье.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Ану: Арай амжилттай яваа хэдийгээ л элдвээр хэлээд, хүмүүстэй холбоод эхэлдэг   
Үзсэн: 7305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сэтгүүлч [202.131.230.xxx] 2016-06-26 13:15
Сайханбилэгийн нууц амраг
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-12-11 16:38
Bitgii balait
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-12-03 16:27
ккк чи тэгээд ёс журамтай юм биз дээ ккк айн өөрөө итгэлтэй байна уу ккк
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-30 16:17
Монголын эмэгтэйчүүд мундаг шүүдээ, бөх ч байсан дэлхийд түрүүлээд л, сайн явах санааных, сайхан төрөх заяаных, амжилт хүсье, сайн охин
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-11-27 08:44
mongold bas iim miss bdag yum uu, meddeggui ee...... odgerel l mongoliin miss yum daa
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-27 07:11
amaraa bol yu ch hiichih huuhen bnledee harin.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-11-26 21:32
chi amjihgviee zvgeer gertee boow huhuud hewtej bai delhiin missiin inder chamd dendvv ahdnaaaaaa columbiin miss Paulina Vega Depag harchaad uuriiguu har anu ch gh shg jinger
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-26 18:51
Бух юм нь хиймэл чин сэтгэлээсээ биш байгаа болохоор утга алга
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-26 18:50
Яагаад ч дэлхийд багтахгуй хуухэн байна даа.
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2015-11-26 16:48
Amjilt husiye. Saihan l zursan baina. Bitgii ataarh bitgii gujird humuusee.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-26 16:39
saihan busguid amjilt. ataarhuu archaagui yumnuudiin ugiig bitgii too. zowhon uragshaa haraad alhaarai. temtseendee amjilttai oroltsooroi amjilt
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2015-11-26 15:58
uhsen baas..manjuuriin miss gej hujaa nartai zavhairch yavsniihaa shand miss seter zuugee biz..eneii amjilt gej uy baisiin hen ene hujaagiin devsgert ataarhana gej..
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-11-26 12:03
Унагани УБ-ын хүүхэд юм бол Монгол зан заншлаа сайн мэднэ гэж битгий яриа. Гэхдээ Монголынхоо гэсэн болгоныг ултай суурьтай улам саун судалж мэдэх хэрэгтэй шүү. За тэгээд амжилт хүсьеэ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-11-26 12:02
Зураг зурдаг авъяасаа яаж хүнд хүргэх вэ гэдгээ олж чаджээ баяр хүргье.Анхаарал татсан үйлдэл юм даа.Үнэхээр л үнсээд зурж буй мэт.

Бидэнтэй нэгдээрэй