Шууд Chart

Цэргийн багуудын ээлж хүлээлцэх ёслолын ажиллагаа боллоо

2021-11-30 14:20:55

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Х, ХI ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцэх ёслолын ажиллагааг 11 дүгээр сарын 26-ны өдөр Бентью хот, Хубилай баазад зохион байгууллаа.

Уг ёслол нь манай улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жилийн ойн баярын өдөр болсноороо онцлог бөгөөд энэ үеэр хурандаа О.Заяат захирагчтай XI ээлжийн мотобуудлагын батальонд НҮБ-ын далбаа болон Монгол Улсын Төрийн далбаа, цэргийн багийн захирагчийн тамгыг албан ёсоор хүлээлгэж өгсөн юм.

Ёслолын ажиллагаанд Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим, секторын Хүчний штабын нэгжийн дарга нар болон бусад албаны зочид оролцов.

Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим хэлсэн үгэндээ “Би энд Монгол Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан цэргийн багийн ээлж хүлээлцэх ёслолд ирээд байна. Монгол Улсын мотобуудлагын батальон нь үүргээ үлгэр жишээ гүйцэтгэсний зэрэгцээ иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Та бүхэн НҮБ-ын үнэт зүйлийг сурталчлах, орон нутгийн иргэдийг хамгаалах болон Юнити секторт амар тайван байдлыг тогтоохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргасныг өндрөөр үнэлж байна” хэмээн онцолсон.

Энэ үеэр мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатар “Эх орон, төр, ард түмнээ төлөөлөн Зэвсэгт хүчнийхээ өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг залгамжлан авч буй XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл болон ажиллагааны газар орон дээр ажил, үүргээ хүлээж авах явцад олж авсан туршлага, сургамжууд нь цаашдын үүрэг гүйцэтгэлт, хувь хүний хөгжил, цэргийн хэргийн мэдлэг, дадлагад ихээхэн түлхэц болно гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн юм. Мөн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа О.Заяат хэлсэн үгэндээ “Өмнөх ээлжийн цэргийн багийнхаа нийт бие бүрэлдэхүүний ололт амжилтыг улам бататгаж, бид бүхэн үүргээ амжилттай биелүүлэх болно” гэдгийг онцлоод  гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Цэргийн багуудын ээлж хүлээлцэх ёслолын ажиллагаа боллоо  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй