Шууд Chart

Манай улсад гадаадын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна

2019-07-24 11:11:23

Манай улсад 2019 оны 2 дугаар улирлын эцэст гадаадын 95 улсын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 3 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 90 (0.9хувь) хүнээр өсжээ. Харин өмнөх улирлаас 4 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 4.8 (97.0хувь) мянган хүнээр өсжээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.9 (91.6хувь) мянга нь эрэгтэй, 0.8 (8.4хувь)  мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын, 5.4 хувь нь Австрали Улсын, 3.0 хувь нь ОХУ-ын, 3.0 хувь нь БНСУ-ын, 2.6 хувь нь БНСВУ-ын, 2.4 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь Өмнөд Африк улсын, 1.8 хувь нь Канад улсын, 1.8 хувь нь Филиппин улсын, 1.5 хувь нь Их британи улсын, 9.6 хувь нь бусад улсын харьяат байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад ажил эрхэлж буй Австрали улсын иргэд 71 (16.9хувь), БНСВУ-ын иргэд 33 (15.4хувь), Канад улсын иргэд 10 (6.0хувь), Филиппин улсын иргэд 5 (2.9 хувь) хүнээр өсөж, харин АНУ-ын иргэд 20 (8.0 хувь), БНСУ-ын иргэд 23 (7.2хувь), БНХАУ-ын иргэд 187 (2.8хувь), ОХУ-ын иргэд 8 (2.7хувь) хүнээр тус тус буурчээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.3 хувь нь 20 хүртэлх насныхан байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4.0 (41.3 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.8 (28.5хувь) мянга нь Төвийн бүсэд, 1.7 (17.7хувь) мянга нь Зүүн бүсэд, 0.9 (9.3хувь) мянга нь Баруун бүсэд, 0.3 (3.2хувь) мянга нь Хангайн бүсэд ажиллаж байна.

Зураг 1. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэд, насны бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 2 дугаар улирлын эцэст

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4.7 (48.5хувь) мянга нь техникийн болон мэргэжлийн, 2.6 (27.1хувь) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.5 (15.1хувь) мянга нь бүрэн дунд, 0.5 (4.8хувь) мянга нь суурь, 0.4 (4.4хувь) мянга нь тусгай мэргэжлийн дунд, боловсролтой байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд хамгийн их буюу 3.1 (32.17хувь) мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 3 (0.03хувь) иргэд хөдөө аж ахуй, ой, загас агнуурын  мэргэшсэн ажилтан байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь авч үзэхэд хязгаарлагдмал хариуцлагатай компанид 8.4 (86.2хувь) мянга нь, үлдсэн нь буюу 1.3 (13.8хувь) мянга нь бусад байгууллагуудад ажиллаж байна.

Зураг 2. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд, ажил мэргэжлийн ангиллаар, 2019 оны 2 дугаар улирлын эцэст, дүнд эзлэх хувиар

Манай улсад 2019 оны 2 дугаар улирлын эцэст ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.2 (33.4хувь) мянга нь уул уурхай, олборлолтын, 1.9 (19.7хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 1.8 (18.2хувь) мянга нь барилгын, 917 (9.5хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 758 (7.8хувь)  нь боловсролын, 393 (4.0хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 196 (2.0хувь) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 116 (1.2хувь) нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 404 (4.2хувь) нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

Зураг 3. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, 2019 оны 2 дугаар улирлын эцэст, дүнд эзлэх хувиар

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

Ажил хайгч иргэн: Ажилгүй эсхүл ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж байгаа иргэнийг ойлгоно.

Бүртгэлтэй ажилгүй иргэд: Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөрийн хувийн биржид бүртгүүлсэн ажилгүй иргэдийг хамруулна.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Засгийн газраас тухай бүр батлан гаргадаг гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой тогтоол шийдвэрийн хүрээнд гадаад иргэдэд хөдөлмөр эрхлэх үйлчилгээг үзүүлдэг.

Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно.

Хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно.

Осолдогч гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэнийг ойлгоно.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн нэг ажилтан, иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нэг тохиолдол гэж үзнэ. Хэрвээ нэг осол, хордлогод нэгээс дээш тооны хүн өртсөн бол осолдогч тус бүрээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол гэж тооцно.

Бүлэг осол, хурц хордлого гэж нэг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 2, түүнээс дээш тооны ажилтан, иргэн өртөхийг ойлгоно.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэн нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллагад цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа хүмүүс юм.

Гадаад иргэдэд ажил эрхлэх үйлчилгээг “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах” тухай хууль, Засгийн газраас тухай бүр батлан гаргадаг гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой тогтоол шийдвэрийн хүрээнд үзүүлдэг. “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 15.1.4, 8, 9-р заалтын дагуу “HG”, “O” болон “SH” ангиллын визээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээ болон уригч талын хөдөлмөрийн гэрээгээр ирсэн гадаадын иргэдэд ажил эрхлэх зөвшөөрөл олгож байна.

  • “HG” ангиллын визээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээгээр ирж ажиллана.
  • “SH” ангиллын визээр шашны байгууллагын урилгаар (i) цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид, (ii) цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа гадаад иргэд хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллана.
  • “O” ангиллын визээр төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын урилгаар цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа гадаад иргэд хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллана.

Эх сурвалж: ҮСХ


Манай улсад гадаадын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй