Шууд Chart

Цус харвалтад давсны хэт их хэрэглээ нөлөөлдөг

2021-06-17 10:23:27

Жил бүр дэлхий дээр 15 сая хүн тархины цус харвалтын өвчнөөр өвдөж, гуравны нэг хувь нь нас бардаг гэсэн судалгааны дүн байдаг. Цус харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйлд та бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг давс багтдаг. Гэтэл монголчуудын давсны хэрэглээ дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Тархины цус харвалт нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Цусны даралт ихсэхэд илүүдэл жин, тамхидалт, хөдөлгөөний хомсдол, давс их хэмжээгээр хэрэглэх зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг байна. Дэлхий дээр нэг хүний давсны дундаж хэрэглээг 3 гр гэж тооцсон байдаг бол монголчууд үүнээс бараг гурав дахин илүү буюу 10 гр давс хэрэглэдэг байна.

Уг нь иргэд "Давс бол 3 цагаан хорын нэг тул хэрэглээгээ багасгах учиртай" гэдгийг мэддэг. Гэвч яг амьдрал дээр мэдсэнээ хэрэгжүүлж, давсны хэрэглээгээ бууруулаагүй тухай ярьж байна. 2014 онд тархины цус харвалтын хүнд оноштой 1000 өвчтөн 3-р эмнэлэгт ирдэг ч 200 нь амиа алддаг байна. Тиймээс хамгийн гол нь давсны хэрэглээгээ бууруулж, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх шаардлагатайг эмч нар сануулж байна.  

Тархины цусан хангамж алдагдсанаар харвалт үүсдэг. Цусан хангамжгүй болсон тархины эс гэмтэж, мөхөж эхэлдэг байна. Хүний биеийн хөдөлгөөн, хэл яриа, сэтгэн бодох чадварт нөлөөлж саатал үүсдэг. Тиймээс харвалт бол дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж байна.


Цус харвалтад давсны хэт их хэрэглээ нөлөөлдөг   
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй