Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ

2021-11-30 15:17:50

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт-Ухаа 2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүний гэр бүл амьдарч байгааг НОСК-оос танилцуулж байлаа.

Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа таван хувийн квотыг хангаж буй үзүүлэлт юм байна. Гэхдээ цаана нь орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байна. Цаашид ашиглалтад орох 10 мянган айлын “Залуус” хороолол, таван мянган айлын “Солонго” хороолол, Ногоон нуур орчмын “1008” айлын орон сууц зэрэг нийт 20 мянга гаруй айлын орон сууцнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах юм.

Дээрх орон сууцаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлэх чиглэлийг БХБЯ-наас барьж байгааг хурлын үеэр танилцуулсан. Мөн өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн сууц барьж, ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах нөхцөлийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг мэдээллийг өглөө. Дээрх ажлуудын биелэлтийг идэвхжүүлж, хангах чиглэлийг Зөвлөлийн даргаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. 

Тус хуралдааны дараагаар БХБЯ-ны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийн хуралдаан болсон юм. Хуралдаанаар 12-р сарын 03-ны өдөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийж хэрэгжүүлж буй ажлуудын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламжийн хүртээмж, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээнд дараалал харгалзахгүй үйлчлүүлэх тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлын талаар мэдээлэл тавьж, хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартыг нэвтрүүлэх ажилд ахиц гарч байгааг зарим эмнэлэг, сургуулийн барилгаар жишээ болгон үзүүлж байлаа. Тухайлбал, 75-р дунд сургуулийн барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх норм стандартыг бүрэн хангаж ажиллажээ. Гэвч шалгалтын явцад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай барилгууд стандарт нормыг бүрэн хангаж ажиллахгүй байх зөрчлүүд гарчээ.

Дээрх зөрчлүүдийг арилгах, одоо мөрдөгдөж байгаа стандартыг нарийн баримталж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцны хүртээмжийг сайжруулах зэрэг асууудлын хүрээнд 2022 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах үүргийг зөвлөлийн дарга, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албаныханд үүрэг болголоо гэж БХБЯ-наас мэдээллээ. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй