Шууд Chart

Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн захирлуудын зөвлөл хуралдлаа

2021-06-11 16:23:12

Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ийн Захирлуудын зөвлөлийн 23 дахь удаагийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, тус зөвлөлийн гишүүн, нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын дэд дарга Д.Баярсайхан оролцлоо.

Энэ сарын 10-нд цахим хэлбэрээр болсон тус хурлаар 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэж хэлэлцэхийн зэрэгцээ цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зорилго зорилт зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын тэгш оролцоог хангах, чадавхийг бэхжүүлэх замаар санхүүгийн үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн зарчмуудыг стратеги төлөвлөгөөндөө шинэчлэн тусгав. Ингэснээр гишүүн байгууллагууд Нөлөөллийг сайжруулах (Enhance Impact), Хүртээмжийг нэмэгдүүлэх (Improve Delivery), Тогтвортой байдлыг бэхжүүлэх (Reinforce Sustainability) үндсэн тулгуур зарчмуудад үндэслэн техникийн туслалцааны төсөл хамтран хэрэгжүүлэх, бусад улс орны туршлагаас суралцах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзсэн юм.  

Хурлаар гишүүн байгууллагууд 2016 онд Фижигийн “Денарау тунхаг”-аар баталсан эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тэргүүлэх зорилтоо бататгаж, санхүүгийн харилцаан дахь хүйсийн тэгш оролцоог хангах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилго бүхий Хамтарсан мэдэгдэл гаргахаар боллоо.

Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/ нь 89 орны 100 гаруй санхүүгийн болон зохицуулагч байгууллагын гишүүнчлэлээс бүрдсэн дэлхийн санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч, олон улсын бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн захирлуудын зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй