Шууд Chart

Л.Чой-Иш: Нийслэлийн хэмжээнд 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2021-10-19 11:31:49

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш "Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн. Энэ зээлийн хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газар, 3 хувийг аж ахуйн нэгжүүд хариуцаж нөөцийн мах бэлтгэх арга хэмжээнд оролцож байна" гэж ярилаа.  

Түүнчлэн "Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх ажилд 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Нийтдээ 15 мянган тонн хүртэлх мах бэлтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3100 тонн махыг агуулахдаа татан авч бэлтгэсэн. 11-р сарын 15 гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн байх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьсан" гэсэн юм. 

"Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных, 10 хувь нь ямааных байх юм. Үнийн хувьд тогтвортой байлгахаар зохион байгуулалт хийн ажиллаж байна" гэв. 

Энэ жил өмнөх жилийнхээс бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлсэн нь борлуулах хугацааг уртасгах бодлого барьж байгаатай холбоотой аж. 

Орон нутгийн хувьд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг бүрт төв суурин газрынхаа хүн амын хэрэгцээнд зориулан 5500 тонн мах бэлтгэх даалгавар өгсөн байна.  

 
 

Л.Чой-Иш: Нийслэлийн хэмжээнд 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй