Шууд Chart

Л.Ариунтуяа: Үерийн болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг шат дараатай солино

2021-09-28 10:53:17

Улаанбаатар хотын иргэдийн эд хөрөнгө, зам, дэд бүтцийг үерийн усанд автахаас сэргийлэх ажлыг Нийслэлийн “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг. Тодруулбал, тус байгууллага төвийн 6 дүүргийн авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387 шүүрт худаг, 3745 үзлэгийн худаг болон үерийн далан шуудууны цэвэрлэгээ, арчилгааг хариуцдаг юм. Тэгвэл тус газар үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиолоо. 

Ойн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, "Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар"-ын дарга М.Баяраа тэргүүтэй албаны хүмүүс оролцоо.

“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ нь энэ онд Долоон буудал, Баянбүрдийн тойрог, “Чингис” зочид буудал орчимд борооны ус дахин тогтохгүй байх инженерийн дэд бүтцийг шийдсэн амжилттай ажиллажээ. Өдгөө Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо, Зайсан орчмын иргэдийг тав тухтай орчинд амьдруулах, тухайн хэсэгт борооны ус тогтохгүй байх нөхцөл бүрдүүлэхээр бүтээн байгуулалт хийж байгаа юм. Ойн арга хэмжээний үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа энэ онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, шинэ санаачилга гарган ажиллана гэдгийг онцолсон. Тухайлбал, насжилт өндөртэй шугам сүлжээг шат дараатай солих, шинээр барилга, байшин ашиглалтад оруулахад хөрсний ус зайлуулах дэд бүтэц заавал хийдэг байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус байгууллагын техникийн хангамжийг нэмэгдүүлж, ажилтан, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллана гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Л.Ариунтуяа: Үерийн болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг шат дараатай солино  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй