Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал цахимаар болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцсэн бөгөөд журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Журмын гол зорилго нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршиж буй юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 88 хороонд хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж байгаа юм. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 43, Баянгол дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 20 байцаагч ажиллаж байна. Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарын жилийн цалинд 595 сая төгрөг зарцуулдаг.
Хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хууль, тогтоомжийг сурталчлах үүрэгтэй ч тэр бүр сургалтад хамрагддаггүй байна. Тиймээс иргэдэд хог хаягдлын талаар хангалттай ойлголт өгч чаддаггүй гэж байлаа. Мөн нийслэлийн дүүргүүдэд олон нийтийн байцаагч жигд ажилладаггүй учраас энэ ажил төдийлөн үр дүнтэй болохгүй байгаа аж. Түүнчлэн дүрэмт хувцас, ажлын үнэмлэх байхгүй тул тавьсан шаардлагыг иргэд хүлээж авдаггүй, цалин урамшуулал бага учраас тогтвортой ажилладаггүй зэрэг асуудал үүсдэг байна.
Тиймээс журмыг сайжруулж, Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажил үүргийг тодорхой болгож, өвөл, зуны дүрэмт хувцас, ажлын үнэмлэх, цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, бусад хууль, тогтоомжтой нийцүүлж журмын төсөл боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад журам гаргахаар болов.
Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилнэ | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.