Шууд Chart

Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа

2019-02-22 10:22:49

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай 2019 онд хамтарч ажиллах үр дүнгийн гэрээ байгуулав. Салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр байгуулсан уг гэрээг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2019 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор байгуулж байгаа юм.

Гэрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь манлайллын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын болон төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхийн тулд хууль, дүрэм журмыг мөрдөх, мэдлэг чадвараа дээшлүүлэх үүрэгтэй талаар заажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, манлайллын зорилтоо хэрэгжүүлэхэд нь аймгийн ХХААГ-ын даргад дэмжлэг туслалцаа үзүүлж, гэрээний биелэлтийг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна.

Хавсралтаар, тухайн аймгийн улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, худалдаа, хоол, үйлдвэрлэл, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, малын үржил, бүртгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, суурь түвшин, хүрэх үр дүн, төсөв тус тус тусгасан байна.

Ийнхүү гэрээний биелэлтийг энэ оны 12 дугаар сарын 25-ны дотор тайлагнаж, ирэх оны нэгдүгээр сарын 15-нд багтаан дүгнэх юм.


Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй