Шууд Chart

М.Ганцэцэг: Шүүх хуралдаанд оролцоод шүүгчийн талаар эерэг ойлголттой боллоо

2021-11-18 16:58:35

Шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Та Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн талаар ямар ойлголттой байдаг вэ.

-Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн талаар ойлголтгүй байлаа. Би оёдолчноор ажилладаг. Шүүхээр үйлчлүүлэх шаардлага төдийлөн гарч байгаагүй учраас шүүхийн ажил, шүүх хуралдаанд хэн яаж оролцдог зэргийг мэддэггүй байсан. Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох нь үүрэг гэж ойлгосон учраас  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон.

-Шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн оролцогчдын талаар ямар төсөөлөл авсан бэ?

-Шүүх хуралдааны явцад хэргийн талаар болон шүүгдэгч эмэгтэйн гаргасан үйлдлийг сонсоод сэтгэл маш их өвдсөн. Тэр эмэгтэйн нөхөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Бүсгүйн тэвчээр, тэсвэр алдагдаж, нөхөртөө хүнд гэмтэл учруулж, өөрөө гэмт яллагдаж шүүгдэж байгаа юм билээ. Хүн хүнээ хайрлах, халамжлах сэтгэлгүй амьдарч байгаа энэ нийгэмд хичээн олон хүмүүс хүчирхийлэл гэх зүйлд өртөж яваа бол гэж бодсон.

-Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?

-Шүүх байгууллага, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын талаар сөрөг мэдээлэл багагүй гардаг. Тэгтэл шүүх хуралдааны үйл явц маш нарийн, шүүгчид тал бүрээс нь харж шийдвэр гаргадаг юм байна. Шүүхийн шийдвэр гарах мөчид шүүгдэгч эмэгтэйн гэм бурууг олон талаас нь харж, мэдрэмжтэй шийдвэр гаргасанд шүүх бүрэлдэхүүнд маш их баярласан. Шүүх хуралд шүүгдэгчийн ширээний ард зогсох эмэгтэй 4 настай, 8 настай хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь өөрөө авна гэж ярьж зогсох нь өрөвдөлтэй байсан. Тэр эмэгтэй 5-12 жилийн хорих ял оногдуулах зүйл ангитай гэмт хэрэгт холбогдсон байсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалд үндэслэн зүйл ангийг нь өөрчилж, хөнгөн ял оноож, уг ялыг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулснаар тэр эмэгтэй хүүхдүүддээ очих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, шүүх танхимаас гараад 2 хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авах боломж бүрдсэн. Эх хүний хувиар шүүхийн шийдвэрийг сонсоод тэр бүсгүйн өмнөөс баярлаж, нулимс унагасан.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон нь танд сэтгэгдэл үлдээсэн болов уу?

-Шүүх, шүүгчдийн талаар эерэг ойлголттой болсон. Шүүхээр үйлчлүүлж байж л бодит байдлыг мэддэг юм байна. Мөн гэр бүл болж үр хүүхдээ төрүүлсэн бол бие биеэ битгий гомдоож, доромжилж, хүчирхийлэлд өртүүлээч гэдгийг залууст хэлмээр санагдсан. Бидний ирээдүй болсон үр хүүхэд ээж, аавын хайр халамжинд өсөх эрхтэй шүү дээ. Олон олон гэр бүл бат бэх байж үр хүүхдүүд нь инээд хөөртэй амьдраасай гэж ерөөе.

Тэсвэр хатуужлын ард, үнэн зөв шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүн болон нийт  шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар


М.Ганцэцэг: Шүүх хуралдаанд оролцоод шүүгчийн талаар эерэг ойлголттой боллоо  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй