Шууд Chart

НАТО ОХУ-д аюулгүй байдлын хэлэлцээрийг “дахин үргэлжүүлэхийг” санал болгожээ

2022-01-18 13:17:54

НАТО, ОХУ-д аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн уулзалт хийхийг дахин санал болгожээ. Одоогоор ОХУ-ын зүгээс тодорхой хариулт өгөөгүй хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт талууд  Европын аюулгүй байдлын асуудал болон НАТО-ийн эргэн тойронд өрнөж байгаа сэдвүүдийн дагуу хэлэлцээний ширээний ард суусан ч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Өнгөрсөн лхагва гарагт Брюссель хотноо НАТО-гийн гишүүн 30 орны төлөөлөгчидтэй ОХУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийсэн нь төдийлөн үр дүнг авчраагүй. Талууд зөрүүтэй байр суурийг илэрхийлсээр яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрээгүй юм. Тэгвэл НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Канадын CBC телевизийн сувагт ярилцлага өгөхдөө "Бид Европын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой сэдвүүд болон Украин,  түүний эргэн тойронд байгаа нөхцөл байдлын талаар цуврал уулзалт хийх саналыг дахин хүргүүллээ. 

ОХУ-тай хийх уулзалтуудын шинэ сэдэв нь зэвсгийн хяналт, цэргийн үйл ажиллагааны ил тод байдал, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ байна.  Мэдээж ОХУ-ын тал эдгээр саналд хариу өгөхөд тодорхой хугацаа хэрэгтэй. Бид ОХУ-аас хариу хүлээж байна гэж мэдэгдлээ. Харин тэрээр 1997 оноос хойш НАТО-д нэгдсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын нутаг дэвсгэрээс цэргээ татахгүй, эдгээр орнуудын нутаг дэвсгэрт НАТО-г  цаашид өргөжүүлэхээс татгалзаж, ОХУ-ын талд буулт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

"Мэдээж бид 1997 оноос хойш нэгдсэн орнуудад НАТО-гийн цэрэг байх ёсгүй гэдэгтэй санал нийлэхгүй. Хэрэв ОХУ-ын саналыг зөвшөөрвөл  манай гишүүдийн тал хувь нь НАТО-гийн хамгаалалтгүй үлдэх болно гэжээ. Харин Умард Атлантын гэрээний байгууллагатай зөрчилдсөний улмаас ОХУ Украины хилийн ойролцоох өөрийн нутаг дэвсгэрт цэргээ байрлуулна гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн дарга Дмитрий Песков ням гарагт мэдэгдлээ.

ОХУ-ын хилийн ойролцоо Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүч нэмэгдэж, сургуулилт хийж, сөнөөгч онгоц, тагнуулын онгоцоор нислэг үйлдэж байгаатай холбогдуулан ОХУ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. АНУ болон НАТО-той аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээ бүтэлгүйтсэн ч ОХУ цэргээ хөдөлгөх бодолгүй байна гэж тэрээр онцолжээ. Мөн талууд цаашид зөвшилцөлд хүрч чадахгүй бол ОХУ "сөрөг арга хэмжээ авахад бэлэн" байна.


НАТО ОХУ-д аюулгүй байдлын хэлэлцээрийг “дахин үргэлжүүлэхийг” санал болгожээ  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй