Шууд Chart

Цахим болзооны хар сүүдэр

2017-12-04 10:36:46

Нэр зүсээ нуусан, таних танихгүй хэдэн зуун, хэдэн мянган хүнтэй та бид өдөр бүр цахим сүлжээнд таарна. Гэвч найзлах хүсэлтийг нь хүлээн авсан ганц хормын шийдвэрээс болж зарим хэсэг нь бусдын олз болж байна. Тэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод зогсохгүй олон нийтийн сүлжээнд ил цагаанаар элдвээр доромжлуулах байдал газар авчээ. Харин нэг хэсэг нь үл таних нэгэнд хэт итгэж, өөрийн нандин бүхнээ дэлгэснээс болж хүчирхийллийн золиос болсон гашуун үнэнийг баримт түшиглэн уншигч та бүхэнд хүргэх гэж байна.

Баримт-1: Нэг бүсгүй фэйсбүүкийн найздаа итгэснээс болж хүчингийн хэргийн хохирогч болжээ. Түүнийг хүчирхийлсэн этгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461-р ангид ял эдэлж байна.

Тэрбээр нэгэн дээд сургуулийн оюутан. Барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан зөөврийн компьютер, гар утсаа алдах гээд байсан учир түүнд мөнгө хэрэгтэй болжээ. Ингээд мөнгөний эрэлд гарч. Өөрийн найз нөхдөөсөө тусламж гуйсан боловч түүнд мөнгө зээлэх хүн олдоогүй байна. Аргаа барсан тэрбээр өөрийн Facebook-ээр мөнгө хайж байтал “хүүтэй мөнгө зээлнэ” гэсэн зар оруулсан байхтай таарчээ. Зар оруулсан хүнтэй Facebook-ээр холбоо тогтоож мөнгө зээлэхээр болсон ч түүнээс барьцаа шаардсан байна. Түүнд барьцаалах юу ч байсангүй. Харин түүнд мөнгө л хэрэгтэй байлаа. Гэмт хэрэгтэн түүний энэ хүслийг ашиглаж, хохирогчийг хэд хэдэн нүцгэн зураг явуулахыг шаардсан байна. Эцэст нь бүсгүйг өөрийн зургаар нь дарамталж хүчирхийлжээ.

Хохирогч бүсгүй: Барьцаалах зүйл надад байхгүй гэсэн боловч хэд хэдэн нүцгэн зураг өг гэж удаа дараа шахсан. Би аргагүйн эрхэнд түүний хүсэлтийг биелүүлсэн. Надад чиний зураг байна. Иймээс миний хий гэснийг хийх болно гэж сүрдүүлсэн. Мөнгө зээлнэ гэсэн боловч надад огт мөнгө өгөөгүй. Дээрээс нь намайг хүчирхийлсэн. /Түүний дууны өнгийг өөрчилсөн болно/

Хохирогч бүсгүй гомдол гаргаснаар энэ хэрэг цагдаагийн байгууллагад өнгөрсөн хавар шилжсэн. Хүчирхийлэгч этгээдийн үйлдэл анхнаасаа зорилготой  байсан. Бүсгүйн хүсч байгаа зүйлийг сайн мэдэж байсан учраас ямар аргаар эрхэндээ оруулах вэ гэдгээ эхнээсээ төлөвлөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Иймээс сэжигтнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу “Хүчиндэх” гэмт хэрэг,  нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар заналхийлж эд хөрөнгө шилжүүлж өгөхийг шаардсан буюу “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүхээс ял оноожээ. Харин мэргэжилтнүүд цахим орчин бол хэн нэгэнд мөнгө зээлүүлж, бас зээлдэхэд тохиромжтой газар биш. Энэ бол “урхи” гэдгийг анхааруулж байна.

Хил хязгааргүй цахим мэдээлэл бидэнд өргөн боломж нээж өгдөг ч эрсдлийг сүүдэр мэт дагуулдгийг түүний жишээнээс харж болохоор байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хэн ч байж болно. Нас, хүйс, мэргэжил боловсрол үүнд хамаарахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, нас тогтсон эмэгтэй цахимаар гадаадын иргэнтэй танилцаж болзох газраа товлосон байх жишээтэй.

Нийгмийн ажлын хөгжлийн төвийн тэргүүн н.Эрдэнэчимэг: Цахим гэмт хэргийн хохирогч хэн ч байж болно. Тухайлбал, миний 50 настай найз эмэгтэй гадаадын иргэнтэй цахимаар танилцаж уулзахаар тогтсон байсан. Цахимын ард хэн ч байж болно шүү дээ.  Энэ бол маш аюултай алхам.   

Хүн хүсч байгаа зүйлдээ итгэдэг учраас  эерэг шийдвэр гаргах боломж 90 орчим хувиар буурдаг гэсэн судалгаа байна. Иймд нэг ч удаа уулзаж үзээгүй хэн нэгэнтэй уулзах гэж байгаа бол нүднээс далд газар уулзаж болохгүй. Заавал олон нийтийн газар уулзах хэрэгтэй. Мөн гадаад хүний уулзах хүсэлтийг хүлээж авах нь эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв үнэхээр уулзахыг хүсч байвал чухам хэнтэй уулзах гэж байгаа билээ, хэрэв уулзвал яах бол, хэнтэй очих вэ зэрэг асуултад хариулж шийдвэр гаргах нь эрсдлийг энэ хэрээр бууруулах боломж байдаг гэж МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш н.Мягмар хэллээ.

МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш н.Мягмар: Ийм их үнээр яах гэж та энэ гэмт хэргийн золиос болов. Заавал өөрийн биеэр туулсны дараа үүнийг мэдрэх ёстой гэж үү... Танихгүй хэн нэгэнтэй харилцаа үүсгэх гэж байгаа бол нухацтай харилцааны техникийг хэрэглэх, эрсдлийг сайтар тооцож олон талаас нь сайн бодож үзэх хэрэгтэй. Хэрэв үнэхээр уулзахыг хүсч байвал чухам хэнтэй уулзах гэж байгаа билээ, хэрэв уулзвал яах бол, хэнтэй очих вэ зэрэг асуултад хариулж шийдвэр гаргаж сураарай.                                         

Дэлхийн нийт веб сайтыг 100 хувь гэж үзвэл түүний 70-80 хувийг садар самуун болон мансууруулах бодистой холбоотой агуулга бүхий мэдээлэл багтаасан цахим хуудас эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Яг ийм агуулга бүхий 1000 гаруй цахим хуудас руу манай улсаас хандах хандалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хязгаарласан байна. Мөн цагдаагийн байгууллагаас гэмт үйлдлээ далдалсан хэд хэдэн цахим хаягийг хаасан гэлээ.

Баримт-2: Цахим халдлага нь зохион байгуулалттай 4 төрлийн гэмт хэргийн нэгэнд ордог. Иймээс хэн нэгэн танихгүй хүнтэй цахим орчинд найзалж, хувийн мэдээллээ дэлгэх нь таны амьдралд аюул дагуулах эрсдэлтэй гэж албаныхан онцоллоо.

Дэлхий дахинд зохион байгуулалттай гурван төрлийн гэмт хэрэг бий. Үүнд терроризм, хүний наймаа, хар тамхи багтдаг байсан бол 2015 оноос интерполоос 4 дэх гэмт хэргийг шинээр оруулж өгсөн нь цахим гэмт хэрэг. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарах цахим гэмт хэргийн үйлдэгч хэн ч байж болно. Иймд “олон нийт” хохирогчийг буруутгахаас илүүтэй энэ гэмт хэргийг хэн, ямар аргаар үйлддэг вэ, гэмт этгээдийг яаж таних вэ зэрэг сэдвээр ойлголттой болох хэрэгтэй. Мөн энэ ойлголтыг олон нийтэд түгээх нь чухал. Учир нь энэ гэмт хэргийн хохирогч хэн ч байж болно гэж Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн н.Ганбаясах ярилаа. 

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн н.Ганбаясах: Хүн хүсэж байгаа зүйлдээ амархан итгэдэг. Нэгэнт итгэлийг нь олж авсан этгээд өөрийн аргаар дараа дараагийн алхмаа тооцож хөдөлж эхэлдэг. Үүний дараа хувийн мэдээллийг нь ашиглаж хохирогчийн эсрэг гэмт хэрэг үйлддэг. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарах цахим гэмт хэргийн үйлдэгч хэн ч байж болно. Иймд “олон нийт” хохирогчийг буруутгахаас илүүтэй энэ гэмт хэргийг хэн, ямар аргаар үйлддэг вэ, гэмт этгээдийг яаж таних вэ зэрэг ойлголттой болох хэрэгтэй.                                                         

Манай улсад өнөөдрийн байдлаар “.mn” гэсэн бүртгэлтэй 16 мянга гаруй цахим хуудас ажиллаж байна. Үүнээс байнга ажилладаг нь 200 орчим. Мөн интернет үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр газарт Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүгийн цагдаагийн алба хамтран хяналт тавьж байна. Гэхдээ орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч аюулын харанга таны хаалгыг тогшиж мэдэх юм. Иймд энэ эрсдлийг бууруулж, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ-ны Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Гэхдээ хувь хүн та цахим харилцаанд орж байгаа л бол хувийн мэдээллээ бусдад дэлгэхгүй байх, танихгүй хэн нэгэнтэй харилцаа үүсгэхгүй байх нь чухал.

Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга н.АриунболорСанаа бодлоо хуваалцсаны дараа та үнэхээр уулзахыг хүсэж, харин цаад хүний эцсийн зорилго юу вэ гэдгийг таашгүй юм. Иймээс өсвөр насны охид, хүүхдүүд, томчууд энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэгэнт цахим хэрэглээ бидний амьдралын нэг хэсэг болсон учраас иргэд та бүхэн зохистой хэрэглээг бий болгоорой.       

Цаг хугацаа, хол, ойроос үл хамаарах энэ хүчирхэг орон зайд гэмт этгээдүүд хүссэнээ хийж, дураараа аашлах болжээ. Кибер гэмт хэргийн улмаас дэлхийн улс орнууд жилд нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг гэсэн албан мэдээлэл байдаг. Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн 0.1 хувийг цахим гэмт хэрэг эзэлдэг хэрнээ учруулах үр дагавар, хор уршиг нь бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад хэд дахин их байдаг байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч бие, сэтгэлээрээ хохирч байгаагаа үл анзааран явсаар л байдаг. Иймээс олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тал хувь нь “урьдчилан сэргийлэх” ажил гэж үздэг байна.

Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч н.Галбаатар: Цахим хэрэглээний хор аюулын талаар хувь хүн мэдээлэлтэй байх нь хохирогч болох эрсдлийг бууруулна. Энэ төрлийн гэмт хэргийг нуух биш бүхий л түвшинд ил мэдээлж, “Ийм замаар” хохирогч болдог гэдэг мэдлэг, ойлголтыг олон нийтэд хүргэх нь чухал юм.   

Цахим сүлжээн дэх гэмт хэргийг зохицуулсан бие даасан хууль манай улсад алга. Нийгмийн хөгжлийг дагаад олон төрлийн шинэ гэмт хэрэг энэ орчинд гарч эхэллээ. Эрүүгийн хуулийн 26-р бүлгээр энэ төрлийн гэмт хэргийн харилцааг зохицуулж байна. Иймээс Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенцэд манай улс нэгдэх зайлшгүй шаардлага байгааг эх сурвалжууд онцолж байлаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн н.Батболд: Хувь хүний захидал харилцааг зохицуулах ямар ч боломж байхгүй. Иймээс олон улсад, олон нийтэд чиглэсэн цахим халдлагаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ, ямар боломжууд байдаг гээд цогц мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг. Яг ийм мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн цахим хуудсандаа байршуулсан.

Та хаана ч амьдарч байсан даян дэлхийг хэрсэн цахим сүлжээн дэх эерэг, сөрөг мэдээлэл, цахим дарамтаас нуугдах аргагүй юм. Иймээс ямар ч тохиолдолд өөрийн хагас нүцгэн, эсвэл нүцгэн зургаа цахим орчинд тавихгүй байхаас гадна хэн нэгэнд явуулахгүй байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг асуудалд орж, мөнгөний хэрэгцээ гарсан бол өөрийн гэр бүлийн гишүүддээ хандаж, туслалцаа авах нь чухал. Танихгүй хэн нэгний үзүүлсэн туслалцаа нь эргээд чамаас ёс бус зүйл шаардах шалтгаан болно гэдгийг Хүний эрхийн байгууллагуудаас анхааруулж байна.

Дэлхийн дунджаар “Нэг хүн өдөр 57 минут фэйсбүүк үздэг бол манай улсад нэг хүн 77 минут ордог" гэсэн судалгаа гарчээ. Гэтэл дэлхийн нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 140 сая хүн хуурамч хаяг нээж, бусдыг хөндлөнгөөс ажигладаг байна. Цахим хэрэглээний толгой эргэм энэ амжилтаас дэлхий нийт эргээд эмээж эхэллээ. Энэ хэрэглээ буруу биш. Харин та хувийн мэдээллээ цахим орчинд хамаагүй оруулдаг бол хуурамч хаягийн цаана нүүрээ нуусан 140 сая хүнд итгэж байгаагаас өөрцгүй. Гэхдээ та өөрөө өөрийгөө энэ халдлагаас хамгаалж чадна.

Нэвтрүүлгийг ЭНД дарж үзэх, сонсох боломжтой.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Редактор: Г.Батзаяа, Ж.Золзаяа

 

 

Нийтэлсэн: Баримт

Цахим болзооны хар сүүдэр  
Үзсэн: 22722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
urology [127.0.0.xxx] 2019-04-07 04:04
Хүндэт ноён / хатагтай, Энэ нь PRADHAN UROLOGIST гэж олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдын эрэлт хэрэгцээг эрэлхийлж байна Тэд 780,000 ам.долларын үнэтэй бөөрийг зарж борлуулдаг. хандивлагчид манай имэйлд хандах хэрэгтэйг анхаарна уу: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" эсвэл дуудлага 91424323800802, 447031993891. Та мөн манай сайтад хандаж болно. 23 Луку шинэ замыг зааж өгөв.     Та бүхний сэтгэл ханамжийг хамгийн ихээр амлаж, яаралтай арга хэмжээ авах болно Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.

Бидэнтэй нэгдээрэй