Шууд Chart

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд “Жишиг худалдааны төв” өдөрлөгийг зохион байгууллаа

2018-12-18 10:29:05

Татварын хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга “Татварын хуулийг хэрэгжүүлэгч жишиг худалдааны төв” ажлын удирдамжийг баталсан билээ. Энэхүү удирдамжийн хүрээнд өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд “Жишиг худалдааны төв” өдөрлөгийг Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Гэрэгэ системс ХХК болон Голомт банк хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал,  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Гансүх, “Дүнжингарав” ХХК-ийн Санхүүгийн менежер Д.Батзолбоот, “Гэрэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Голомт банкны EZPAY брэндийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааг Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал нээж, “НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу төвлөрсөн зах, худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдийг төлбөрийн баримтын нэгдсэн системд холбох ажлуудыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын болон Нийслэл хотын албан татварын хуулийг хэрэгжүүлэгч "Жишиг төв" болгох ажил өнөөдрөөс эхэлж байна. 2018 онд НӨАТ-ын төрлөөр төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ урьдчилсан байдлаар 730 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр и-баримтаа бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авах, азтан болох нь бидний амьдралын нэгэн хэмнэл болжээ. 2017 онд НӨАТ-ын буцаан олголтод 35.5 тэрбум төгрөгийг өгч байсан бол 2018 оны урьдчилсан байдлаар 78.1 тэрбум төгрөгийг олгохоор байна. Ийнхүү иргэдийн идэвх сэргэж, баримт олгодог байгууллагуудыг сонгон үйлчлүүлж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн идэвх, оролцоо хамгийн чухал. Дүнжингарав худалдааны төв жишиг төв болсноор иргэд ая тухтай газраар үйлчлүүлж, НӨАТ-ын баримтаа авах бүрэн боломжтой болж байна. Цаашид олон зах, худалдааны төвд энэхүү жишгийг нэвтрүүлнэ” хэмээлээ.

Мөн “Гэрэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат “Төр оршихуйн утга учир болсон татварын албаны ажил бол их нүсэр. Тиймээс энэ хариуцлагатай ажилд биднийг дэмжиж, хамтран ажилласан Татварын ерөнхий газар болон Нийслэлийн татварын газрын хамт олонд талархал илэрхийлье. “Гэрэгэ” аппликейшныг өнөөдөр бид үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар хоёр аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн. Нэг нь иргэдэд зориулсан бол нөгөө нь худалдаа эрхлэгчдэд зориулагдсан. Эдгээр аппликейшны тусламжтайгаар  НӨАТ-ын баримтыг шилжүүлэх, шивэх боломжтой. Тус апплейкишн нь иргэний үнэмлэхээр таньж, НӨАТ-ын сан руу нь бичилтийг хийх юм. Иргэдийн хувьд утсан дээрээ программ татаж суулгаснаар заавал татварын албанд очих шаардлагагүй болох юм” гэлээ. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн татварын газрын НӨАТ-ын ажлын баг, Татвар төлөгчидтэй харилцах хэлтэс болон Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Дашрамд дурьдахад, дээрх удирдамжийн дагуу Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар төлөгчдөд татварын хуулийг сайн дураар даган мөрдөх, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, сургалт сурталчилгаа хийх, үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчийн бүртгэл, ногдуулалтын эрсдэл тооцох, хяналт тавих, зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага тооцоход чиглэж ажиллах бөгөөд Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банк, “Гэрэгэ системс” ХХК зэрэг байгууллагатай хамтран хувь хүн, хуулийн этгээдийг системд холбох, баримт олгуулах ажлыг энэ сарын 08-наас 2019 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал хугацаанд хийхээр төлөвлөөд байна. Дүнжингарав худалдааны төв нь нийт 1000 гаруй  худалдаа үйлчилгээний цэгтэй бөгөөд 2018 оны 12 дугаар сар 14 өдрийн байдлаар 35 ААН, 385 иргэн нийт 1051 худалдаа үйлчилгээний цэгийг бүртгээд байна. Ингээд татвар төлөгч та бүхнийг татварын хуулиа мөрдөж ажиллахыг Татварын албанаас уриалж байна.


Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг
Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах, П.Батзаяа


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд “Жишиг худалдааны төв” өдөрлөгийг зохион байгууллаа  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй